Сонсголонгийн авто зам нээгдлээ
2015/10/30
Сонсголонгийн 5.5 км даацын замыг ХБНГУ-ын Wirtgen группын SP 500, АНУ-ын Gomaco брэндийн бетон дэвсэгч ашиглан үндэсний үйлдвэрийн цемент, арматур, авто замын бусад материалаар шинэ технологоор гүйцэтгэсэн шинэ зам нээгдлээ.
Сонсголонгийн хуучин замыг арматурчлалтай бетон хучилттай даацын зам болгож өргөтгөн шинэчлэх ажлыг Гудамж төслийн захиалгаар үндэсний шилдэг компаниуд болох "Бадрах Ойл" ХХК, "Ар Суварга" ХХК амжилттай гүйцэтгэж, өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.
Нийслэл хотын баруун дүүргийн төв замаас Сонсголон орчмын үйлдвэрлэлийн бүс, Яармагийн гэр хороолол, Чингис хаан олон улсын Нисэх буудал, Төв аймаг руу чиглэсэн чухал ач холбогдолтой энэхүү зам нь 1973 онд ашиглалтад орсноос хойш 2013 он хүртэл үе шатны засварын ажлууд цаг хугацаандаа хийгдээгүй учраас нийт хучилтын 90 орчим хувь нь эвдрэлд орж, тээврийн хэрэгсэл зорчиход маш хүндрэлтэй болоод байсан юм. Энэ байдалд “Гудамж” төслөөс судалгаа хийж, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах Мастер төлөвлөгөө, авто замын дагуух хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан дараах хүчин чадал бүхий авто замын ажлыг гүйцэтгээд байна. Ингэснээр уг зам нь хүнд даацын болон бүх төрлийн тээврийн хэрэгсэл зорчиход саадгүй болж, агаар, хөрсний бохирдол, авто замын түгжрэл зэрэг олон бэрхшээлийг шийдвэрлэж чадлаа.
Замын зураг төсөл болон барилга гүйцэтгэлийн ажлын бүхий л үе шатанд хяналт-зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байгаа Япон улсын “Си Ти Ай Инженеринг Интернэйшнл” ХХК-ийн Зөвлөх багийн ахлагч Кенжи Маруока “Энэхүү зам нь 60 жил ашиглагдах боломжтой. Гэхдээ ашиглалт, арчлалтын горим, зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо зэргээс хамаарч энэ хугацаа уртсах юм уу, богиносч болно” гэж ярилаа.
Бүтээн байгуулалтын хүчин чадал, техник үзүүлэлт:
Монгол Улсад анх удаа Үндэсний компаниуд орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглан цемент бетон хучилттай энэхүү авто замын ажлыг гүйцэтгэлээ. Авто замын ажлыг ХБНГУ-ын Wirtgen группын SP 500, АНУ-ын Gomaco брэндийн бетон дэвсэгч ашиглан үндэсний үйлдвэрийн цемент, арматур, авто замын бусад материалаар гүйцэтгэснээрээ нийгэм-эдийн засгийн өндөр ач холбогдолтой.
Энэхүү замын нийт урт нь “Монос”-ын уулзвараас Нисэх-Яармагийн уулзвар хүртэл 5.5 км бөгөөд тус бүр 3.5 м өргөн 4 эгнээ бүхий зорчих хэсэгтэй, зорчих хэсгийн 2 талаар 0.5 м өргөн аюулгүйн зурвас, замын тэнхлэгээр 1 м өргөн тусгаарлах зурвас, замын хоёр талаар 1.5х2 м өргөн явган хүний зам, мөн дугуйн замтай болсон. Хуучин зам нь 7 м өргөн зорчих хэсэгтэй 1.5х2 м өргөн хайрган хөвөөтэй нийт 10 м өргөн байсан юм. Харин шинэ төлөвлөлтөөр 24 м өргөнтэй болгож, замын нийт уртад хамгаалалтын төмөр хайс, гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэсэн.
Хучилтын үе:
- Цементбетон хучилт - 240 мм
- Цементээр бэхжүүлсэн суурь- 150 мм
- Суурийн доод үе 150 мм
Инженерийн байгууламж:
Зам барилгын ажлын явцад 120 орчим хөндлөн сэтэлгээ хийж, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг огтлолцуулж, инженерийн байгууламжуудтай уялдуулсан.
Замын нийт уртын дагуу ус зайлуулах 8886 метр шугам хоолой, 281 ширхэг худаг, 640 метр лотки, 237 шон бүхий гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан.
Зочин · 2015/10/30
Ar suvarga yumuu Ar xudraga yumuu .neriig ni zuv bicheechee.