Улс орны эдийн засгийн байдал маш хүнд байна. Дээрээс нь Засгийн газар огцрох уу, ажлаа үргэлжлүүлэн хийх үү гэсэн сорилт дээр явж байгаа аж. Харин яг энэ үед 2016 оны улсын төсвийн хэлэлцүүлэг УИХ дээр ид яригдаж байна байна. Мөн одоогийн хэлэлцэж байгаа арга барил хуучин хэвээрээ байгаа учраас тогтсон уламжлал өөрчлөгдөхгүй болов уу.

 

Байдал ийм байгаа үед эхний хэлэлцүүлэг Засгийн газраас өргөн барьсан төсвийг багагүй хасч, танадаг. Засгийн газраас өргөн барьсан төсөв маань эргээд танигдахын аргагүй болдог талтай. Сүүлийн дөрөвдүгээр шатанд орлого зарлага нь ойролцоо батлагдчихдаг ийм практик явагдаад байна. Энэ удаагийн төсвийг арай өөр, үнэхээр эрүүл төсөв батлагдаасай гэж хүсч байна. Ирэх онуудад эдийн засаг хүндхэн байх төлөвтэй байгаа. Тэгэхээр эдийн засгийн байдалдаа тохирсон төсөв хийх хэрэгтэй гэдгийг хаана хаанаа бодолцох нь чухал билээ.

 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсврийн төсөөллийг тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудал багтаж байлаа.

 

Харин намын бүлгүүд болон бие даагчдын зөвлөл төсвийн төсөлд өөр өөрсдийн байр сууриас хандахаа илэрхийлсэн. Ирэх оны төсвийг хэмнэлтийн, бүсээ чангалах төсөв байна гэдгийг Сангийн сайд Б.Болор мэдэгдэж байв. Ингэхдээ 3000 албан хаагчийг цотомгож, төрийн захиргааны болон улс төрийн 2900 албан тушаалтны цалинг 30 хувь бууруулахаар төсвийн төсөлд тусгасан гэнэ. Харин үүнийг сөрөг хүчин болох МАН дэмжихгүй гэдгээ долоо хоногийн өмнө болсон бүлгийн хуралдаанаараа шийдсэнээ мэдэгдсэн. Бие даагчдийн зөвлөл ч цомотгол хийхээс илүү үр ашиггүй зүйлд зарцуулах төсвөө багасгах хэрэгтэй анхааруулсан.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ “Том зургаараа харвал бид тэртэй тэргүй сайн төсөв батлах үндэс байхгүй. Яагаад нэг их наядаар тасрав. Энэ чинь төсвийн бараг 15 хувь. Асар их мөнгө шүү дээ. Зуун төгрөг тутамд 15 төгрөгийн алдаатай тооцоо хийнэ гэдэг байж болохгүй. Эдийн засагчид байхгүй улс оронтой адилхан гэсэн үг. Төсвийн орлого хаанаас бүрддэг вэ гэвэл 87 хувь нь уул уурхайн баялгаас ордог. Бид орлогоо олж чадахгүй байна гэсэн санаа. Орлого хоёрхон зүйлээс бүрддэг. Татварын орлого, орон нутгийн орлого гэж байгаа. Орон нутгийн орлого бол орж байгаа. Татварын орлогын ихэнхийг 80-аас илүү хувийг уул уурхайгаас оруулж ирдэг. Тэгэхээр Монгол Улс яагаад орлогоор тасарч байна вэ гэвэл уул уурхай зогссондоо биш өнгөрсөн гурван жил олигархиудад ээлтэй хууль тогтоомжууд их гарлаа” гэсэн юм.

 

Г.Төмөр