Долдугаар сарын 9-ний өдөр “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Уг тогтоолоор Халх голыг гаднынханд эзэмшүүлэх, газар тариалан эрхлэх 500 мянган га газрыг шилжүүлэх нөхцөл үүссэн гэдгийг  эх сурвалжууд мэдээлж байгаа.  Уг асуудлыг шалгуулахаар нутгийн ард түмэн АТГ болон ТЕГ-т хандаад байгаа бөгөөд эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байгаа талаар бид мэдээлсэн.  Энэ асуудлын талаар Монголын хуульчдийн холбоон гишүүн, өмгөөлөгч  Ч.Эрдэнэбаттай ярилцлаа.

- Халх голд чөлөөт бүс байгуулахыг байгуулахыг эсэргүүцэж байгаа шалтгаанаар ярилцлагаа эхлүүлье?

-  Би Дорнод аймгийн харьяат.  2015-07-09-ны өдөр батлагдсан УИХ-ын 75-р тогтоолыг бид 2015 оны 08-р сарын аравдаар  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхлэхэд нь мэдсэн. Мэдээлэлд ойр байгаа бид энэ асуудлыг сарын дараа мэдэж байгаа нь Халх голд чөлөөт бүс байгуулах ажлын талаарх мэдээлэл нууцлагдмал байжээ гэсэн хардлага төрүүлж байна. Тиймээс УИХ-ын 75-р тогтоол нь Үндсэн хууль болон Монгол улсын бусад хуулийг зөрчиж байна гэж үзэн, хуульч, өмгөөлөгчидтэй ярилцсаны үндсэн дээр Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа.

Нөгөө талаас Монгол улсын тусгаар тогтнолын асуудал хөндөгдөж болзошгүй гэж үзэж байгаа. Билэгдлийн хувьд Монголчуудын хувьд наран ургах зүгээ хүндэлдэг. Мөн олон дайн тулааны ул мөр тэнд үлдсэн, өнөөдрийг хүртэл нутгийн хүмүүсийн болон газрынх нь шарх аниагүй байна. Соёлын дурсгалтай газарт чөлөөт бүс байгуулах энэ ажлын хууль, эрх зүйн уялдаатай байх чанарыг нь  харахаар ойлгомжгүй байгаа. Тиймээс эрх бүх албан тушаалтнуудад хандахаар хэдэн хүмүүс сонгуульд өрсөлдөх гэж байна гэх мэтээр иргэний нэр төрд халдах замаар өөрийнхөө шийдвэрийг зөвтгөх замаар хамгаалж  байгаад харамсч байна.

- Та бүхнийг амбиц хөөж эсэргүүцэж байгаа гэдгийг Р.Бурмаа сайд  удаа дараа хэлсэн?

-   Миний хувьд өмгөөлөгч хүн. Надад тэнд өрсөлдөх шалтгаан алга. Бидэнд  алдар хүнд хөөцөлдөх шаардлага байхгүй. Би дээр хэлсэн үндэсний эрх ашгийн асуудал хөндөгдөх магадлалтай болохоор итгэл үнэмшлийнхээ дагуу үзэл бодлоо илэрхийлж байна.

2015.09.11-15-ны өдрүүдэд өмгөөлөгч Г.Батбаяр, нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар,  нутгийн иргэн Гармаа бид нар  Халх голд очсон. Д.Цогтбатаар нутаг усныхаа төлөө явж байгаа.  Нутаг усныхаа төлөө улс төржилтгүйгээр хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байсан, үүнийг ташаа ойлгож байна. Гэтэл бид Үндсэн хуулийн дагуу итгэл үнэмшилтэй, үг хэлэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу бид үг хэлж, итгэл үнэмшлээрээ чөлөөт бүс байгуулах нь ашиггүй гэхэд, Р.Бурмаа сайд ашигтай гэж ярьж байна. Бидний хувьд энэ талаар бодитой мэдээлэлтэй болох гэж сум орон нутагт очсон. Халх гол сумын Ялалт баг, Загасчдын тосгон багийн 80 гаруй хүнтэй уулзсан. Тэнд 260 өрхийн 980 иргэн 19 000 гаруй мал маллан амьдарч байна.

Таван малчны өвөлжих, хаваржих нь таван сая хүний эрх ашгаас дээр байх ёсгүй гэж хэлж байна. Магадгүй тийм байх. Гэхдээ энгүй их талыг эзэнтэй байлгаж байгаа хүмүүс нь тэд шүү дээ. Тэд байхгүй бол хэн дуртай нь тэнд дураара дургиж, дунд чөмгөөрөө жиргэх болно. Төдийгөөс өдий хүртэл манаад,  хэдийгээр буу бариад зогсоогүй ч тухайн бүс нутаг эзэнтэй шүү гэдгийг мэдрүүлэн аж төрж байхад  “ашигтай” гэсэн үгээр тайлбарлаад асуудлыг шийдэж болохгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

- Тухайлбал?

- 80 настай буурай ярьж байна л даа. Би нутагтаа 50 жил амьдарлаа. Би насаа бодоод нутгаа орхиод Улаанбаатарт очиж амьдармаар байна. Би энэ нутгаас явчихбал хэн харах юм бэ? Гэж байна. Өөрөөр хэлбэл би энд байгаа нь нутаг усаа хамгаалж байгаа гэсэн ухамсар суусан байна. Иргэдийн сэтгэл зүй ийм байхад 75-р тогтоолыг гаргахдаа үүнийг судлаагүй. Үүнээс иргэдийн итгэл үнэмшилтэй байх, дуу хоолойгоо илэрхийлэх Үндсэн хуулийн зарчим алдагдсан гэж үзэж болохоор байна.

Хоёрт, Үндсэн хуулийн 6.1-д “Газар гагцхүү ард түмний мэдэлд байна” гэж заасан. Хэрвээ үнэхээр ард түмний мэдэлд юм бол ард түмэн өмчлөгч гэсэн үг. Тэгэхээр төр өөрөө өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхдээ, орон нутгийн иргэдээс асуух улс төрийн соёл, эрх зүйн боловсролтой байх ёстой. Ашигтай гэж ярьж байгаагаас, ашигтай гэдгээ нотлохгүй байгаа.

 - Олон улсад газар булаах гэмт хэрэг их гарах болсон. Халх голын чөлөөт бүсийг байгуулснаар  гаднынхан авах гэж байна гэсэн хардлага байгаа?

- Өнөөдөр маргааш эдийн засгийн ашигтай байж болно. Яг өөрийн чинь асуусан шиг  ланд крафт буюу газар булаалтын хэрэг болчих вий гэж гэсэн болгоомжлол бий. Өөрөөр хэлбэл эдийн засгийн ашигтай байсан ч улс орон газар нутгаа алдвал мянга ашигтай байгаад дэмий.

Тухайлбал, Өмнөд Солонгос улс газар нутгийнхаа 17 хувьд тариалан эрхэлдэг. Энэ нь хүнсний дөрвөн хувийг л хангадаг. Үлдсэн 96 хувийг бүрдүүлэхийн тулд Бразил зэрэг улсуудад газар түрээсэлдэг. Тус улсын хувьд гадаадаас хүнс оруулж ирснээс өөр улсуудад газар түрээслэн ногоо тариад Солонгостоо оруулж ирэх нь 25-40 хувийн ашигтай гэсэн судалгаа байна. Тиймээс  газрыг авах гэж байна гэсэн хардлага байгаа.

- НҮБ хөгжингүй улсад бүс байгуулахыг хэрхэн тайлбарлаж, сэрэмжлүүлж  байна вэ?

- НҮБ-ын хүнс, ХАА-н чиглэлийн байгууллагууд тайлбар өгдөг. Тодруулбал, газар нутаг багатай орнууд өөр улсад газар түрээслэх маягаар ашигладаг. Гэхдээ 1000м2 болон түүнээс дээшхи хэмжээтэй газрыг түрээслэх нь газар булаалтын хэрэг гэсэн үг гэдгийг тайлбарладаг. Өөрөөр хэлбэл шинэ, соёлтой аргаар газар булааж байна гэсэн үг. Энэ нь өөрөө газар тариалангийн булаалт гэсэн нэршилтэй байдаг.

- КОЙКА олон улсын байгууллагад уг газрыг “бэлэглэх”  гэж байна гэсэн хардлага байгаа?

- 2011 онд Солонгосын КОЙКА гэх компани Дорнод аймгийн засаг даргын орлогч н.Дамдинбазар гэх хүнтэй 30 000 га газрыг ашиглах гэрээ хэлцэл хийсэн гэх мэдээлэл байдаг. Удаа дараа Солонгос байгууллагын нэр дуулддаг.

Хардах өөр шалтгаан бол, 200  га газарт усжуулалтын системтэй хөдөө АА-н загвар байгуулж байна гэдэг. Бид очиж харсан. Хэдэн хүлэмжид огурци, помидор тарьж байна лээ. Гэтэл агрономичид Халх голд усжуулалттай тариалан эрхлэх юм бол хөрсний алдагдалд орно гэдгийг хэлж байна. Халх голын шим хөрс нь 40-70 см. Ийм газарт усжуулалттай системээр тариалан эрхэлбэл газрын шимтэй байдлыг алдуулах эрсдэлтэй. Хэрвээ хөрс арилжаалах буюу шимтэй хөрсийг нь ашиглачхаад явчихдаг хэргийн хохирогч болбол яах уу? Ийм зохицуулалт байхгүй байна.

-  Халх гол чөлөөт бүс байгуулбал Хонг-Конг шиг хөгжнө гэж харьцуулан хэлж байсан?

-  Хонг-Конгтой харьцуулах нь буруу. Ялгаатай л даа. Хонг-Конт байгуулсан чөлөөт бүст хүмүүс нь, хот нь  байгаа. Хот нь өөрөө чөлөөт бүс болчихсон бөгөөд үүнийг байгуулахдаа тухайн иргэдийн амьдрал болон соёлд нь халдаагүй. Эзгүй хээр талд чөлөөт бүс байгуулаагүй. Мөн олон улсын эрх зүйн харилцаагаар зохицуулалт хийж өгсөн.

- Чөлөөт бүсийг гадаадын компанид өгөхгүй гэдгийг Р.Бурмаа сайд хэлдэг?

- Тийм. Р.Бурмаа сайд сөөм газрыг ч өгөөгүй, өгөхгүй гэж ярьж байгаа. Гэтэл газрын тухай хуулинд газрыг өмчлүүлнэ, эзэмшүүлнэ, ашиглана  гурван боломж байгаа. Газрын тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулалттай компанид газрыг зөвхөн ашиглуулдаг. Хэрвээ гадаадын компани чөлөөт бүсэд газар ашиглаад эхэлбэл чөлөөт бүсийн захирагч ашиглуулах хугацааг сунгах эсэхийг шийднэ. Энэ нь өөр харилцаагаар зохицуулагдаад эхэлнэ. Нэгэнт хөрөнгө оруулалт хийгдвэл гадаадын компани  газрыг ашиглаад эхэлж, олон улсын харилцаа үүснэ. Би үүнийг удаа дараа хэлж байгаа. Тэгэхээр тухайн газар нутагт байгаа иргэдийн амь нас, аюулгүй байдал олон улсын харилцаагаар зохицуулагдана.

- Тухайн газар нутагт хөрөнгө оруулалт хийгдсэнээр бүтээн байгуулалт хийгдэнэ?

- Тухайн бүсэд барилга барина, САА байгуулна гэж ярьж байгаа. Гэхдээ энэ нь Монголын хөрөнгө болж үлдэхгүй. Гадаадын иргэний хөрөнгө хэвээрээ байна. Энэ мэтчилэнгээр үр дагаврыг бодох хэрэгтэй байна.

- Дорнод аймгийн Засаг дарга энэ асуудалд ямар байр суурьтай байдаг юм бол?

-  Байр сууриа илэрхийлдэггүй юм билээ. Өчигдөр нутгийн иргэдтэй уулзсан гэсэн. Юу гэж ярьсан, ямар байр суурьтай байгааг одоогоор мэдээгүй байна.

- Тогтоолын төсөлтэй холбоотой ямар эргэлзээ, хардлага байна вэ?

- Тогтоолын төслийг байнгын хороо болон УИХ, Засгийн газрын хуралдаанаар шийдсэн гэж байгаа. Яагаад энэ талаар олон нийтэд мэдээлээгүй юм бэ? Улсын нууц биш гэж байгаа ч яагаад өнөөдөр тухайн хуралдааны бичлэгүүдийг ил болгохгүй байна вэ? Дэлгэхгүй байгаа болохоор иргэд мэдлэг мэдээлэлгүй байна. Үүний улмаас эргэлзээ хардлага төрж байна. Тийм болохоор л хуулийн дагуу төрийн байгууллагуудад хандаж байгаа. Хэрвээ мэдээлэл өгвөл бидний буруу ойлгосон зүйл байвал уучлалт гуйхад бэлэн. Тэгтэл өнөөдөр нэг ч удаа Р.Бурмаа сайд ийм ийм зүйл дээр буруу ойлгоод байна гэж мэдээлэл өгөөгүй. Шаардлагатай бол бид мэтгэлцэхэд ч бэлэн байна. Магадгүй  олон хувьсагчтай байсныг нь бид мэдэхгүй байгаа бол түүнийг нь Р.Бурмаа сайд үүнийг тайлбарлах хэрэгтэй шүү дээ.  Өнөөдөр ерөнхий мэдээлэл хэлж байгаагаас дэлгэрэнгүй мэдээлэл огт өгөхгүй, ойлгомжгүй байдал үүсээд байна. Ядаж л мөнгөн урсгал аль болох том зах зээлээ дагаад гадагшаа урсах магадлалтай,

- 75-р тогтоол ямар хуулийг зөрчиж байгаа талаар тайлбарлавал?

- Газрын тухай хуулийн 31.3-д газар давхардах ёсгүй байдаг. Гэтэл тухайн газарт малчдын бэлчээр давхардаж байна.

Монгол улсын иргэн  газар нутаг дээрээ чөлөөтэй орж гарах эрхтэй гэж заасан байгаа. Харин тус бүс нутагт чөлөөт бүс байгуулагдвал хорио цээрийн бүс байгуулагдах учраас Монгол иргэдийн энэ эрх зөрчигдөх гэж байна.

Монгол улсын иргэн өөрийн амьдрах газраа сонгох эрх нь чөлөөт бүс байгуулагдсанаар зөрчигдөж байна. Энэ мэтээр олон жишээг хэлж болно.

Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Магадгүй миний асуугаагүй таны хэлье гэж бодож байсан санаануудаар байгаа байх. Тэрхүү санаагаар ярилцлагаа өндөрлүүлье.

- 1937-д онд Маршал Чойбалсан Монголчуудаа авч үлдэхийн тулд 30 000 гаруйг нь алуулж байж авч үлдсэн гэдгийг хэлдэг. Үүн шиг чөлөөт бүс байгуулах зайлшгүй бодит шалтгаан, шаардлага алга.

Дэлхий дээр 200 гаруй улс байна. Түүний 93 улс нь 500 000 га газраас бага нутагтай юм байна. Монгол улсын газар тариалан эрхэлж байгаа нийт талбайгаас 2-3 дахин том газар гэдгийг эх сурвалжууд хэлж байна.  Тэгэхээр талбайн хэмжээг бодох ёстой.

Олон улсад хамгийн үржил шимгүй газрууддаа чөлөөт бүс байгуулдаг юм байна. Элсэн дээр нь очиж ногоо тариулаад, харилцан ашигтай байдлаар ил тод ажилладаг. Үүн шиг ашигтай гэдгээ батлах ёстой. Тодорхой тоо зааж, юу юу барьж байгуулахыг мэдээлэхгүй байна. Ил болгоосой.

Чөлөөт бүс байгуулах эсэхэд нутгийн иргэдээс санал асууж, мэдээллээ ид тодоор олон нийтэд мэдээлж үйл ойлголцлыг арилгах шаардлага байна.