Яруу найрагч Бямбаагийн Лхагвадорж Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул. Цөөхөн дуугарч, удаан алхана. Ахиад л үгээ зөөж чамбайхан юм хэлнэ. Их сургуулиа орхиж, ижийгээ өргөхөөр нутаг гүйгээд буцаж сургуульдаа ирээгүй нэгэн. Ээжийн эрх хүү ижийгээ асрахыг эрхэмд үздэг тунгалаг сэтгэлт, хиргүй найрагч. Мэдээж маш гоё шүлгүүдтэй. Эвдэрээгүй, зэврээгүй эгэл жирийн найрагчийн сэтгэлээр хамтдаа аялая, уншигчид аа!

 

 

 

 

 

  • Хөдөө орон нутагтаа уран бүтээлээ туурьвиж цагийн салхинд ганхаж хазайдаггүй цөөхөн найрагчдын нэг бол та. Хоёулаа нутаг усныхаа талаар яриагаа эхлье? Энэ жил ч Дорноговьд сайхан зун болж байх шиг байна?
  • Тэнгэр хурмаст хур бороогоо хайрлаад дэлгэр сайхан зун болж байна. Ноён хутагтын маань IX дүрийн гэгээнтэн тодроод хүн зоны маань ч сэтгэл өөдрөг их хутагтынхаа ойг угтаж байна даа.  
  • Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ой тохиож байна. Энэ цаг үеийн уран бүтээлийн дээжээсээ хуваалцана уу?
  • Миний нэг их баярлаж байгаа зүйл маань хаврын сар хуучраагүй цагаар IX хутагтынхаа төрсөн гэрээр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч анд Н.Гантулгынхаа хамтаар бууж суугаад ижий аавтай нь уулзаад ирсэн. Зуны эхэн сарын шинийн 15-нд хоёр найзтайгаа Хамарын хийд рүү алхаад ирлээ. Гороолох маягаар. Их хүний энерги шингэсэн толгодын дунд сууж үг эвлүүлж үзлээ. Энэ бүхнээ их билэгшээж байгаа. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл нутгийнхаа тухай “Шандын үдэш” гэж дууг ая зохиогч, дуучин Ж.Галбаатартай хийсэн. Галаа ах маань өөрөө дуулсан. Ая зохиогч Н.Бат-Өлзийтэй хамтарч хоёр ижийнхээ дурсгалд зориулаад “Нутгийн салхи ээжийн үнэртэй” гэж дуу хийснийг МУГЖ У.Далантай дуулж байна даа.
  • Ер нь хэдийгээр шүлэг найргийн амтанд орж утга зохиолын ертөнцөд хөл тавив?
  • Анх 19 настайдаа шүлэг бичсэн. Зуны шөнө сарны гэрэлд хайрын дурсамж шүлэг бичиж байлаа. Одоо харахад шүлэг ч юу байхав дээ. Гэхдээ тэр үеэс л зүрх тархи хоёр минь яруу найрагт дурлаж одоо хэр уйдаагүй явна даа.
  • Хайр дурлал бол яруу найргийн мөнхийн сэдэв. Дурлахаараа найрагчаас хайрын шүлэг асгарч гардаг юм шиг санагддаг? Таны бодлыг сонсмоор байна?
  • Ер нь дан ганц яруу найрагч гэлтгүй дурласан хүн бүхний сэтгэлд тийм нэг яруу тансаг, магадгүй гуниглангуй мэдрэмж дүүрээд сагаж, цалгиад ирдэг юм шиг байгаан. Бусдаас ялгаатай нь найрагчид түүнийгээ шүлэг болгоод хүмүүст хүргэж чаддагт л байдаг юм болов уу даа. Огтын танихгүй зөрөөд өнгөрсөн хэн нэгнийг шүлэг болгоод аваад үлдэж чаддаг хүн найрагчид л байдаг байхгүй юу. Тэгсэнээрээ бас дурламтгай ч гэж хэлэгдэж явдаг байх. Гэхдээ миний “Сар гуниглах анир” номын өмнөтгөлд Цэеэ багш “Хайр бол мөнхийн сэдэв биш ч байж магадгүй” гэж бичсэн байдаг юм. Сонин шүү. /инээв/
  • Яруу найргийн түүврээ гаргана гэж байсан. Хэд дэхь номоо өлгийдөх гэж байгаа вэ?
  • Миний шүлгийн гурав дахь ном, энэ ондоо л багтаж гарах байх. Урд нь яруу найргийн хоёр ном гаргасан. Мөн ноён хутагт Данзанравжаагийн 210 жилийн ойд зориулан “Дорноговийн зохиолчдын цоморлог-1” номыг эмхэтгэж хэвлүүлсэн.
  • Саяхан ижийдээ зориулж бичсэн нэгэн сайхан шүлгийг чинь олж уншсан. Нэг их хайр харуусал хоёр зэрэг л өгсөөд ирэх шиг болсон. Ижийдээ зориулж олон шүлэг бичив үү?
  • Цөөхөөн. Анх шүлэг бичих гэж сонирхож оролдож байх үедээ бол олон шүлэг бичнэ. Эрихний тоогоор чаддаггүй юмаа гэхэд 21 дарь эхийн тоогоор бичнэ гэж боддог байлаа. Яг бичих гээд суухаар их хэцүү. Энэ хэдхэн үг үү дээ гэсэн бодол төрөөд, тэгээд л үзгээ тавина шүү дээ. Харин ээжээсээ хойш нэг харууслын шүлэг бичсэн. Ахиж харуусахгүй гэж бодож бичсэн... Хүнд хүрсэн л юм шиг байна лээ.
  • Ижийгээ өвчтэй байхад хэрхэн ачилж байсныг чинь би мэднэ. Ижийдээ хийж өгч чадаагүй юм бий л байх. Ээжийн эрх хүү ижийгээ алдана гэдэг ...?
  • Ижийдээ тийм газар үзүүлнэ. Ийм юм авч өгнө гээд л... бодож байсан юм бий л дээ. Гэхдээ ээжийнхээ хамгийн ихээр хүсч хүлээж байсан зүйлийг нь харуулж чадаагүйдээ одоо хэр нь харамсаж л явдаг. Ханьтай болж амжсангүй. Юм санаснаар болох биш дээ. Гэхдээ би ижийгээ гомдоож яваагүй ээ.  Би ээжийгээ байгаа л гэж бодохыг хүсдэг. Хааяа нэг өвдөж зовоогүй сайн сайхан байгаагаар нь зүүдэлчих ч сайхан шүү дээ. Уулзсан л юм шиг...
  • Ээжийнхээ тухай ярьвал сайхан байх. Ээж гэдэг хүн үрдээ хэзээд ертөнцийн хамгийн мундаг эмэгтэй байдаг? Ээжээсээ өөр мундаг эмэгтэйг мэдэх үү?
  • Би чинь тэнгэрийн дуунаас их айна. Тэнгэр ч нижигнээд л байна. Ээж минь тэнгэр их дуугарвал уншдаг тарни гээд л домгийг нь ярьж өгөөд л уншина.  Би ч ээжийнхээ өгдөгийг түшээд л сууж байна даа. Харин одоо бол айхаа больсон доо. Мэдээж ээж минь миний хувьд хамгийн эрхэм. Гэхдээ хамгийн эгэл энгийн тийм л хүн байсан. Би ямар ч эмэгтэйг ээжтэйгээ жишихгүй. Ингэх нь ямар ч боломжгүй. Ээж минь ч мундаг. Өөр ч мундаг эмэгтэй олон л байгаа. Гэхдээ хооронд нь харьцуулж боломгүй тийм тус тусдаа мундагууд л даа. /инээв/
  • Ээж нь хүүдээ зөндөө л баярлаж байсан байх. Ээж нь хүүдээ хамгийн ихээр баярлаж догдолсон гэрэлт мөчөөсөө хуваалцвал ямар байна?
  • Ээжийгээ асрах гээд их сургуулиа орхиж байлаа. Ээж минь надаас болоод хүү минь сургуулиа орхилоо гээд их л харамсдагсан. Ээжийгээ асрах нь охин хүүхэд шиг гээд таних танихгүй улс зөндөө л магтана. Тэр тоолон ээж минь хүүгээрээ бахархаж баярладаг байсныг би мэднэ. Гэхдээ хамгийн ихээр баярлуулсан нь өөрийнхөө хэдийг энэ чинь л шүлэг гэдэгт нь дөхөж байгаан биш үү гэж бодсон цагаасаа л ном гаргаж болох юм байна гэж бодох болсон. Тэгээд хүсч хүлээж гаргасан номоо ижийдээ зориулсан. “Интэр ном”-д нээлтийг нь хийж ижийгээ урьж оролцуулсан. 2009 он л доо. Ээж минь ч их баярласан даа. Эмнэлэгт хэвтэх болгондоо л номыг минь авч явна. Хавийн хүмүүст үзүүлнэ. Хүүгийн минь ээждээ зориулсан ном гээд л... Номноос минь адис аваад дэрлээд л унтдагсан... Энэ дашрамд ахин хэлэхэд тухайн үед ном бүтэх үйлд оролцсон нөхөддөө, УИХ-ын гишүүн Жамьянсүрэнгийн Батсуурь гуайдаа талархаж явдаг даа.
  • Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье! Сайхан наадаарай.










Б.Чулуунцэцэг