Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өмнө нь байгаагүйгээр хямдарч байгаа ч манай улсад шатахууны үнийг буулгах талаар ямар ч яриа өрнөхгүй байна. Тэр бүү хэл, салбарын сайд нь “Шатахууны үнийг буулгах нь яамны биш шатахуун импортлогчдын мэдэх асуудал” хэмээж буй. Угтаа үнэ тогтоодог газар нь Засгийн газар тэр дундаа салбар хариуцсан яам байх учиртай. Ямартай ч бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр энэ сарын эхээр шатахууны үнийг буулгахыг Засгийн газраас шаардаж, Р.Жигжид сайдад асуулга тавьсан юм. 
 


-Та бүлгийн дарга С.Бямбацогтын хамт шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьсан. Энэ асуудал юу болсон бэ, та бүхэнд албан ёсны хариулт өгөв үү?
 

 -Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд өнөөдрийн байдлаар гурав дахин уначихлаа. Түүхий газрын тосны үнэ 120 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 40 ам.доллар болтлоо буурсан байна. Цаашдаа ч ерөнхий төлөвийг харахад 30 ам.доллар орчим болтлоо унахаар байна. Гэтэл бид 120 ам.доллар байсан үеийнх нь үнээр шатахуунаа борлуулаад байна шүү дээ. Энэ нэмэгдэлтэй үнийг хэрэглэгч, бизнес эрхлэгчид төдийгүй монголын ард түмэн хэрэглэж байна. Монголын нүүрс өрсөлдөж чадахаа больж эхэлж байна. Уулын бая жуулах Эрдэнэт үйлдвэр өнөөдөр алдагдалд орж эхэллээ. Эрчим, хүч, дулаанаас гадна сургалтын төлбөрийн үнэ өсч байна. Цаашлаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр байна. Энэ бүхэн эргээд хамгийн суурь зардал бол сон өртгийг тодорхойлж байгаа шатахууны үнэ маш өндөр байгаатай шууд холбоотой.
 

-Тэгэхээр шатахууны үнийг бууруулах ямар боломж байна вэ? 
 

-Манай улсад шатахууны үнэ өндөр байгаа нь Засгийн газар онцгой албан татвараа өндрөөр тогтоож авч байгаатай шууд холбоотой Өнөөдөр түүхэн үе ирж, боломж гарч байна. Шатахууны үнэ хамгийн бага төвшиндөө унаад ирсэн үед Монгол Улс үнэ чөлөөлмөөр байна. Бид олон жил ярьж ирсэн. Эрчим хүч, дулааны үнийг чөлөөлчихмөөр байна. Ер нь Монгол Улсад төрөөс тогтоож байсан бүх үнийг чөлөөлөх түүхэн бололцоо бүрдлээ. Яагаад гэвэл шатахууны үнэ хамгийн бага төвшиндөө ирчихээд байгаа үед үнийг чөлөөлчихвөл эдийн засагт маш том дэмжлэг болно. Өнөөдөр шатахууны үнийг чөлөөлөх зайлшгүй шаардлага байна. Онцгой албан татвараа авахгүй, татваргүй болгоно гэсэн үг шүү дээ, нэг талдаа. Харин нөгөө талдаа цахилгаан, дулаан болон төрөөс зохицуулж байсан бүх үнийг чөлөөлчихвөл Монгол Улсын эдийн засагт сая нэг амьсгаа авах боломж бүрдэх гээд байгаа юм. Цаашдаа ч шатахууны үнэ өсөхгүй. Шатахууны үнийг чөлөөлөөд зах зээлд оруулаад ирвэл өнөөдөр ард түмний төлж байгаа цахилгаан, дулааны үнэ бүгд доошилно. Өсөх биш унаж доошилж байгаа үеийг нь эвтэйхэн ашиглаж, үнэ чөлөөлөх бололцоо бүрдэж байна л даа. Нэгэнт бид цалингаа нэмж чадахгүй, тэтгэврээ тавьж чадахгүй, эдийн засагт бодитой дэмжлэгүүдийг үзүүлж чадахгүй байна. Ийм үед Засгийн газар татвараа төвлөрүүлчихээд буцаагаад үр ашиггүй зарцуулж байна. Ялангуяа сонгууль дөхөж байгаа үетэй холбогдуулаад хэт улс төржсөн, буруу шийдвэр, хөрөнгөө буруу зүйлд зарцуулдаг байдал бий болж эхэлж байна. Энэ үед Засгийн газар шатахууны үнэд ногдож байгаа онцгой албан татварыг тэглэчихсэн нөхцөлд Монголд цахилгаан, дулаанаас авахуулаад талх гурил, сургалтын төлбөр гээд бүгд хямдрах бололцоотой. Өнөөх хүндрээд байгаа уул уурхайн салбар чинь ч өрсөлдөх бололцоотой болно. Ерөөсөө уул уурхайгаас авахуулаад бүх зүйлийн суурь зардал нь шатахуун шүү дээ. Түүнийг дэлхийн зах зээлийн үнээр аваад борлуулбал үйлдвэр, үйлчилгээний газрууд, иргэд хэрэглэгчид гээд ерөөсөө Монголын гурван сая иргэний амьдралд нөлөөлөхүйц бодитой шийдвэр болох гээд байна. Түүнээс цалин нэмэх асуудлыг тавиад шийдлээ гэхэд хэсэг бүлэг хүнд л хамаатай шийдвэр болдог. Нийтийг хамарч чаддаггүй. Тэр бүү хэл, цалингаа нэмүүлж чадаагүй хэсэгт, нэмүүл- сэн хүмүүсийн цалингийн нэмэг дэл өөрөө дарамт болж ирдэг. Ингэж хэт цөөнхөд хүрсэн бод лого гаргаад байдаг. Үүний оронд засаг татвараа татаж төв лөрүүлчихээд тараахын оронд шатахуунд ногдож байгаа онцгой албан татварыг чөлөөлчихвөл энэ нь Монголын гурван сая иргэнд хүртээмжтэй тусах юм. Амьдралд нь наалдахуйц, бодитой мэдрэгдэхүйц байхаас гадна энэ эдийн засгийн хүндрэлийг давахад тус болох бодит алхам болох юм.

 

-Салбар яамны зүгээс хэлэхдээ “Бид биш шатахуун импортлогч компаниуд үнийг өсгөх, буулгахаа мэддэг” гээд байгаа шүү дээ. Улс татвараа авч байгаа гэдэг тайлбараар хаацайлаад Засгийн газар хэдэн компанийн аманд ороод барьцаалагдсан байгаа нь ямар учиртай юм бэ?

 

-Энэ бол шатахуун импортолж байгаа хэдхэн компанийн асуудал биш шүү дээ. Гол үнийг Засгийн газар бий болгодог. Засгийн газар шатахуун, нефть бүтээгдэхүүний үнэд онцгой албан татвар тавих эрхээ өөрөө хэрэгжүүлдэг юм. УИХ тэр эрхээ Засгийн газарт өгчихсөн. Гэтэл өнөөдөр Засгийн газар шатахуун дээр 100 илүү хувийг онцгой татвараар ногдуулж байгаа. Тэр зохиомол өндөр өсөлтийг Засгийн газар өөрөө бий болгож, үнийг барьж байна. Түүнээс шатахуун импортолж байгаа аж ахуйн нэгжүүд үнийн хөөрөгдөл бий болгоогүй юм шүү дээ. Засгийн газар нэгэнт өндөр татвар авч байгаа. Түүний дээр зардлаа нэмээд борлуулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүд рүү үнийн өсөлтийг чиглүүлж болохгүй. Засгийн газар онцгой албан татвараа аваад хаячих л даа. Ингэвэл шатахуун 50 хувиар хямдрах боложтой. Бид одоо хил гараад ОХУ-д, наад зах нь Наушкид очиход л шатахуун 800-900 төгрөг байгаа. Энэ бол жижиглэнгийн үнэ, бөөнийх нь үнэ үүнээс дор хэмжээнд байна гэсэн үг. Гэтэл манай улс өнөөдөр Оросын хамгийн захын хилийн бүсээс хоёр дахин их үнээр шатахуунаа хэрэглэж байна шүү дээ. Баруун тийшээ бол бүр гурав дахин өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байгаа. Энэ уналтыг бид яаж тэсч гарах юм бэ. Уналтыг зөөллөх хамгийн зөв гарц нь шатахуун л байна. Энэ бол бидний санаачилга, үүнийгээ хэрэгжүүлэх гэж бид цаашид ч оролдоно.

 

-Та бүхнийг ингээд онцгой албан татвараа тэглэ гээд яриад эхлэхээр татвар бүрдэхгүй болно гэдэг шүүмжлэл өрнөх байх. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

 

-Засаг татвараа цуглуулаад үр ашиггүй зарцуулж байгаа зардлыг болиулчих л асуудал юм. Засаг татвар цуглуулах гэж оролдож байхын оронд ард түмэндээ зах зээлийн үнээр өгчих л дөө. Хамгийн давуу тал нь үнэ чөлөөлөлт. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ унасан үед Монголын эдийн засгийн өртөг дагаад унаж байдаг. Шатахуун өсвөл мөн адил дагаад өсдөг. Ингээд өсвөл Монголын эдийн засаг өөрөө дэлхийнхтэй нэг төвшинд очно гэсэн үг. Өсөхөд нь өсч, унахад нь унадаг. Өнөөдөр ОХУ-д нэг тонн улаанбуудайн үнэ 150 ам.доллар болчихсон байхад манай улсад улаанбуудайг үйлдвэрлэж байгаа зардал нь 300 ам.долларын төвшинд оччихсон байх жишээтэй. Учир шалтгаан нь өнөөх л шатахуунтай холбоотой. Тэгэхээр Монголын гурилын салбар яаж өрсөлдөх юм. Яагаад бид заавал ийм их үнэтэй гурил идэх ёстой гэж. Дээрээс нь Монголын нүүрс өрсөлдөж чадахгүй байна. Яагаад гэхээр ОХУ-ын нүүрсний уурхайнууд Монголоос бараг гурав дахин хямд үнэтэй шатахуунаар нүүрсээ тээвэрлээд Хятадын зах зээлд нийлүүлж байна. Гэтэл Монгол Улс гурав дахин өндөр үнэтэй шатахуунаар нүүрс олборлоод борлуулалт хийх гээд чадахгүй байна шүү дээ. Нүүрсний салбараас буюу экспортоос нь авахуулаад ард түмний амьдрал, өдөр тутмынх нь хэрэглээ унаж байна. Эрчим хүчний салбарынхан маань үнэ чөлөөлөхийг удаа дараа шаарддаг. Суурь зардал нь дэлхийн зах зээл дээр ингэж хямдарч байгаа үед нь дагуулаад үнэ чөлөөлж чадвал энэ нь Монголын эдийн засагт их том хувьсгал буюу өөрчлөлт болно. Үүнийгээ дагаад яг зах зээлийн зарчимдаа бүрэн нийцнэ. Энэ бол алдаж болохгүй үе. 
 

-Хэрвээ Засгийн газар энэ үнийн уналтыг ашиглахгүй өнгөрөөчихвөл яах вэ. Одоо хуруугаа ч хөдөлгөхгүй байна шүү дээ?
 

 -Энэ боломжийг бид ашиг лах- гүй өнгөрөөчихвөл дахиад үнэ чөлөөлөх талаар ярих хэцүү. Дахиад л өнөөх ТЭЦ станцууддаа татаас өгдөг, “Багануур”, “Шарын гол” нь алдагдалтай ажилладаг. Тэнд зээл тусламжийнхаа мөнгийг үр ашиггүй өгөхөөс өөр аргагүй болох хувилбар руугаа л орно.
 

 -Уг нь таны хэлж байгаагаар шатахууны үнийг буулгах боломж хангалттай байгаа юм байна. Гэтэл ингэхгүй байгаа нь Засгийн газар шатахууны үнийг буулгах сонирхолгүй байна гэсэн үг үү? 


-Энэ бол Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Одоо л Засгийн газар онцгой албан татварыг 100 хувь тэглэчих ёстой юм. Яагаад гэвэл өртгийг 100 дахин нэмж байгаа асуудал. Үүнийг их сайн мэдээд байгаагийн учир нь би өөрөө Нефть, онцгой албан татварын гаалийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ татварыг хэрхэн ногдуулдгийг сайн мэддэг учраас яриад байгаа юм. Бизнесийн асар өндөр зардлыг Засгийн газар зохиомлоор бий болгож байна. Үүнийгээ л больчих, нөгөө талдаа үнэ чөлөөлчих. Ингэвэл эрчим хүч, уул уурхай, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар маань босоод ирнэ. Ингэснээр аяндаа ард түмний амьдралд бодит дэмлэг болоод ирэх учиртай. Автобус 500 биш 250 төгрөг болно шүү дээ. Таксины үнэ хоёр дахин багасна. Бүх өртөг эрс багасна гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Энэ бол ямар нэг улс төржилт, хоосон уриа лоозон биш. Нэг талдаа үнэ чөлөөлөх, нөгөө талдаа шатахууны үнийн онцгой албан татварыг тэглэх хоёрыг хослуулж чадвал энэ хүнд үеийг монголчууд давж гарахад маш том дэмжлэг болох юм. Өнөөдөр улс төрийн ямар ч гоё амлалт яриад хэрэггүй. Зөвхөн онцгой албан татварыг аваад хаячихад л Монголын гурван сая иргэний амьдралд шууд тусгалаа олох зүйл энэ байна. 
 

-Дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ хямдарсан энэ үеийг манай Засгийн газар ашиглаж чадах юм уу. Ийм шийдвэр гаргах хандлага танд харагдаж байна уу? 
 

-Ийм боломж байна гэдгийг бид эхний ээлжид хэлж шаардаж байна. Засгийн газар тооцоо судалгаагаа хийж байгаа байх. Удахгүй намрын чуулган эхлээд парламентын ажиллагаа жигдрээд ирэхээр бид асуудлаа түлхүү тавих болно. Ашиглах нь үнэ чөлөөлөх л явдал. Эдийн засагтаа хямд үнээр шатахуун оруул. Дээрээс нь Засгийн газраас ногдуулж байгаа өндөр татвараа тэглэчих. Тэгвэл өнөөдрийн хүндрэлийг давж гарахын тулд бүх салбарт маш том дэмлэг болно. Цалин нэмснээс хамаагүй илүү амьдралд нөлөөлөх шийдвэр болно. 
 

-Нөхцөл байдал ийм хүнд байхад УИХ-ын дарга телевизэд өгсөн ярилцлагадаа “Манай улсын борлуулдаг бүх түүхий эдийн үнэ дэлхийн зах дээр өмнө нь байгаагүйгээр уначихаад байхад эдийн засаг энэ зэрэгтэй байгаа нь бидний ажлын үр дүн” гэж байсан л даа. Үүнийг та хэрхэн харж байна вэ. Үнэхээр спикерийн хэлсэн шиг манай улсын эдийн засаг үүнээс дор орох байсныг бариад, тогтоогоод байгаа хэрэг үү? 
 

-Шулуухан хэлэхэд бид дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсан, ирээдүйн Кувейт гэгдэж байсан эдийн засгийн ололт амжилтаа гурван жилийн хугацаанд бал лаад дуусгасан. Өнөөдрийн байд лаар эдийн засаг туйлын хүнд байна Сэхээн амьдруулах тасагт шилжсэн байна. УИХ-ын дарга тийм зүйл ярьж байгаа нь улс төрч хүний л мөн чанар юм даа. Асуудлыг ярихдаа мэдээж сайн талаас нь тайлбарлах гэж оролдоно. Учир нь эрх барьж байгаа намын дарга хүн, төрийн эрх барих дээд байгууллагын дарга хүн өнөөдрийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөлийн хариуцлагыг хүлээх номер нэг хүний хувьд түүнд өөр тайлбар байхгүй байх. 

 

 

М.ӨНӨРЖАРГАЛ

- See more at: http://www.unen.mn/content/54277.shtml?alias=politics#sthash.X6ZcFu0D.dpuf