Ерөнхийлөгчийн хориг Ч.Сайханбилэгийн огцрох эсэхийг шийдэх үү

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг эцэслэн хэлэлцэгдэлгүйгээр ээлжит бус чуулган завсарласан. Тодруулбал, УИХ ээлжит бус чуулганаараа Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлалгүй завсарласан юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнгөрсөн баасан гарагт хоёронтоо зарлагдахад ирц бүрдээгүйгээс энэ асуудал гацсан. Дээрх үйлдэл санаатай, санаандгүй аль нь болохыг мэдэхгүй ч ирэх 10 дугаар сард намрын чуулган нээлт хийх үеэр энэ асуудал нэг тийш болох бололтой. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн хориг Ч.Сайханбилэгийг суудалдаа үлдэх эсэхэд нөлөөлөх тухай бор шувуу нисээд эхэлжээ. Учир нь 2014 оны 11 дүгээр сарын 21-нд  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг томилогдох үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга "Би Ч.Сайханбилэгийг дэмжихгүй байгаа. Нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ. АН-ын ҮЗХ төрийн дээр болж байгааг энэ явдал харуулж байна. Нөгөөтэйгүүр өнөөдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн гурван гишүүн бүгдээрээ АНУ-д төгссөн, неолиберализмийн төлөөлөгчид болчихоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  зургаан жил УИХ-д тайлангаа тавьсангүй. Ц.Элбэгдорж Үндсэн Хууль, УИХ руу алхам тутамдаа нулимж байгааг харахад хүнд байна. Мөн таны найз С.Баярцогт та хоёр Оюутолгойн асуудлыг шийдэх зорилготой томилогдож байгаа юм уу гэж их айж байна. Ч.Сайханбилэг та томилогдох нь томилогдох бололтой. Гэхдээ та аль хэдийн ялагдчихаад томилогдож байна. Оюутолгойн луйврыг үргэлжлүүлнэ гэвэл би өөрөө огцруулах санал гаргана” хэмээж байсан. 

Тиймдээ ч Г.Уянга гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барихаар болж, гарын үсэг цуглуулж эхэлснээ зарласан. Түүний санаачилгыг дэмжиж нийт хэдэн гишүүн гарын үсэг зурсан эсэхийг Г.Уянга гишүүн нууцалж байсан ч өдгөө нийт найман гишүүн гарын үсэг зураад байгаа гэнэ. Тухайлбал,  хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан байна. Одоогийн байдлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Р.Амаржаргал нар гарын үсэг зураад байгаа аж. 

Улмаар нийт 19 гишүүн гарын үсэг зурвал уг тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх эрх зүйн боломжтой болох юм. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа удаашралтай явагдаж байгаа ч Ерөнхий сайд нэг л удаа хазгай гишгэвэл огцруулах асуудал гэрлийн хурдаар явагдаж магадгүй гэсэн үг. Тэгвэл дээрх огцруулах бичигт гарын үсэг зурагсдын нэлээд хэсэг нь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл болон бие даагчид байгаа юм. Гэсэн хэдий ч Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг бүрэн утгаараа хэрэгжих эсэхээс шалтгаалж МАХН-МҮАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж магадгүй гэлцэж байна. 

Эвслийн бүлэг Ерөнхийлөгчийн хоригийн тухайд ихэд нухацтай хандаж байгаа бөгөөд энэ асуудалд завсарлага хүртэл авсан. Тэгэхээр намын даргаа өршөөлд хамруулахын тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газраар бойкот хийж магадгүй байдал үүсээд байна. Ямартай ч ирэх сард намрын чуулганаар Ерөнхийлөгчийн хориг батлагдвал Ч.Сайханбилэг суудлаасаа буух бололтой. 


 


Г.НАРАН 

 

Эх сурвалж http://www.info.mn