Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлэхээр боллоо
2015/11/23
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хараа хяналтгүй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/894 дүгээр захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу хүйтний улирал болж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гэр орноосоо дайжин хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах, боломжгүй тохиолдолд хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын харьяалалд шилжүүлэх нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд энэ сарын 25-27 өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, бүртгэх, харьяалалтай болгох арга хэмжээг дүүрэгтээ зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, шаардлагатай төсвийг шийдвэрлэн ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, Гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй, гэр бүлээсээ дайжин нэгээс дээш жил хараа хяналтгүй явсан хүүхдийг хүүхдийн халамж, асрамжийн төвүүдийн хамгаалалд түр болон бүр шилжүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт үүрэг болгов.
Мөн хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын асран хамгаалалтад шилжсэн хүүхдэд зарцуулагдах хөрөнгийг “Төвлөрсөн асрамжийн үйлчилгээний зардлын норматив”-ын дагуу тооцож шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга нарт, энэхүү арга хэмжээнд шаардагдах 5 сая 748 мянган төгрөгийг тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болгосон хэмээн Нийслэлийн ОНХХ-ээс мэдээллээ.