Өршөөлийн хуулийн авлига, албан тушаалын хэрэгт холбоотой заалтад багтаж байгаа хүмүүсийн нэрсийг ил болгох уу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн.

Гэсэн хэдий ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх асуудалд ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Тэгвэл завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа билээ. УИХ-ын дарга З.Энхболд “Завсарлагын хугацаа дуусахаар ээлжит бус чуулган зарлана” хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийн байдлаар энэ асуудал яригдаагүй байна. хоригийг хэлэлцэх хугацаа ирэх долоо хоног хүртэл хойшилсон юм. 

Ингэснээр завсарлага дууссаны дараа дахин ээлжит бус чуулган зарлахаар болсон билээ. АН, МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдсэн. УИХ дахь АН, МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахаа мэдэгдсэн бол “Шударга ёс” эвслийн бүлэг хүлээж авахаас татгалзсан. Энэ ч үүднээсээ авлига, албан тушаалын хэрэгт холбоотой заалтад багтаж байгаа хүмүүсийн нэрсийг ил болгохыг хуралдааны үед АТГ-аас шаардсан юм. Гэвч нэрсийг хэлэх боломжгүй гэснээр тус эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Тухайн үед тэдний завсарлагыг бусад бүлгийн гишүүд эсэргүүцэж, хоригийг хүлээж аваад хурдан хэлэлцэх ёстой гэдэг горимын санал гаргасан юм. 

Мөн Н.Батбаяр гишүүн хаалттай хэлэлцсэн Өршөөлийн хуулийн талаарх хуралдааны бичлэгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй гэсэн санал ч гаргаад амжсан. Мөн УИХ-ын дарга З.Энхболд хоригийн 4.1 болон 7-р зүйлийг бүхэлд нь хүлээж аваад, дараа нь нэг мөр Эрүүгийн хуультайгаа хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн санал гаргаж, гишүүдийн дунд маргаан үүссэн юм. Энэ мэт олон гишүүн горимын санал гаргасан ч эвслийн бүлгийн тав хоногийн завсарлагыг хүлээн авснаар хуралдаан өндөрлөсөн. 

Тэгвэл өнөөдөр эвслийн бүлэг шийдвэрээ танилцуулах ёстой. Ямартай ч эвслийн бүлгийг Н.Энхбаярыг өршөөлд хамруулахаар шантааж хийж байна гэж нөгөө хэсэг нь харж байгаа. Улмаар үүгээр шалтаглаж хоригийг хүлээн авахаас татгалзаж байна ч гэж үзэж байгаа билээ. Гэсэн хэдий ч авлига, албан тушаалын хэрэгт холбоотой хүмүүсийн нэрийг ил болгох нь зүйтэй гэж үзэх хэсэг ч байгаа юм. Ямартай ч энэ долоо хоногт ээлжит бус чуулган зарлагдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх биз ээ. 

 


Г.НАРАН 

 

Эх сурвалж http://www.info.mn