Монгол улсын Засаглал, дэлхийн сонгодог парламент руу ойртох гэж байгаа гэсэн сонгуулийн ядруухан пиар улс орон даяар түглээ. Үндсэн хууль ѳѳрчлѳх замаар энэ концепцыг хэрэгжүүлэх гарц байгаа, шуурхайлаад амжуулчих хугацаа ч бий, гэтэл МАН болон зарим судлаачид саад болоод байгаа юм гэсэн үгийг орон нутгаар бэдэрч яваа улс тѳрчид яриандаа хавчуулахаа мартахгүй байна. Яг үнэндээ бол ийм концепци байхгүй л дээ, байлаа ч тэр нь туйлийн ҮХЭЭНЦ КОНЦЕПЦИ, учир нь энэ ОЙРТОХ КОНЦЕПЦИ гэгч нь ямарч үндэслэлгүй хоосон санаа юм. Ойртох концепцын жишиг объектоор Германы Бундестаг тодорч байгаа юм байна, УИХ-ын дарга ахалсан бүдүүн групп газар дээр нь очиж судлаад, гаднаас нь хараад их гоё санагдсан болохоор тэр. Соёл иргэншлээр хѳгжлийн дээвэрт гарчихсан, нийгмийн амьдралын сэжүүр бүр нь зарчим, стандартаар хайрцаглагдчихсан, алхам бүр нь цагт захирагдаж, цагаар амьсгалдаг хариуцлагатай ард түмний парламентийн Засаглалын тѳгс боловсрогдсон механизм руу ойртоно гэх нь зоригтой л мэдэгдэл. Дээд мандлын сэмжин үүлээр тариалангийн талбай услахаас ч хэцүү, монголын хѳрсѳнд буух үндэслэлгүй болохоор тэр нь бүтэшгүй санаархал гэлтэй. Манай хэд л ГЕРМАНЫ СОНГОДОГ ПАРЛАМЕНТ гэж банаг юм яриад байгаа болохоос немцүүд ѳѳрсдѳѳ СОНГОДОГ гэж онцгойлж ярьдаггүй, яагаад гэвэл Германы бүх зүйл сонгодог, улс тѳр, нийгмийн амьдрал нь...зарчимгүй юмс үзэгдэл гэж байхгүй, зарчимд захирагдахгүй хүн гэж үгүй...гэсэн Гегелийн үзэл санаанд тулгуурлчихсан ѳндѳр хариуцлагаар баталгаажиж явдаг болохоор тэр.

 

Үндэслэлгүйн үндэслэл

 

1. Герман гүрэн бол соёл иргэншлийн орон, манайх тэхэд соёл иргэншилгүй орноос, соёл иргэншил тѳлѳвшүүлэх шат руу дѳнгѳж алхаж ороод, заримдаа тэнцвэр алдан дэнжигнэж, учраа олохгүй бүдчиж яваа улс. Тэнд ХҮН ДЭЭД үзэл зүгээр л амьдралын хэрэгцээ болчихсон байдаг. Хүнийг амьтан гэдэг талаас нь биш ХҮН гэдэг талаас нь ханддаг, Германд ХҮН бол ОБЬЕКТ биш СУБЬЕКТ. Манайх шиг ХҮН ДООД үзэлтэй, хүнийг мѳнгѳѳр боолчлогч клептократууд, ХҮН ТѲВТ үзэлтэй МАН голдуу улс тѳрчид зээглээд суучихсан парламент гэнэт л ОЙРТОХ лоозон гартаа бариад СОНГОДОГ болчих үлгэрийн аман зохиол хэрэгжих бодит үндэслэл байхгүй. Нийгмийн суурь ухамсрын тѳвшин ч Германы хэмжээнд хүрэх яагаачгүй байна. Хувьслаар зоргоороо ѳѳрчлѳгддѳг ( evolution) бодит хуульт харилцаанд хүчээр хувьсгалт (revolution) ѳѳрчлѳлт хийнэ гэж сагсуурах нь ухамсрын хѳгжлийн бодит хуулийг зѳрчиж, улмаар улс орноо эргэн нѳхѳгдѳшгүй гамшгийн ирмэгт аваачих эрсдэлтэй алхам ч болж мэднэ. Германчууд,...жинхэнэ немц хүн гэж хэн байдгийг харахыг хүсвэл манай ерѳнхийлѳгчийг харчих...гэж бахархан ярьцгаадаг. Тѳрийн түшээддээ хандах соёл нь хүртэл ѳѳр тѳвшингийх. Манайх тэхэд,...балин хамарт, шар дээлтэй шавар бурхан, авлигын загалмайлсан эцэг, тарвага, хужаа, эрлийз хурлийз, хүзүүгүй хүн...ѳѳрсдийхѳѳ сонгосон ерѳнхийлѳгчийг хэлэхгүй муухайгаар дууддаг. Ѳѳрсдийхѳѳ сонгосон УИХ-ын гишүүдээ бол бүр алий нь алдуулсан, мангуу, маанаг, илжигнүүд, ухаанд нь ухна ишиг ороод үхчихсэн тэнэгүүд, тархины тураалтнууд, зомбинууд...ѳѳр юу юу ч билээ. Ѳѳрѳѳр ярьсан хүнийг шизотой гэж ад үздэг, илүү сэтгэсэн хүнийг худалчаар нь дууддаг, бодлоос нь зѳрсѳн хүнийг хужаа болгодог араншинг үндэсний менталит гээд үлдээж болох ч огцом ѳѳрчлѳлтийг хүлээж авахааргүй орчин бүрэлдчихсэн гэж үзэж болно. Малтайгаа цуг бэлчиж явахдаа, малаа зүслэн ялгадаг хочоо хүртэл тѳрийн түшээддээ ѳгдѳг ийм тѳвшингийн тулгуур харилцаанд ХҮН ДЭЭД үзэл санааг хэрэгжүүлнэ гэдэг их цаг хугацаа, шахуу ажил шаардах үйл (mission) байх нь дамжиггүй. Харин ч ХҮН ДЭЭД үзлийг эрхэмлэсэн улс тѳрийн платформ тѳрж, бойжиж байгаа нь монголчуудын мэдрэмж агуугийнх. Энэ миссион, нийгэм бүхэлдээ чанарын нэг шатнаас нѳгѳѳ рүү шилжин орох хѳгжлийн түүхэн захиалга ч байж магадгүй л юм. Тийм дээрээ тулвал, Үндсэн хуулинд тѳрчдѳд ашигтай ганц нэг ѳѳрчлѳлт оруулаад орхих биш, бүр бүхэлд нь ѳѳрчлѳх шаардлага гарахыг ч үгүйсгэх аргаггүй юм. ХҮН ДЭЭД үзлийг хэрэгжүүлэгчид нь харин, юуны ѳмнѳ ѳѳрсдѳѳ ДЭЭД үзэлтэй, шударга хүмүүс байх ёстой гэхээр их бэлтгэл хэрэгтэй байж таарна.

 

Хүн, хүнийхээ нэрийг гутааж, унагаж ѳѳрсдѳѳ илүү амьдрах гэсэн нийгмийн бусцар сэтгэлгээ зонхилчихсон суурь харилцаанд, хүнээ дээдлэх замаар, хүнийхээ амьдралын тавлаг орчныг бүрдүүлэх аргаар шинэ хүн тѳлѳвшүүлэх, эдийн засгийг тэлж биш хѳдѳлмѳрийг тунхаглан дээдэлж хѳгжих, цаг-баялагт шүтэж амьдрах... зэрэг нийгмийн хѳгжлийн тулгуур хүчин зүйлүүд ѳѳр хоорондоо координацид орж улс орны хѳгжлийн цогц механизм болон үйлчилж, швейцари цаг шиг яв цав хѳдѳлж байдаг тогтолцоог амьдруулан бүтээнэ гэдэг амаргүй, том концепци шаардах ажил. Тулгуур харилцааг илэрхийлсэн Үндсэн хуулийн заалтуудыг ѳѳрчлѳхѳд чиглэгдсэн концепци бүрийг ард түмнээр хэлэлцүүлэх ёстой, түүндээ зохицуулж Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг хийх учиртай л гээд байгаа юм, тэрнээс ард түмнээр зѳвшѳѳрүүлэх тухай утга огт биш. Тэгээд ч Үндсэн хуулинд ѳѳрчлѳлт оруулснаар С.Оюуны бодоод, хэлээд байгаа шиг хѳгжлийн дардан зам зурайгаад гараад ирэх гэнэн үндэслэл байхгүй, байх ч ёсгүй.

 

2. Герман улсын тѳр нь босоо ба хэвтээ тэнхлэгийн удирдлагатай, огтлолцол нь канцлер (ЕС) дээрээ очиж тѳвлѳрч байдаг онцлогтой улс орон. Тийм ч учраас Канцлерын Бүгд Найрамдах Улс гэж нэрлэгддэг. Холбоот улсын хувьд, мэдээж хэвтээ тэнхлэгийн хүчтэй удирдлага үйлчилж байдаг нь ойлгомжтой. Монгол улс дан ганц босоо тэнхлэгийн унитар удирдлагатай, орон нутгийн удирдлагын тѳрд очиж огтлолцох цэг нь тодорхойгүй, аймгуудын Хурлын дарга нар нь эзэнгүй...за нэг иймэрхүү л тогтолцоотой улс шүү дээ. Дээр нь ерѳнхийлѳгчийг УИХ-аас сонговол юу болох вэ! Монгол бол ерѳнхийлѳгчийг шууд сонгох АРД ТҮМЭН гэсэн ганцхан тойрогтой улс, ѳѳр бүтэц, формат байхгүй гэсэн үг. Соцын үед, тѳгс биш ч гэсэн эрхбиш ардын тѳлѳѳллийн тогтолцоо байсан, АИХ нэртэй. Жамсрангийн Самбуу гэх агуу ухаантай монгол хүн мѳн ч олон жил энэ ажлыг хѳдѳлгѳсѳн түүхтэй юм билээ, тэр уламжлалт сайн тогтолцоог устгаад оронд нь хэвтээ тэнхлэгийн удирдлагыг босгож чадалгүй ѳнѳѳг хүрсэн нь нийгэмд баганан харилцаа ноёлж, туушин харилцааг хямралд оруулсан концепцын том алдаануудын нэг болсоон. Парламенттай зэрэгцэн орших тусгай танхимаар ерѳнхийлѳгчѳѳ сонгодог, тодорхой форматтай улс орны тогтолцоог форматгүй хѳрсѳнд чирж авчраад нэмэргүй, шингэхгүй, ургахгүй, тэхээр Үндсэн хуулинд оруулах гээд байгаа заалтууд үндэслэлгүй гэсэн үг.

 

3. Парламентын сонгодог тогтолцоотой улс орнуудад парламент нь, ерѳнхийлѳгч нь тойруу замаар ард түмнээрээ сонгогддог, Герман, Австри зэрэг орнуудад ерѳнхийлѳгчѳѳ эхлээд ард түмнээс, дараа нь ѳѳр танхимаас ( Дээд танхим биш) дахин сонгодог, энэ бол сонгуулийн тѳгс тогтолцоо. Энэ механизмыг европын олон орнууд шууд аваад л ялимгүй ѳвѳрмѳц онцлогтойгоор бараг тэр чигээр нь хэргэлдэг. Ямар чѳтгѳр нь Германд ерѳнхийлѳгчѳѳ парламентаас сонгодог гээд ойлгуулчихсан юм бүү мэд, бүгд л ингэж яриад байгаа юм. Германы конституцид...парламентаас ( von Bundestag) гэсэн үг бий, гэхдээ немц хэлний von гэсэн угтвар нь дотроос гэсэн утгыг илэрхийлж байгаа. Ѳѳрѳѳр хэлвэл, нэгэнт ард түмнээс сонгогдсон Холбооны парламент дотроос шилж, Холбооны Зѳвлѳл гэгчээр оруулан хэлэлцүүлж сонгодог. Холбооны Зѳвлѳл гэдэг нь ард түмнээс шууд сонгогдсон тѳлѳѳллийн эрхтэй гишүүд, түүнтэй тэнцүү тооны Бундестагийн гишүүдийг нэмж оруулаад, гагцхүү ерѳнхийлѳгчийг сонгох, огцруулахад ажилладаг Танхимыг бүрдүүлдэг, парламентын Дээд танхим биш. Германы парламент бол ганц танхимтай тогтолцоо. Германы ерѳнхиѳлѳгч БИЛЭГДЛИЙН гэдэг бол бүүр худлаа, ерѳнхийлѳгчийн засаглалтай орнуудын ерѳнхийлѳгчѳѳс ч илүү эрх дархыг тэр эдэлдэг, гагхүү Гүйцэтгэх засаглалаа л хүчтэй ажиллуулах стандарттай тогтолцоо. Дээрх чѳтгѳрийн шивнээг залруулах, няцаах, ард олонд үнэн мѳнѳѳр нь ойлгуулах үүднээс зарим зүйлийн тайлбарын хэсгийг Герман эх сурвалжаас авч толилууллаа, болгооцгооно уу!

 

Германы сонгодог тогтолцоо гээд улс тѳрчдийн яриад, гайхуулаад байгаа юм Германд л лав байхгүй

 

Германы парламент Дээд, Доод танхимтай гэж яриад байгаа нь худлаа, Бундестаг ганц танхимтай. Харин Бундестагтай зэрэгцэн ажилладаг, Бундестагийн баталсан хуулийг дахин баталж албажуулдаг Бундесрат ( Bundesrat) гэж танхим бий. Гэхдээ тэр нь парламентийн танхим биш. ХБНГУ, 4 жилээр сонгогддог ганц танхимт парламентын засаглалтай улс.

 

Европын орнуудад, тухайлвал Германд, нийгмийн хѳгжил, хүн амын ѳсѳлтѳѳр парламентын гишүүдийн тоо ѳсч байдаг гэдэг шал худлаа. Зүүн Герман нэгдсэнээс хойш ч парламентын гишүүдийн тоо тѳдийлэн ѳсѳѳгүй. 1994 онд 672 гишүүнтэй байсан бол ѳнѳѳдѳр 631 гишүүнтэй, цаашид ч тоог цѳѳрүүлэх баримжааг баримталдаг гэсэн байна. Шинэ техник, электрон технолог нэвтрүүлэх нь тоог цѳѳлѳх үндэслэл гэж үздэг, тоог биш хѳдѳлмѳрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Тоог цѳѳлѳхѳѳр, гишүүдэд ачаалал нэмгдэж байгааг харгалзан цалинг нэмж, ялангуяа татварыг хѳнгѳлѳх халамжыг үзүүлдэг. Бундестагийн гишүүн, сардаа 7700 евроны цалинтай, жилдээ 45384 евроны татвараас чѳлѳѳлѳгдѳх эрхтэй, хэрэв Бундестагийн гишүүдийн тоог цаашид цѳѳлвѳл энэ хѳнгѳлѳлтийн эрх нэмэгдэнэ гэнэ.

 

Намууд хатуу фракцитай гэдэг бүүр ч худлаа. Парламентад намуудын гүйцэтгэх роль бол ѳчүүхэн. Сонгогчид 2 жагсаалтанд дугуйлна. Эхний жагсаалтад тойргоос сонгогдох хүнийг, дараагийн жагсаалтад намаас сонгогдох хүнийг дугуйлна. Парламентийн суудалд тойргоос сонгогдсон байдлаар биш, намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийн байдлаар 5%ийн босгоор таслагдан орж ирнэ. Фракци нь нам дотор биш парламент дотор байгуулагдана. Хѳндлѳнгѳѳс харахуйд олон фракцитай 1 нам байгаа ч юм шиг ѳвѳрмѳц. Нэг намаас гарч нѳгѳѳд орох нь чѳлѳѳтэй, ач холбогдолгүйд тооцогдоно. Намын бүлэг гэж байхгүй. Байнгийн 4 хороотой.

 

Засгийн газрыг огцруулна гэдэг Германы парламентийн хувьд ойлгомжгүй зүйл, ер нь тийм ойлголт байхгүй. Канцлерийг хамгийн олон санал авсан томхон фракциудаас ерѳнхийлѳгч томилно. Сайд нарыг Канцлер бүрдүүлж ерѳнхийлѳгч батална. Сайдыг огцруулах нь бас л ойлгомжгүй, тэрнээс хүчтэй хариуцлагын механизм, стандартууд үйлчилж байдаг. Немцүүд үйл ажиллагааны хэмнэл алдагдахаас үхтлээ айдаг менталиттай хүмүүс.

 

Германы ерѳнхийлѳгч БИЛЭГДЛИЙН гэдэг худлаа гэдгийг дээр хэлсэн. Холбооны ерѳнхийѳлѳгч ( Bundespraesident) гадагшаа улсаа тѳлѳѳлдѳг субьект учир тѳлѳѳллийн ерѳнхийлѳгч гэж нэрлэгдэнэ, 6 жилээр сонгогдоно. Канцлерийг, сайд нарыг, шүүгч, офицеруудыг томилох, огцруулах үүрэгтэй, хуулинд хориг тавих эрхтэй. Онцгой тохиолдолд парламентийг тараах, Үндсэн хуулийн шүүхийн даргын үүргийг хавсрах хүртэл эрхтэй юм билээ, гэхдээ тийм тохиолдол гарсан удаа байхгүй. Харин ах дүүгийхээ нэг хүнд байр олгосноосоо болоод ерѳнхийлѳгч нь ѳѳрѳѳ гэмшин огцорсон түүх байгаа. Ерѳнхийлѳгчийн тангараг их зүйлийг бодогдуулдаг.

 

Немц ард түмний сайн сайхан амьдралын тѳлѳѳ, тэдний баялгийг арвижуулах, авлигал шамшигдлаас хамгаалахын тѳлѳѳ хамаг хүчээ дайчлахаа, Холбооны Үндсэн хуулийг хамгаалж, дагалдах хуулиудтай нь чанд мѳрдѳж ажиллахаа, хүн бүрд алагчлалгүй тэгш шударга хандахаа андгайлан тангараглая! Бурхан надад туслаг!

 

Мэдээж немц хүний хувьд андгайлсан тангарагаасаа няцах нь амиа хорлосонтой адил байдаг биз, бурхан түүнийг харж л байдаг бололтой! Цэвэр немц цустай хүн л ерѳнхийлѳгчид сонгогдоно гээд Үндсэн хуулиндаа хүртэл заачихсан байдаг нь ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ чухал гэсэн ухаарлын баталгаа. Арий үндэстний дээр гацхүү БУРХАН л байдаг ажээ!

 

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү