“Аав”-ын хаалга татсан ч ар сайтай бол албан тушаалдаа эргээд очдог жишиг тогтох нь. 2012 оны сонгуулиас хойш Засгийн газрын бүрэлдэхүүнд гурав дахиа өөрчлөлт орох үеэр “эрүүгийнхэн” од болоод байгааг та хэвлэлээс уншсан л байх.

Тэр нь МИАТ компанийн захирлаар ажиллаж байгаад “Дайны эрсдэлийн сан” гэх зохиомол даатгалын компани байгуулж, МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан Ц.Орхон энэ Засгийн газрын шинэхэн сайд М.Зоригтын ивээлд багтсан явдал. Зам тээврийн сайд түүний мэдлэг чадварыг нь ашиглах үүднээс МИАТ-т мэргэжилтнээр авсан гэж байгаа. Харин дараагийнх нь бас л шүүхээс ял сонссон нэгэн эрхэм сайд бүү хэл Шадар сайдын ивээлд багтсан явдал. Тодруулбал, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон генерал П.Дашийг Шадар сайд Ц.Оюунбаатар ажлын албандаа ахлах зөвлөхөөр томилсон юм. Уг нь дээрх хоёр томилгоог УИХ-ын дарга болон АТГ- аас эсэргүүцсэн ч тусыг эс олсон юм.

Тодруулбал, Зам тээврийн сайд М.Зоригт Ц.Орхоныг ажилд авлаа гэхэд нь УИХ-ын дарга З.Энхболд “Ц.Орхон болон бусад хүний хувьд МИАТ- ийн хаалга хаагдсан“ гэж тодорхой сануулсан. Гэсэн ч шинэхэн сайд спикерийн энэ сануулгыг юман чинээ тоолгүй томилгоогоо хийсэн. Харин Шадар сайд Ц.Оюунбаатар П.Даш генералаар зөвлүүлэхээр болоход АТГ-аас “Генерал  П.Дашийг томилж болохгүй, ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн ч Шадар сайд мөн л эс тоосон. Ерөөсөө төрийн алба, тэр дундаа дээд шатандаа хэнбугай ч хүссэнээ хийдэг  болсны тод илэрхийлэл нь эдгээр жишээ. Энгийн жишээ татахад, нэгэн дээвэр дор ажиллаж байсан хамт олноосоо ямар нэг зүйл хулгайлсан нөхөр эргээд тэнд ажиллах нь бүү хэл, нүүр хийх газаргүй л болдог. Түүнийг бүгдээрээ л жигшин зэвүүцдэг. Гэтэл ганцаар тогтохгүй их хэмжээний мөнгийг хууль бусаар завшсаныг нь хуулийн байгууллагууд тогтоосон учраас гурван ч шатны шүүхээс ял оноосон эрхмүүдийг ийнхүү төрийн албанд эргүүлэн томилж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь ойлгомжтой. Хамгийн гол нь “аав”-ын хаалга татсан ч эргээд нам эвсэл дамжин байж том албан тушаалд очиж болдог гэдгийг энэ хоёр жишээ харуулчихлаа. Өнгөрсөнгүй өнөөдөр гэж үгүй. Эх орны ирээдүй болсон залуус энэ бүхнийг харж суугаа.

Хожим тэд хэрэг үйлдсэн ч түүнээ юман чинээ бодолгүй дарга сайдын суудалд заларна гэж зүтгэвэл яах вэ. Ингэж хойч үеэ буруу зүйлд уриалан дуудаж, буруу жишиг тогтоож байгаагаа эрхэм дарга нар ухаарч байдаг юм болов уу. “Хэрэг хийсэн хүн эргээд тийм дарга болж байсан учраас би ч гэсэн тийм албан тушаалд очно” гэж ялтнууд зүтгэвэл “Хууль бол хууль” гээд сууж байх нүүртэй үлдэхсэн. Эсвэл энэ улсад хууль байхаа, иргэд нь хуульд захирагдаж амьдрахаа больж байгаа хэрэг үү. 

 

М.Өнөрөө