Г.Алтан олон Овоотыг Хонконгчуудад бэлэглэчих вий
2013/07/25
Нэгэн хуучин мэдээ яг шинэ мэт сонсогдож, олон нийт гайхашран хүлээн авлаа. Энэ бол “Алтжин”, “САПУ” тэргүүтнийг амжилттай удирдаж байсан хатагтай Г.Алтан “Олон овоот”-ын алтны ордын эзэн болсон явдал юм. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2011 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Түүний бизнесийн карьер дууссан, Г.Алтан баяртай” гээд байсан хүмүүсийг алмайруулж Олон овоотын уурхайн 50 хувийг эзэмших болсон гэх мэдээлэл цацагдаж байсан.
Үүнийг баталгаажуулж “Жаст” группийн захирал Ш.Батхүү уг ордын бүх лицензийг Г.Алтанд 100 хувь шилжүүлсэн” хэмээн мэдэгдлээ. Зарим хүний үзэж байгаагаар ингэж зарлан “өөрийгөө галаас холдуулах” шалтгаан, нууц тохироо байсан байж болох ч “Голдман сакс”-ийн савраас монгол хүний гарт шилжсэн нь олзуурхууштай. Олон овоот бол маш үнэтэй орд. Энэ төслөөс болж Ш.Батхүү “Хадгаламж”-ийг доройтуулснаа ч нуудаггүй.
Дашрамд сануулахад Ш.Батхүүг Олон овоот төсөлд орох үед тус ордын лицензүүд “Голдман сакс”-ийн мэдэлд хэдийнэ оччихсон байдаг. Яг тэр үед холбогдох албаны хүмүүс Олон овоотыг “Зоос” банкны мэдэлд байгаа гэж батлан хэлж байсан нь худлаа байсан. Азаар “Голдман сакс” банк буюу банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөлгүй байсан тул манайхан арайхийн лицензээ өөрийн болгосон ч хэд, хэдэн банкны дундын барьцаанд тавьснаар Олон овоот “монголд” үлдсэн түүхтэй.
Товчхондоо “Жаст”, “Монгол газар” хоёр буюу Ш.Батхүү. Ц.Мянганбаяр нар 2006-2008 онд хамтарч ажиллаад Олон овоотыг ашиглаж чадаагүй. Харин Г.Алтан “чадна” гэж зориглосон нь сонирхолтой. Түүний ард урьдын адил “асаалттай танк” нь байгаа билүү. Эрх мэдэлтэй, энгүй түшигтэй улстөрчдийнхөө хамгаалалттайгаар “хол явсан” бизнесмэнүүд “ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад” ирж байгааг бид хангалттай харж байна. Тэдний эгнээнд Ш.Батхүү, Г.Алтан нарын аль, аль нь орно. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд тэр хоёрын түншлэл ойр байсаар ирсэн. “Хадгаламж банкны 51 хувийг Г.Алтан эзэмшинэ”, “Шатахуун түгээх станцуудаа Ш.Батхүүд худалдлаа” гэхчлэн хувь заяа тэднийг холбож хөтөлсөөр буй.
Тэгвэл хатагтай Г.Алтангийн бизнесийн ноёрхол дахин сэргэх болсон нууц нь юунд байна вэ. Тэрбээр “Бөмбөгөр” шатсаны дараахан тус худалдааны төвийн байранд үйл ажиллагаа явуулж байсан худалдаачдад бага, сагаар нөхөн төлбөр тарааж өрөвдүүлсээр таг чиг болгож орхисон. Тун удалгүй “Сингапурт байхдаа мөнгө босгосон” гэсэн тайлбартайгаар “Олон овоот гоулд” компанийг эзэмшиж эхэлсэн ч олон нийт түүний “сэргэлт”-ийг нэлээд хардлагатайгаар хүлээж авсан юм. Ядахдаа Г.Алтанг Олон овоотод хувь эзэмших болсны дараахан тус ордод багахан хэмжээний түймэр гарсныг хэлэх үү. Угийн билэг танхай нутгийнхан “Галтан авсан юм чинь гал гаралгүй л яах вэ” гэцгээж байсан юм даг.
Энэ удаад Ш.Батхүү аргагүй “шахаанд” орсоны эрхэнд Г.Алтанд Олон овоотоо шилжүүллээ. Алтны нөөцөөр олз олох гэхээсээ илүүтэй арвин өртэй, хэл ам ихтэй энэ төсөл Г.Алтангийн гарт орсоны цаана “нууц ноёнтон”-уудыг нь тандаж байна. Байнга “хардуулж” байдаг Ц.Нямдорж андыг нь одоо хардах нь үеэ өнгөрөөсөн хэрэг бололтой. Гэвч “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр нөмөр нөөлөг нь хаачих вэ. Тэгээд ч 2016 оны сонгуулиар салхи хаашаа эргэхийг таашгүй. Харин одоохондоо бол түүнтэй нэр холбогдож байсан УИХ-ын гишүүн Б.Наранхүүг “Г.Алтангийн ар дахь асаалттай танк”-аар нэрлэж эхлээд байна. Энд тэнд хөрөнгө тасдаж өгөөд “мартчихдаг” түүнийг замын дундаас нөхдөө хаядаггүй сайн талтай гэдэг юм билээ. Тиймээс ч эгзэгтэй үед, тэр тусмаа алтны уурхайн “тэргүүн хатагтай” болж буй Г.Алтангаас түншлэлээ салгахгүй байж магадгүй гэж хардах хүн цөөнгүй. Тэгээд ч Г.Алтанд одоохондоо Ардчилсан намынхан л хэрэгтэй байгаа юм.
Сайн улстөрч дөрвөн жилийн найз болчихоод байгаа энэ цагт Г.Алтанд хамгийн том хань хэн байна гээч. Тэрбээр эхний ээлжинд Олон овоотыг ашиглахад эн түрүүнд хэрэгтэй байгаа 30 сая ам.долларын санхүүжилтийг Хонконгоос оруулж ирэхээр болжээ. Тэгээд ч зогсохгүй “Олон овоот гоулд” компаний менежментийг удирдуулахаар Хонконгийн уул уурхайн санхүүжилтийн мэргэшсэн багийг урьж ажиллуулахаар болсон гэнэ. Мөн “Олон овоот гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албанд Хонконгийн санхүүгийн зах зээлийн мэргэжилтэн Чан Кван Хунийг томилчихож. Ийнхүү Олон овоотыг ашигтай ажиллуулах баг нь СЕО-тойгоо ирчихээд байхад Г.Алтан зөвхөн “билэг тэмдэг” төдий харагдаж эхлэхгүй гэж үү.
Нөгөөтэйгүүр “Тус ордын нөөцийн хэмжээ найман тонн байна” гэж зарлаж эхлээд байгаа. Яагаад нөөцийн хэмжээ ийнхүү багасах болов. Уг нь манай Кадастрын албаны баталгаажуулсан нөөцөөс гадна “Жаст”-ынхны хяналтын өрөмдлөг хийснээр есөн тонн орчим алттай гэдэг. Мөн 2005 оны хоёрдугаар сард тус ордын нөөцийг Монгол Улсын эрдэс баялгийн санд бүртгүүлж, Канадын “Вардроп Инженеринг” компаниар бодит нөөцийг нь олон улсын стандартын дагуу баталгаажуулснаар бол 18.54 тонн алтны нөөцтэй гэсэн байдаг юм. Ямартай ч хамгийн сүүлд хийсэн ашиглалтын тооцоог хайгуулын ажил, олборлолтын хэмжээтэй харьцуулахад улам багассаар байгаа энэ ордоос ердөө 570 килограм алт л олборлосон юм гэдэг.
Тэгэхээр арилжааны банк болон банк санхүүгийн байгууллагуудын дундын өр, иргэн, аж ахуйн нэгж, татварын өртэйгээ нийлээд 300 тэрбум төгрөгийн өртэй гээд бодохоор Хонконг эзэд нь Г.Алтан хатагтайтай нийлээд эрсдлийг давж олз атгана л гэж төсөөлсөн бололтой юм.
У.Оргилмаа