Иран улс ийнхүү газрын тосны экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөх зуур ирэх онд дэлхийн газрын тосны зах зээл хэрхэх талаар шинжээчид таамаглал дэвшүүлж байна. 2014 оны эцсээр нэг баррель нь 62 америк доллар байсан брент нефтийн ханш одоо 36,75 америк доллар болж, эрс унаад байна.

Газрын тосны үнэ ийнхүү унахад дөрвөн хүчин зүйл голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа. Эдгээрийн дотор АНУ-ын компаниудын хэт их нийлүүлэлт, ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тос экспортлох квотоо давуулсан, мөн эрэлтээс давсан нийлүүлэлтээс үүдэлтэйгээр газрын тос хадгалах байгууламжуудын ачаалал хэтэрсэн зэргийг жагсаасан байна. Харин дөрөв дэх шалтгаанаар Иран "5+1" бүлэгтэй байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээг нэрлэжээ. Энэ гэрээ хэрэгжиж эхэлснээр газрын тосны нийлүүлэлт өдөрт 1,5 сая баррелаар нэмэгдэх төлөвтэй байгаа. 2016 онд ч эдгээр шалтгаанаас үүдэн газрын тосны ханш тогтворгүй хэвээр байна гэх дүгнэлтийг Олон улсын эрчим хүчний агентлаг гаргажээ. АНУ-ын Голдман Сакс группийн үзэж байгаагаар 2016 оны дөрөвдүгээр улирал хүртэл газрын тосны нийлүүлэлт эрэлтээс давсан хэвээр байх юм байна.

Гэхдээ дөрөвдүгээр улирлаас газрын тосны үнэ дахин тэнцвэржинэ гэж тус групп таамаглаж байна. Нөгөөтэйгүүр газрын тосны хамгийн том экспортлогч Саудын Араб 2016 оны төсөвтөө түүхий нефтийн ханшийг одоогийн ханшаас долоон америк доллараар бага буюу 29 доллар байхаар тооцсон тухай мэдээ ирж байна. Үүнээс үүдэн тус улсын ирэх оны төсөв энэ оныхоос 36 тэрбум америк доллараар хорогдож, 87 тэрбум долларын алдагдалтай төлөвлөгдсөн байна. Энэ онд нэг өдөрт экспортлох газрын тосны хэмжээгээ 10 сая баррель давуулсан Саудын Арабыг газрын тосны ханшийг санаатай унагаж, зах зээл тогтворгүйжүүлсэн гол буруутан гэж зарим улс үзэж байгаа. ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак энэ даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ тус улсыг нийлүүлэлтээ эрс өсгөн, газрын тосны зах зээлийг албаар тогтворгүйжүүлсэн хэмээн буруушаасан юм.

 

http://mnb.mn/