Засгийн Газар түр тогтов. Үүнийг ямар нэг хүчний бодлого мэт тайлбарлах нь утгагүй. Цаана нь өч төчнөөн зангилаа асуудал хуримтлагдаад байна. Энэ тухай өгүүлсү. 

Урт дурын эвсэл

 

Өршөөлийн хуулийн будлианаас болоод парламент нэр хүндээ алдаж дууслаа. Үүний дээрээс давхар нэр хүндээ алдаж буй нь “Шударга ёс” эвсэл юм. Н.Энхбаярын төлөөх тэмцэл нь ийм байдалд хүргэж байна. Үүнийг нь нэрмэсэн Засгийн газрын нөхөөс олон нийтэд ёстой таалагдахгүй байна. Цулгуй өмдөнд хээтэй даавуугаар нөхөөс тавьчихсан аятай л харагдаж байна. Оёдол зүйдэл бол ярих ч юм биш, тэр завсраар нь парламентын хамаг булай муу муухай цухуйгаад байна ш дээ.

 

Үүний дээр “Шударга ёс” эвсэл АН-аас дутахгүй хагаралд орчихоод байна.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга “Өршөөлийн хууль” баталмагц Ерөнхийлөгчид хандаж хориг тавихыг уриалсан. Үүнээсээ болоод эвслээсээ зөрсөн байр суурьтай болчихлоо. Дашрамд дурдахад Г.Уянга над руу утасдаж “хүний нэр дурдахдаа болгоомжтой байхыг” зөвлөж байна. Ингэж анх удаа “зөвлөх нь зөвлөгөө авдаг” байгаа. Мэдээж зөвлөх нь бусдыг нь балбаад байх хүн чанарын хувьд эвгүй байж магадгүй, гэхдээ олон нийтийг мэдээллээр хангах шаардлагатай бол, асуудлыг тодорхой байлгах хэрэгтэй бол нэр дурдаж л таарна. Дандаа “Х”, ”У” гэсэн давхар үл мэдэгдэгчтэй бодлого уншигчдад бодуулаад баймааргүй байна. Үүнээс болж андуурал гарвал гэмгүй хүн өртөнө, хоёрдож аливаа мэдээлэл тодорхой л байх ёстой.

 

Асуудалдаа оръё. Ээлжит бус чуулган хаагдсанаар хэд хэдэн тодорхойгүй асуудал үлдэв. Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Байгаль орчны сайдаар томилогдсоноор эвсэл удирдлагагүй болов. Дэд дарга З.Баянсэлэнгэ сайд болсон тул тэр нь ч байхгүй болов. Ийм нөхцөлд эвслийн бүлгийг удирдаж чадах цорын ганц хүн нь Н.Энхбаяр. Өмнө нь Н.Энхбаяр хэрхэн удирдаж байсан тухай тодорхой бичсэн. Харин одоо удирдая гэсэн ч тэр боломжгүй юм. Учир нь “дугаар хорооны иргэн” шууд орж ирээд бүлэг удирддаггүй, заавал бүлгийн сэтэртэн хурал зарлах ёстой. Хорооны иргэдийн нийтийн хурал биш, УИХ-ын бүлгийн хурал шүү дээ. Тэр хүн Н.Энхбаярын цээжлүүлсэн үгийг хэлэх ёстой, гэтэл одоо “цээжлэгч” байхгүй тул яаж удирдах билээ ?!

 

Н.Энхбаяр үнэхээр хүчгүйдэж байна. МҮАН-аас урвуулж авсан Ц.Цолмон нь Батлан хамгаалахын сайд тул завгүй, дарга, дэд дарга нь сайд болоод “нийаад”. Л.Цог Н.Энхбаяртай ил тод зөрчилддөг тул аль эртнээс бүлгийн хурал руу шагайхаа ч байсан. МҮАН-ын гишүүдийг намдаа урвуулах увайгүй ятгалгаас нь болоод М.Сономпил бүлгээс илт зайгаа барьж байна. Г.Уянга бол угаасаа өршөөлийн хуулийн зарчмаас болоод зөрчилдөж байгаа тул болж өгвөл түүнгүй хуралдахыг илүүд үзэж байна.

 

Үлдсэн нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү гурав. О.Баасанхүү сайд болгосонгүй гээд бөөн гомдол. Харин Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр хашир бурхинууд учраас дургүйгээ ил хэлэхгүй ч асуудлаас холдсон. Засгийн газрыг нөхөх асуудал ярих ажлын хэсэг байгуулахад оролцоогүй, эс бөгөөс оролцуулаагүйг бодоход тэдний хагарал хэтэрхий гүнзгийрсэн байна.

 

Өршөөлийн хуулийг санаачилж батлуулснаараа Ц.Оюунбаатар шагнуулж Шадар сайд болсон тул бас л байхгүй. Ийм нөхцөлд Н.Энхбаярт үлдсэн цорын ганц найдвар нь З.Баянсэлэнгэ, түүнийгээ дагуулж гүйгээд сайд болгож амжсан боловч ар хударгаараа бүлгээ алдчихлаа.

Н.Энхбаярыг бурханчлаад байдаг болохоос биш, тэр яс юман дээр удаан хугацаанд үйлчлэх нэг ч юмыг бүрэн бүтэн бодож үйлдэж чаддаггүй юм. Ийм нөхцөлд хүн бүр өөрийн хүслээр шийдвэр гаргах учраас “Шударга ёс” эвслийн бүлэг цаашид нэгдсэн байр суурьтай байх бололцоогүй.

 

Сая хэрэв өршөөлийн хуулийн хоригийг засвартай авах санал УИХ-д орж ирсэн бол Ч.Улаан, Г.Уянга, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Л.Цог, М.Сономпил нар эсрэг санал өгч баллах байсан юм. Эвсэл намаараа биш, зарчмаар хуваагдчихав. Тэд Засгийн газрыг огцруулахад бэлэн байгаа хэрэг. О.Баасанхүү дөнгөж “битүүлсэн” Засгийн газрын нэг гол тулгуур С.Баярцогтыг “хазах” гэж дайрав. Энэ байдлаар бол Засгийн газрыг унагах санал парламентад орж ирж гэмээ нь авч үлдэх найдлага тун бага болж, үр дүнд нь эвсэл задрах болов.

 

Зүй нь Н.Энхбаяр Ц.Оюунбаатараа авч үлдээд, О.Баасанхүүг сайд болгох байсан юм. Гэвч С.Баярцогт түүнийг нэг нүдээр үзэх биш, “тэр О.Баасанхүү юу юм, машин ч бүү унуул” гэдэг хүнтэй юу ч ярих билээ. Тэгээд өсөрхөхгүй юу. Уг нь байнгын хорооны дарга машин унах ёстой л доо. Одоо хөөрхий О.Баасанхүүг нэг талаас нам нь, нөгөө талаас Засгийн газар өшиглөж хашрааж байна. Дурын хүн орж ирээд боодог болсон гэх шив дээ. Н.Энхбаяр хөөрхий, С.Баярцогтыг царайчилж байгаа ёоз нь…

Эсрэг байгаа зургаагийн хэн нь ч бүлгийн даргыг авах сонирхолгүй тул эвсэл удирдлагагүй болжээ.

 

Зүй нь МҮАН-д оногдсон “алба”, гэвч М.Сономпил Ерөнхийлөгчтэй эртний найз тул Н.Энхбаяр итгэхгүй л дээ. Г.Уянга авбал Н.Энхбаярын оролцоог хаагаад эвслээ Засгийн газрыг унагахад дайчилна. Ийнхүү эвсэл “урт дурын хүмүүс” болов. Ингээд Засгийн газрын нэг тулгуур бүхлээрээ байхгүй болсон гэсэн үг. Н.Энхбаярын хийсэн ажил болгон ийм хөнөөн сүйтгэх үр дагавартай байдаг бөлгөө…

Ерөнхийлөгч

 

Түүний хувьд Өршөөлийн хуулийн хориг бол навс унасан нэр хүндээ босгох том боломж юм. Тэр ямар ч нөхцөлд хоригоо засваргүй хэрэгжүүлэх л гэж үзэхээс аргагүй, галт тэрэг хөдөлгөсөн хүнд буцах зам байдаггүй.

 

Өршөөлийн хуулийг нууцаар батлахад эсэргүүцсэн дөрөвхөн хүн байсан атал нээлттэй хэлэлцэхэд 81 хувь нь авилгачдад дургүйгээ хурууныхаа үзүүрээр нотлодог байна ш дээ. Уг нь З.Энхболд бас “Өршөөлийн хууль”-ийг анх батлахад эсрэг санал өгсөн гэдэг ч Х.Тэмүжин яагаад ч юм түүнийг “мартаад” байна, эсвэл…

Ерөнхийлөгчийн хоригийг засах ажлын хэсэг байгуулагдаж байна гэдэг үнэхээр логикгүй, утгагүй байгаа юм.

 

Ерөнхийлөгч яг юунд хориг тавих гэж байсныг өөрөөс нь илүү “ажлын хэсэг” мэддэг юм гэнэ ээ. Логикоор бол хоригийг Ерөнхийлөгч биш, харин ч “Өршөөлийн хуулийг” санаачилж батласан нөхөд тавих гэж байгаа болж байна уу ?! Жинхэнэ шог гараа гэж энэ. Эд яагаад ингэтлээ улайрч үхэн хатан зүтгээд байна гэдгийг өмнөх өгүүлэлд тайлбарласан.

 

22 гишүүний асуудалд нийтдээ 110 гаруй хүн хамрагдаж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Энэ бол их том хэрэг л дээ. Гайхалтай нь Ерөнхийлөгчид хайртай хүүхнүүд бүгдээрээ түүнд дургүйгээ хэлээд эхэллээ. Ерөнхийлөгчийн фракц задарч байна. Энэ задрал Засгийн газрын АН дахь удаах гол тулгуурыг үгүй хийж байна.

Ордны ялзрал Засгийн газрыг нураах нь байна. Одоо бүх эрх мэдэл хүссэн хүсээгүй З.Энхболд руу гулсаж байна. Тэр ахиад зугтах болов уу ?!

АН дахь бослого

 

Энд нэг юмыг дурдах шаардлагатай, энд бичиж буй бүх мэдээлэл нууц биш. Хэрэв залхуурахгүй бол энд дурдсан мэдээллийг хаанаас ч олж үзэж болно. Дээр нь ердөө л улс төрийн үйл явцын түүхэн ой санамж, эмх цэгцтэй мэдээллийн системтэй байх хэрэгтэй. Жишээ нь Ц.Элбэгдоржийн, Н.Энхбаярын улс төрийн түүх, ажилладаг арга барил г.м. Ер нь хүн өөртөө нэг л арга барил тогтоогоод түүнийгээ жаахан засвартай л хэрэглэдэг.

 

Дараа нь энэ мэдээллээ “зохих ёсоор” өрөөд, түүн дээрээс яах гэж байгааг нь харчихад анализ бэлэн болно. Манай улс төрд эх захаа алдсан олон тоглогч, толгой эргүүлсэн үй олон махинаци байхгүй. Улс төрч бол хэдхэн байна, арай өргөжүүлбэл банкны хэдхэн “аварга”, бас хэдхэн “оля” орж ирдэг. Тэгээд л болоо. Энэ бол нэг их Рихард Зоргегийн ажил биш, ерийн шинжилгээ. Тархи толгойгоо жаахан ажиллуул л даа. Хүн муулах хогийн зэвэнд тархиа идүүлчихээд түүнээсээ ичихдээ нэрээ нуучихаад юм бичсэн хүнийг харааж байхаар өөрсдөө л биччих хэрэгтэй ш дээ…

 

Манайхан хар багаасаа тагнуултай кино үзсээр байгаад ланжгар “нууц” мэддэг, супер амьтны дүр эсгэх гэж оролддог, тийм хогийн сав болсон өмхий үнэртүүлсэн тэнэгүүдтэй зөндөө л таарч байлаа, даанч заяа нь хаясан шаарууд чинь хэдхэн үйл явдлыг холбочихож чаддаггүй юм. Задлан шинжлэхээс илүүтэй нийлэгжүүлэлт хийх хэрэгтэйг тэд ойлгодоггүй юм. Судалгаа бол “нууц” мэдээлэл хайдаг тагнуулын ажил биш, мэдээлэл боловсруулах ажил.

 

Хоолыг зажлах гэж биш, шингээх гэж иддэг. Түүн шиг мэдээллийг сонсох гэж биш, шинжлэн судлах, дүгнэлт хийх гэж авдаг. Мэдээлэл боловсруулж чадахгүй муу тархитай бол зөвхөн “сэтгэгдлээр бөөлждөг”. Цааш явъя. Ний нуугүй хэлэхэд энэ З.Энхболдын учрыг олоход тун хэцүү нөхөр байгаа юм. Тэр цаг ямагт сүүдэрт явж ирсэн, алгуур өгссөн, заримдаа өрсөлдөөн амбицаасаа илүүтэй хувь заяаны шахалтаар энэ өндөрлөгт хүрсэн ч юм шиг.

 

Ийм хүмүүст нэг л нийтлэг араншин байдаг, эрсдэл хийдэггүй, алдвал “удаан хурааснаа алдахаас илүүтэй ахиж олж авахын тулд хэтэрхий их цаг зарцуулахаасаа” айдаг учраас маш болгоомжтой хөдөлдөг. Тиймээс эрсдэл хийдэггүй, боломжийг заавал бусдын гараар бариулж үзэх гэдэг юм. Харин “хүрч ядаад байгаа юмыг” нь Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг мэтийн шалбалзуур нөхөд барин тавин үзчихээд гялалзаад алга болдог.

 

З.Энхболд өөрөө яаж хөдлөхөө биш, бусдын яаж хөдлөхийг л таамаглах гээд байгаа юм. Зодоон болбол З.Энхболд хэн нэгнийх нь чихэнд наадах чинь ингэж зодолддог юм гэж яг таг хэлж чадна. Харин түүний зөвлөгөөг авсан хүн нөгөөхөө нь нам цохичихоод, дээрэмдсэнээ хуваахгүй бол яахав ?! Өөрөөр хэлбэл З.Энхболд Ерөнхий сайдын тамгыг хадган дээр тавиад өөрт нь залан авчрахыг хүлээж байгаа. Гэвч түүнийг нь аваад зугтчихвал ахиад л зодоон өдөөх үү ?!

 

Хэрэв нэгэнт л зодоон өдөөсөн бол “тэр нөхөр” заавал оролцдог, хэрэв “тэр нөхөр” зугтвал бүгдээрээ түүнийг залхаадаг “хуулийг” хүүхдүүд хүртэл мэддэг. Гэтэл АН эзэн биегүй, эцэс төгсгөлгүй зодоон тасралтгүй хийж байна. Үнэндээ хажуугаас нь харж байгаа би хүртэл залхаж байна ш дээ, энэ утгагүй зодооноос…Н.Алтанхуяг Элбэгээ хоёрыг зодолдууллаа, өнөө хоёр нь одоо болтол зуурчихаад салахгүй л байна. Дундуур нь сэргэлэн “офшоор бацаан” С.Баярцогт гүйж ороод тамгаа аваад Ч.Сайханбилэгт “пааслачихсан”.

 

Гэтэл З.Энхболд очоод Ч.Сайханбилэгийгээ шаагаад унагачихгүй Эби, Хуягаа хоёроо “хатгаад л” суугаад байх. Өнөө хоёр нь уг нь очоод өшиглөчихмөөр байвч нэг нэгнээ үсдчихсэн юм чинь “алнаа л” гээд бахираад байхаас өөр ямар шид байгаа юм ?!

 

Харин энэ дундуур Р.Амаржаргал гүйж байна. АН-ын бүлгийнхэн “Засгийн газрыг өргөн барих эсбөгөөс огцруулахыг дэмжвэл дэвшүүлэхгүй” гэсэн амлалтанд гарын үсэг зурсан. Энэ бол ахиад л З.Энхболдын новшийн зан. Намын даргаа авчихаад “муу” Ч.Сайханбилэгийг унагалгүй авч гарсан гэх нэр зүүх санаатай. Гэтэл өнөөх нь “баярлалаа” гэхийн оронд намын даргыг чинь авна гэж байна ш дээ…

 

АН даргадаа байтугай ард түмэндээ өгсөн амлалтаас буцдаг улс. Буцвал ч буцна ш дээ, үхсэн хойноо…Р.Амаржаргал эсэргүүгээрээ тэр юманд нь гарын үсэг зураагүй бололтой. Тэнд зураагүй бол Г.Уянгын өргөдөлд гарын үсэг зурах эрх чөлөөтэй гэсэн үг. Гэхдээ хашир хүн ганцаараа ингэж шоудахгүйгээ мэднэ. Өөрөөр хэлбэл гараа хүлүүлсэн АН-ынхан ганцаараа сул байгаа Амараагаа хатгаж хүлээснээсээ алдуурах гэж байна.

 

Гарын үсгийн гуравны нэгийг МАН-аар “дүүргээд”, огцруулах эсэхээ шийдэхдээ тулбал ирцийг нь бүрдүүлж өгөөд яг санал хураахад хурлаа хаяж гараад годройтуулчихна. Буцаж орж ирэхдээ “Юу болсон бэ ?!” гээд л гүйцээ…

 

Энэ ч нэг их шинэ юм биш, саяын Өршөөлийн хуулийг батлахад МАН-ын хэрэглэсэн заль л байхгүй юу. Гурван гишүүн оруулж ирцийг нь хангачихаад баахан эсэргүүцсэн дүр үзүүлж дүрэмдэж байгаад АН-ын олонхоор даруулчихаж байгаа юм. Тэгээд ард түмэн эсэргүүцэхээр буцаж орж ирээд АН-ын муу муухайг гайхаад л. Харин энэ Засгийн Газрыг ингэж унагавал “эсэргүүцэх”, “өмөөрөх” ард түмэн байхгүй нь даанч “сайхан”…

 

Гэтэл АН-ынхан Зи-гээ л хараад байна. З.Энхболдын авсаар хөдлөхгүй байгаагийн гол шалтгаан нь өөрт ноогдсон Монгол банкаа яая гэж байна, дээр нь “Шонхор” фракц Засгийн газар дахь эрх ашгаа хангалттай дүрсэн гэж үзэж байгаа, ялангуяа бүх хар борыг нь хийдэг “нарийн бичгийн дарга” С.Эрдэнэ түүнийг хорьж байна. Намрын чуулганаар нэг л асуудал хүлээгдэж буй ба энэ нь С.Эрдэнийн мэдэлд байдаг нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Г.Золжаргалын мэдэлд байдаг банкуудаар дамжуулж барилгын салбар руу шахаж тэндээсээ томоохон унац гаргах гэж төлөвлөсөн байгаа шүү дээ.

 

Чухам ийм шалтгаанаар З.Энхболд УИХ-ын даргаас зууралдаад байгааг анзаарахгүй байна гэж үү ?! Монгол банк бол Засгийн газрын биш, УИХ-ын мэдлийн байгууллага, одоо хэн мөнгөтэй байна ? Банкууд шүү дээ ! Тиймээс З.Энхболд өөрөө Ерөнхий сайд болохын тулд эхэлж алхам хийнэ гэж тооцож байгаа бол ёстой гонжгор. АН ч яахав, Зи-гээ харж хүлээдэг байгаа юм биз, харин МАН түүнийг харж горьдох нь илүү зан л байхгүй юу…

 

Гэвч энэ зуур МҮДН гэж нүсэр том динозавр амилаад байгаа ба Н.Алтанхуяг хүртэл “жижиг алтан гадасаа” аваад нэгдчихээд байна. Одоо тэдний гол “түүз” нь дөнгөж саяхан “боол” байсан Р.Амаржаргал болчихоод байна. Н.Алтанхуягийн үед дураар дургидаг Р.Амаржаргалыг хазаарлах гэж үйлээ үздэг байсан бол өнөөдөр тэр нь “азны юм” болсон байна. Тэгээд ч Р.Амаржаргал бол эдийн засагч, ядаж л “дөрвөн аргын тоо” мэднэ, бас ч гэж эдийн засгийн хоёр гурван ном “дуустал уншсан” АН дахь бараг цорын ганц хүн юм. Ийм нөхцөлд тэр яаж ажиллахаа мэднэ, урьд нь практик дээр туршчихсан.

 

Түүний дутагдалтай тал нь намаа сонгуульд ялагдуулсан, харин ийм нөхцөлд намын даргыг З.Энхболдод үлдээгээд Р.Амаржаргалд Засгийн газрыг дангаар нь ажиллуулах “эрх” нээх боломжтой гэсэн дүгнэлтэд АН хүрээд байна. Ингэхээс өөр замгүй болсон ба тожмой луунуудын зодооноос хойш аль аль тал нь ар талаа бэхлэх гэж хичээж байгаа юм…

 

Засгийн газар унаснаар улстөрийн хүчний хуваарилалт өөрчлөгдөнө. Үүнийг торгоож магадгүй ганц хүн нь М.Зоригт, тэр “Голомт” банкаа сүйрүүлчихгүйн тулд Засгийг тогтоох гэж оролдож болзошгүй, үүндээ Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авахыг чармайна. Тэр чухам тийм учраас сайд болсон.

Гэвч тэр “Женког” барьж чадахаас З.Энхболдыг бол барахгүй, тиймээс Н.Золжаргалаар дамжуулах л ганц арга бий. Одоохондоо З.Энхболд ганцаардаж байгаа мэт харагдавч үйл явц гарцаагүй түүнд боломж өгч байна. Олон нийтийн санаа бодлыг тандах юм бол энэ сэжгийн Засгийн газраас салахын түүс болж байгаа нь эргэлзээгүй… Задралаас задрал руу Энэ зуур өнөөх л өршөөлийн хуулийн булиан үргэлжилсээр.

 

Өршөөлийн хуулинд яагаад ингэж ач холбогдол өгөөд байна гээд судлаад үзвэл ердөө МАХН-ын байранд л тулж очно. Хоригоос ердөө хоёрхон заалт хасах гэж үзэлцэж байгаа юм. Өршөөлийн хуульд тавьсан хоригоос эрүүгийн хуулийн 148, 150 дугаар зүйлийг хоригоос салгаж авах гэж үзэлцээд байгаагийн цаад учир нь үүгээр МАХН газрын хөрснөөс арчигдаж болзошгүй болчихоод байгаа хэрэг. 

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Империал Гоулд” ХХК-ний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ 2 давхар байрыг эзэмшил газрынх хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцжээ. Авсан байраа өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусгажээ.

 

Ингээд 500 мянган ам.доллараа төлсөн байна. Харин үлдэгдэл 1.0 сая доллараа удаажээ. Анх Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг Сангийн болон шадар сайдаар томилохдоо үлдэгдлийг төлүүлэхээр тохирсон авч нөгөөдүүл нь төлж чадаагүй байна. Н.Алтанхуяг хашир учраас Сангийн яамнаас хөрөнгө оруулалтыг салгаж Хөгжлийн яаманд өгснөөр Ч.Улааныг “хоосруулжээ”.

Харин худалдаж худалдан авах газрыг Д.Тэрбишдагваас салгаж С.Баярцогт өөрийн мэдэлд авснаар нөгөөх нь бас л хоосон хоцорчээ. Тэгмэгц Н.Энхбаяр аргаа өөрчилж Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг дараагийн Засгийн газарт оруулалгүй “шийтгэж”, харин Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайд болгоод барилгын бизнестэй түүгээр 500 мянган доллар төлүүлжээ.

Мөнгөө өгөөд үлдэгдлээ удахгүй шилжүүлнэ гэж амлатал өөдөөс нь “Та мөнгөө удааж байна, хоёрт наад байшинг чинь 5 сая ам.доллараар л зарна” гэжээ. Наймаа буцвал сая доллараа алдах, авъя гэвэл 4 саяын өрөнд орох болсон Н.Энхбаяр нэмж хэрэгт холбогдохоос болгоомжилж, анхнаасаа тэгж тохироогүйгээ хэлээд “Би өөрийн хариуцах үүргээ биелүүлсэн, бусад асуудал надад хамаагүй” гээд утсаа тавьжээ.

Тэр “байрны эзэн” АНУ-ын иргэн “Г” нь Хиллари Клинтоны дүүгийн нөхөр байж таарчээ. Харин мөнгөний боомилолтыг МАН-ынхан ярьж зохион байгуулсан байна.

Ингээд Н.Энхбаярт шинээр хэрэг үүсгэсэн бөгөөд 2008 онд Н.Энхбаяр нь иргэн “Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1,2 тэрбум төгрөгийг тус тус залилан авсан хэргийг нэмж, дээрхи үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна.

Энэ хэрэг одоо болтол шалгагдаж байгаа, харин өршөөлийн хуульд залилан авсан 148, залилан авсан эд хөрөнгийг ашигласан 150 дугаар зүйлийг хамруулбал энэ хэрэг цайрна, хэрэв шийдэгдэхгүй бол МАХН залилангийн байрыг ашигласан “хэргээр” татан буугдах ч аюултай болсон байна.

 

Яг үүн дээр АН-ын гол зөрчил үүсч байгаа, Ц.Элбэгдорж МАН-тай хавсайдаж МАХН-ыг устгахыг хүсч байна. Харин З.Энхболд Х.Баттулга нар Өршөөлд хамруулж МАХН-ыг амилуулаад МАН-ын хуваагчаар ашиглахыг хичээж байна. Харин МАН Ц.Элбэгдоржийг “дагасан”, З.Энхболдыг “дагасан” гэсэн хоёр хэсэгт хуваагдаад МАН-ын гэх юу ч алга байна.

 

Үүнээс болоод МАН-ынхан өршөөлийн хуульд тавьсан хоригийг өөрчлүүлэхгүйг хичээсэн Ц.Нямдорж нарын бүлэг, өршөөлд хамруулахыг хичээж буй өөр нэгэн бүлэг болж талцчихаад асуудлыг шийдэлгүй тарлаа шүү дээ. Хэрэв нам шиг байя гэвэл яг ийм үед нь АН-ын Засгийн Газрыг унагая гэх ёстой биз дээ…

Аль алиных нь “зөв”, алив зодолдоод бай гэх ч хаашаа юм, бүгдээрээ хачин эвгүй байдалд орчихоод байна. Эвгүй байдал ч гэж дээ, задрал руугаа эргэлт буцалгүй явж байна. Үй олон иргэд залилуулсан мөнгөө алдаж магадгүй учраас залилагчийг өршөөх үү, зальдуулагчдийг бодох уу гэдэгтээ тулчихаад байна.

 

Нэг л их сүрхий “том том” улс төр яриад байгаа авч явж явж маргаад зөрчилдөөд байгаа асуудал нь ердөө л энэ шүү дээ…

Саяхан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат: ”МАН эрх баригчид шиг бужигнахгүй” гэж барин тавин мэдэгдсэн ч МАН аль хэдийн бужигнаад эхэлчихсэн байна. Хэрэв нэр дэвшүүлэхгүй бол МАХН-д орно гэж ил тод сүрдүүлэгсдээс эхлээд салж өөр нам байгуулна гэсэн хүмүүс МАН-д дүүрэн байна. Тэр ч байтугай намын эрх мэдлийг булаан эзлэх гэсэн хүмүүс бүр ч олон байна. Харин тийм хүмүүсийг МАН-ын дарга нар биш, би илүү мэддэг байж ч магадгүй…

 

Байдал ийм байхад “манай нам бужигнахгүй” гээд хориг дээр тэнэгдээд гацааж болох л доо. Харин Засгийн Газрыг өмөөрөөд сүүлчийн ганц тулгуур нь болоод сууж байна гэдэг бол МАН өөрийгөө нэгмөсөн хөнтөрч буй хэрэг юм. Учир нь МАН АН, МАХН гэсэн хоёр туулай зэрэг алах боломжоосоо татгалзаж байна…

 

Ийнхүү Засгийн Газар бараг бүх тулгуураа (МАН-аас бусад ?) алдаад байгаа ба эдүгээ гагцхүү дээр дурдсан “өчүүхэн” зөрчлийн торгон учиг дээр дээсэн дөрөөн дээр чиргүүлдэж явна. Түүнээс биш Засгийн Газар “ид шидтэй” болоод тогтоод байгаа юм огт байхгүй. Гэхдээ тун удахгүй шийдэгдэх энэ зөрчил ямраар ч эргэсэн Засгийн Газрын дээсэн дөрөө тасарч л таарна даа. Энийг би аль эрт хэлсэн ш дээ. Гэхдээ Ц.Элбэгдорж ч юм уу, хэн нэг нь өвсөн дөрөө хийгээд гүйгээд ирэхийг би үгүйсгэхгүй, бас тааж чадахгүй л дээ. Тэгвэл ч санаачилсан эзэн нь өвсөн дөрөөтэйгээ хамт л шатдаг байх даа. Одоо ингэж үхснээ хийнэ…

 

 

Судлаач Х.Д.Ганхуяг

http://www.ganaa.mn