Засгийн газрын тодорхой бус бодлогын гороор Монгол Улсын эдийн засаг ингэтлээ дор орсон гэх юм билээ. Ер нь ч тийм байгаа юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах агуулгатай хоёр ч хөтөлбөрийг хоёр Засгийн газар дамнан ярилцаж баталсан ч “Манай, танай намын санал” гэж хоосон улс төржөөд ажил болгож чадаагүй. Энэ мэтээр цаг алдсаар өдгөө манай улс ирэх жилээс цалин хөлсөө тавьж чадахгүйдээ хүрчихээд байгааг Засгийн газрын тэргүүн нийтэд ил тодоор зарлачихлаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар төсвийн орлого 600 гаруй тэрбумаар тасарсан, оны эцэс буюу ердөө хоёрхон сарын дараа энэ тоо нэг их наядад хүрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс бүхий л боломжоо ашиглан, төсөвт хэмнэлт гаргах шаардлагатайг Сангийн сайдад даалгасан.

 

Харин эхний ээлжийн хамгийн бодит алхам нь төрийн өндөр албан тушаалтнууд байлаа. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг төрийн өндөр албан тушаалтнуудад үүрүүлж, цалинг нь 30 хувиар хасах саналыг гаргалаа. Харин томчуудын цалинг хасч танах ажлыг Сангийн яам гардан гүйцэтгэх бөгөөд одоогоор ажлын хэсгийг байгуулсан. Тэд төрийн өндөр албан тушаалтны хэддүгээр зэргийн цалинг танах, ингэснээр хэчнээн төгрөг хэмнэх зэрэг нарийвчилсан тооцоо судалгааг гаргахаар эхлүүлээд байгаа юм байна.

 

Ингэж цалингийнхаа 30 хувийг төсвийн цоорхойд нэмэрлэх хүмүүс хэн бэ. Хамгийн энгийнээр тайлбарлавал үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас гадна гишүүд, нийслэлийн болон аймгийн Засаг дарга нар, орлогч нарын хамт, ИТХ-ын дарга зэрэг багтах юм. Товчоор хэлбэл, ерөөсөө улс төрийн томилгоогоор төрийн өндөр албан тушаалд очсон бүх хүн цалингийнхаа 30 хувийг төсөвт нэмэрлэнэ гэсэн үг. Энд нэг зүйлийг тодотгоход төрийн албан тушаалтан гэхээр төрийн албан хаагчид тэр дундаа, сургуулийн захирал багтана гэж ойлгоод байгаа нь буруу бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтнууд цалингаа хасуулахгүй. Харин одоо цалингаа хасуулах хүмүүстэй танилцъя. Төрийн албаны хуульд зааснаар төрийн өндөр албан тушаалтан 224 хүн байна. Үүнд

 

ТӨ- I Ерөнхийлөгч

ТӨ- II УИХ-ын дарга, Ерөнхий сайд,

ТӨ- III УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч

ТӨ- IV /99/

УИХ-ын гишүүд, Засгийн газ-рын сайд нар, Улсын Ерөнхий прокурор, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, нийс-лэлийн Засаг дарга бөгөөд Улаан-баатар хотын захирагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор, АТГ-ын дарга,

ТӨ- V /68/

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн /ес/, Улсын дээд шүүхийн шүүгч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга /21/, аймгийн Засаг дарга /21/, Төрийн албаны зөвлөлийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн /дөрөв/, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн газрын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, ХЭҮК-ын дарга, СЕХ-ны дарга, АТГ-ын дэд дарга

ТӨ-VI /50/

Дэд сайд /17/, Ерөнхийлөгчийн зөвлөх /найм/, УИХ-ын даргын зөвлөх /дөрөв/, Ерөнхий сайдын зөвлөх /долоо/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн /хоёр/, Монголбанкны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, Үндэсний статистикийн газрын дэд дарга, ХЭҮК-ын гишүүн /гурав/, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн /дөрөв/,

 

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга зэрэг багтаж байна. ТӨ-I-VI-д заасан төрийн өндөр албан тушаалтны цалинг ТЗ-14 /төрийн захиргаа/ буюу Төрийн нарийн бичгийн даргын цалинд суурилан, тооцож боддог юм байна. Харин албан тушаалын сарын цалинг итгэлцүүрийн дагуу тооцож үзвэл:

ТӨ-I цалин 2 319 274 төгрөг.

ТӨ-II цалин 1748110 төгрөг,

ТӨ-III цалин 1341371 төгрөг, нийт дөрвөн албан тушаалтан 5 365 484 төгрөг

ТӨ-IV цалин 1289447 төгрөг, нийт 99 албан тушаалтан 127 655 253 төгрөг

ТӨ- V цалин 1194253 төгрөг, нийт 68 албан тушаалтан 81 209 204 төгрөг

ТӨ-VI цалин 1142329 төгрөг, нийт 50 албан тушаалтан 57 116 450 төгрөг

 

Эндээс үзвэл төрийн өндөр албан тушаалтнуудын сарын цалин нийт 277 161 885 төгрөг болдог байна. Энэхүү мөнгийг гурван сараар үржүүлбэл 831 485 655 төгрөг байх бөгөөд Ерөнхий сайдын санал гаргасан төрийн өндөр албан тушаалтны цалинг гурван сар 30 хувиар хасахад 249 сая 445 мянган төгрөг хэмнэх тооцоо харагдаж байгаа юм. Хуульд төрийн өндөр албан тушаалтан гэж хэнийг хэлснээс харж, тооцоолбол ийм тоо гарч байгаа юм. Гэхдээ ажлын хэсэг дээр ТӨ I-IV хүртэлх албан тушаалтныг оролцуулах эсэхээс хамаарч дээрх тоонд өөрчлөлт гарах магадлалтай. Ямартай ч дээрх тооцооллоос харвал 300-гаад сая төгрөгийг хэмнэх боломжтой байна. Дээрх мөнгөн дүнг ажлын хэсэг бага байна гэж үзвэл төрийн өндөр албан тушаалтнуудыг нэмж тооцсоноор төсөвт орж ирэх мөнгөн дүнгийн тоог нэмэгдүүлэх боломжтой юм.

 

М.Өнөржаргал