1991 оны нэгдүгээр сарын 15-нд гарсан БНМАУ-ын Засгийн газрын 20 дугаар тогтоолыг 80-90-ээд оны хүүхдүүд бид сайн мэдэхгүй. Эдийн засгийг зах зээлийн зо­хицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээ нэрийн дор батлагдсан энэ тогтоолын “ачаар” бараа бүтээг­дэхүүний үнэ нэг л өглөө 2-3 дахин өсч, иргэдийн түрийвчинд байсан мөнгө зурагтай цаас төдийхөн болсон гэж аав, ээжээсээ сонсож байсан.
 
Үнэн худлыг нь мэдэхгүй ч зарим нь үндэсний мөнгөн дэвсгэртээ ханын цаас болгон нааж байсан гэлцдэг юм билээ. Харин зах зээлийн шуурга эхэлс­нийг бид картын бараа, элсэн чи­хэр нимгэн түрхсэн маслогүй талх, дэлгүүрийн лангуу хоосон, хэдэн шир­хэг бор давс тавьснаар ухаарсан юм даг. 
 
Уг тогтоолоор цалин, иргэдийн банкин дахь 10 мянган төгрөгөөс доош хад­­галамжийг хоёр дахин нэ­мэг­дүүлж, түү­нээс дээшхийг нь өс­гөө­гүй гэдэг. Өмнө нь хий  хоосон хөө­рөгдөж байсан төгрөгийн ханшийг зах зээлийн зарчимд нийцүүлэх гэж гаргасан энэ тогтоол тухайн үедээ олон хүний голыг харлуулсан биз ээ. 
 
Яг үүн шиг валютын ханшийн сав­лагаа өнөөдөр монгол төгрөгийг Чингис, Сүхбаатарын зураг­тай дөр­вөл­жин цаас болгох дөхөж байна. Муу ёрлож байгаа ч юм биш.
Сарын өмнө Монгол­банкны ханшаар дахь нэг ам.доллар 1446.17 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр 1567.4 төгрөгт болтлоо өсчээ.
 
Сарын хугацаанд бүхэл бүтэн 121 төгрөгөөр нэмэгд­сэн гэсэн үг. Энэ хэрээр бид­ний түрийвчин дэх төгрөг үнэгүйдэж байгаа юм.  Өргөн хэрэглээний ихэнх бараагаа гадаадын орнуу­даас импортолдог ма­най орны хувьд энэ нь томоо­хон асуудал.
 
Өнөөдөр бид 20 мянган төгрөг бариад дэлгүүр ороход сарын өмнө авч байснаасаа цөөн бараа авна. Яагаад гэвэл доллар, юань хэмээх дарангуйлагчид хөөрхий төгрөгийг минь эзэрхсэн болохоор тэр.  
 
Ийнхүү валютын ханш нэмэгдэхийн хэрээр хүмүүс гар дээрх хэдэн төгрөгөө амьжиргаандаа хүргэж чадахаа больж, худалдан авах чадвар ч буурна. Гэтэл дэлхийн бусад оронд валютын ханш ингэж хүчтэй савлаж байгаа тухай мэдээлэл огт гарахгүй байхад манайд л ганцаараа ийнхүү үндэсний валютын ханш нь суларч байгаа нь юутай холбоотой вэ.
 
Үүнийг эдийн засагчид гадаад худалдааны тэнц­вэргүй байдал, гадаадын хөрөнгө оруулалт эрс буур­сантай холбон тайлбарлаж байна. Тэдний хэлж буйгаар Монгол Улсын нүүрсний экспорт 50 хувиар буурч, им­портоор оруулж ирдэг бараа, бүтээгдэхүүний хэмжээ өссөнөөс валютын урсгал гадагш чиглэжээ. 
 
Түүнчлэн гадаадын хө­­­­­­рөн­гө оруулалт өмнөх шигээ буураагүй бол ингэж ханшийн дарамт үүсэхгүй байсан гэнэ. АНУ-ын хувьд мөнгөний бодлогоо тэлэх бодлого явуулж байгаа болохоор дэлхийд сан­хүү­гийн нөөц асар их байгаа аж.
 
Тиймээс ч хөрөнгө оруу­лагчид хөрөнгөө хаана оруулах вэ гэж суугаа юм байх. Манайд оруулъя гэ­хээр хууль эрх зүйн орчин нь үргээж байгаагаас гадны хөрөнгө оруулалт татарчээ. 
 
Валютын ханш нэмэгдэх нь бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаднаас авдаг манай орны хувьд юмны үнэ өсөх шалтгаан болно. Хичээлийн шинэ жил, өвөл­жилтийн бэлтгэл гээд хаа сайгүй хэрэгцээ шаард­лага үүсээд буй энэ үед бараа бүтээгдэхүүний үнэ өсчихвөл иргэд байгаагаа барж, хөхөө өвлийн хүйтэнд элгээрээ мөлхөнө гэсэн үг. 
 
Ялангуяа валютын хан­шийн хэлбэлзэл шатахууны үнэд нөлөөлөх вий гэсэн айдас иргэдийн дунд аль хэдийнэ бий болжээ. Шатахуун импортлогч компаниуд ямар буяны байгууллага биш, алдагдалтай наймаа хийгээд удаан суухгүй нь лавтай.
 
Тиймээс төрөөс мянга бод­лого явуулаад ч эцэст нь шатахууныхаа үнийг өсгөх нь ойлгомжтой. Тэр цагт бараа бү­тээг­­­­дэхүүний үнэ давхар нэмэгдэж төгрөг “ханын” цаас болох вий дээ. 
 
 
Эх сурвалж: