Н.Алтанхуяг зөвлөхөө аварч чадсангүй юу

Улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгагдсан байгаа Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав хоног үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргалаа.  Улсын яллагчид Л.Гансүхэд таван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргасан юм. Харин Н.Даваахүүд долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах санал гаргасан. Мөн Б.Мөнгөнтуяад 7.5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг дөрвөн жилээр хасах саналыг тус тус гаргасан. 

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй хорих ангид, Н.Даваахүүг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяаг 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял ногдуулав. Цагдан хоригдсон хоногийг ялаас хасах,  хоёр сая төгрөгийг хуваан төлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Л.Гансүх хэлэхдээ, “Би ял авсан ч өршөөл хүсэхгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ийнхүү тэрбээр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонссон юм. Ямартай ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгөөд ч зөвлөхөө аварч чадсангүй. Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралд гэрчээр мэдүүлэг өгсөн юм. 

Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар дөрвөн жил хэрэгжүүлэх гурван том ажил төлөвлөсний нэг нь ард иргэдийн ахуй амьжиргаанд нэмэр болох үүднээс “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 16 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийн жилийн хүүг найм болгож, цемент армутурын үйлдвэрийг Засгийн газрын Ерөнхий сайдаар ажилласан хүнээс асууж байна. Өм цөм яривал хүн ойлгохгүй. Бүхэл том дүр зургаар нь ярихгүй бол болохгүй. Нүүрс хөтөлбөр чинь Засгийн газрын үед хийсэн жижигхэн хэсэг нь юм. Тэр үед нүүрсний үнэ хэт өндөр үнэтэй болчихлоо гэх гомдол манай шинэчлэлийн Засгийн газрын 1111 төвд маш олон ирэх болсон. Ингээд асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзээд, М.Сономпил сайдад үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газрын холбогдох шийдвэр гарч, нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ард түмний захиалга байсан” хэмээн онцолсон. 

Түүгээр ч зогсохгүй шүүх хурлын өмнө “Энэ зохиомол хэргийг бий болгосон хүмүүс өнөөдөр ирсэнгүй. Шинжээчийн дүгнэлт гарган, хохирол учирсан гэж дүгнэсэн Ичинхорлоо алга болчихсон гэнэ. Багануурын уурхай хохирсон гэж мэдүүлэг өгсөн хүн нь бас алга.  Эдгээр хүмүүс байхгүй учраас өнөөдөр шүүх хурал хойшилж байгаа юм байна. Гурван сэжигтнийг хорьсон нь Монгол шоронжсон нийгэм болсныг харууллаа. Дээр нь энэ хэрэг улс төрийн зорилготой. Хөтөлбөрийн үр дүн бэлээхэн байхад хэрэг өдүүлсэн нь Н.Алтанхуягийн, Шинэчлэлийн засгийн газрын нэр хүндийг унагаах зорилготой. Хоёр жил ажиллахад миний чих их халууцсан даа. Бид чөмгөө дундартал зүтгэсэн. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд суулгасан. Миний охин, миний эргэн тойронд байгаа бүх хүнд хэрэг үүсгэсэн. Би анхнаасаа нам дагнасан бүлэглэлд үйлчлэхгүй гэсэн нь ийм уршиг дагууллаа. 25-27 насны гурван залууг зургаан сар хорьчихоод энэ хэрэгт огт холбогдолгүй юм байна гээд сулласан. Гэтэл дахин татварын хэрэг үүсгэсэн. Надад ч баримт бий. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. 

Тэрбээр ийнхүү мэдэгдсэнээр барахгүй “Л.Гансүхийг буруугүй гэдгийг нотолно” гэж байв. Ийнхүү мэдэгдсэнийх нь дараа шүүхэд ноцтой баримт дэлгэх нь гэсэн хүлээлт үүссэн. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүхэд  Л.Гансүхийг буруугүйг нотлох баримтаа шүүхэд хангалттай гаргаж чадаагүй бололтой. Ямартай ч түүний зөвлөх байсан нөхөр анхан шатны шүүхээс ял сонсчихлоо. Магадгүй Михаилд нэг бодол бий гэдэг шиг  давж заалдах шатны шүүхэд нууц хөзрөө дэлгэх ч юм бил үү. 



Г.НАРАН 

 

Эх сурвалж http://www.info.mn