Н.Алтанхуяг баримтаа дэлгэхийг хүссэнгүй юу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүхийн шүүх хуралд өөрийн хүсэлтээр мэдүүлэг өгөхөөр болсон.

Ингэхдээ тэрбээр Л.Гансүх буруугүй хэмээн мэдэгдсэн бөгөөд түүнд холбоотой хэргийг зохиомол хэрэг гэсэн юм. Тодруулбал, Н.Алтанхуяг “Энэ зохиомол хэргийг бий болгосон хүмүүс өнөөдөр ирсэнгүй. Шинжээчийн дүгнэлт гарган, хохирол учирсан гэж дүгнэсэн Ичинхорлоо алга болчихсон гэнэ. Багануурын уурхай хохирсон гэж мэдүүлэг өгсөн хүн нь бас алга.  Эдгээр хүмүүс байхгүй учраас өнөөдөр шүүх хурал хойшилж байгаа юм байна. Гурван сэжигтнийг хорьсон нь Монгол шоронжсон нийгэм болсныг харууллаа. Дээр нь энэ хэрэг улс төрийн зорилготой. 

Хөтөлбөрийн үр дүн бэлээхэн байхад хэрэг өдүүлсэн нь Н.Алтанхуягийн, Шинэчлэлийн засгийн газрын нэр хүндийг унагаах зорилготой. Хоёр жил ажиллахад миний чих их халууцсан даа. Бид чөмгөө дундартал зүтгэсэн. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд суулгасан. Миний охин, миний эргэн тойронд байгаа бүх хүнд хэрэг үүсгэсэн. Би анхнаасаа нам дагнасан бүлэглэлд үйлчлэхгүй гэсэн нь ийм уршиг дагууллаа. 25-27 насны гурван залууг зургаан сар хорьчихоод энэ хэрэгт огт холбогдолгүй юм байна гээд сулласан. Гэтэл дахин татварын хэрэг үүсгэсэн. Надад ч баримт бий. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй” хэмээн мэдэгдсэн. 
    Гэсэн хэдий ч шүүх хурал хойшилсон юм. Улмаар дээрх шүүх хурал өчигдөр болсон ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирсэнгүй. Ямартай ч Л.Гансүх нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, хуралд оролцоогүй юм. Тэд шүүх бүрэлдэхүүнээс татгазлаж буй шалтгаанаа “Үндсэн хуулийн 16-р зүйл заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заасан хэсэгт Монгол Улсын иргэн аливаа хэргийг шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Шударга шүүхэд эргэлзээ төрүүлэх бодитой нөхцөлүүд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр бий болсон. 
Тодруулбал: 
Нэгдүгээрт, Л.Гансүхийг тус дүүргийн шүүхээс цагдан хорьж хууль зөрчсөн. 
Хоёрдугаарт, Шүүх хуралдаан гурван удаа хойшлоход шүүх бүрэлдэхүүн хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөлөөр шийддэг. 
Гуравдугаарт, Шүүгч Х.Идэрийн ах Х.Тамир хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа энэ үед Х.Идэр шүүгч энэ ашиг сонирхлын зөрчилтэй хэргийг шүүхээс өөрийн саналаар татгалзах ёстой. 
Иймээс Шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт гадны нөлөөтэйгээр оролцож байгаа. Х.Идэр шүүгчээр хэргийг шийдүүлмээргүй байна. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз дээ. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь энэ хэргийг хуваарилж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. 
Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь бид энэ шүүх бүрэлдэхүүнээс  татгалзаж байна” хэмээн тайлбарласан. Ийнхүү өмгөөлөгчдийг бичгээр хүсэлтээ өгөхийг хүлээж шүүх хурал завсарласны эцэст таван цагийн дараа үргэлжилж, шүүх хурлыг энэ 15-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан. Ямартай ч бүтэн өдөржин үргэлжилсэн шүүх хуралд Н.Алтанхуяг харагдсангүй. Тэрбээр энэ удаа баримтаа дэлгэсэнгүй. Ямартай ч энэ сарын 15-нд товлогдсон дараагийн шүүх хурлыг хүлээхээр шийдсэн бололтой 

  

Г.НАРАН 

 

Эх сурвалж http://www.info.mn