Өнгөрсөн онд зарим барилгын компаниуд 17500 өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуй нэгжээр тооцон өндөр төлбөр авч жилд нэг тэрбум орчим төгрөгөөр хохироосон талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Жигүүр гранд”, “Блю скай”, “Буянт тэл”, “АО Жаргалант”, “Тюр хаус” зэрэг зарим барилгын компаниуд өнгөрсөн онд нийт 70 орчим мянган хэрэглэгчээс эрчим хүч ашигласны төлбөрийг илүү бодон авч, тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байна.

Тус компаниуд шинээр барьж, ашиглалтад оруулсан орон сууцынхаа эрчим хүчийг шийдсэн бөгөөд өөрсдийнхөө өмчит цахилгааны хүчдэлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид шилжүүлэлгүй шууд оршин суугчдынхаа эрчим хүчний хэрэглээний тарифыг аж ахуйн нэгжийн үнээр тооцон авдаг нь 17 мянга 500 орчим өрхөөс илүү мөнгө авчээ.

Хуулиараа толгойн тоолуурын тооцоог барилгын компаниуд хийх хориотой. Гэтэл одоогоор барилгын 116 компани толгойн тоолуурын тооцоогоор цахилгааны төлбөрөө төлж буй аж. Энэ нь нэг барилга 60 айлтай гэж тооцвол 70-80 орчим мянган өрх сарын эрчим хүчний хэрэглээгээ аж ахуйн нэгжийн тариф буюу 30 төгрөг 10 мөнгөөр илүү тооцон төлж байна.

Одоо мөрдөж буй цахилгаан эрчим хүчний тарифаар үйлдвэр, аж ахуйн байгууллага 1 кВт/ц эрчим хүч 128.50 төгрөг. Харин ахуйн хэрэглэгч 1 кВт/ц эрчим хүч 98.40 төгрөг байна. Нэг өрх сард 150 кВт/ц эрчим хүч хэрэглэсэн гэж үзвэл ахуйн хэрэглэгчийн тарифаар 14 мянга 760 төгрөг, харин аж ахуйн нэгжийн тарифаар 19 мянга 275 төгрөг болно. Үүний зөрүү сард нэг өрхөөс 4515 төгрөг илүү, жилээр буюу 12 сараар тооцвол 54 мянга 180 төгрөг болно. Үүнийг 17 мянга 500 өрхөөр тооцвол нэг жилд 948 сая 150 мянган төгрөгийг дээрх нэр бүхийн барилгын компаниуд хууль бусаар авч хэрэглэгчдийг хохироосон гэж Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос үзэж байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компани өнгөрсөн онд нийт 23 мянга 815 цахилгаан хэрэглэгчийг барилгын компаниудаас хүлээн авчээ. Ашиглалтад орох барилгын тоо жил ирэх тусам нэмэгдэх бүр хэрэглэгчийн дээрх тоо нэмэгддэг байна. Нөгөө талдаа барилгын компаниуд шинээр барьсан орон сууцынхаа барилгын цахилгааныг шийдсэн гаднах эрчим хүчний тэжээлийн шугам сүлжээгээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанид шилжүүлж өгөхдөө хойрго ханддаг. Улмаар тухайн орон сууцынхаа оршин суугчдын сарын эрчим хүчний хэрэглээгээ өөрийн компанийнхаа толгойн тоолуураар буюу аж ахуйн нэгжийн тарифаар бодож төлдөг байна.

Иргэд өрхийн хэрэглээгээр эрчим хүчээ ашиглачхаад, хэрэглэсэн хэрэглээнээсээ илүүгээр төлбөрөө тооцож төлөх нь хохирсон үйлдэл. Барилгын компаниуд оршин суугчдынхаа цахилгааны хэрэглээг шийдэж чадаагүй илүү төлбөр авах нь Эрчим хүчний тухай хуулийн 12.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 заалтыг тус тус зөрчсөн үйлдэл болж байна. Иргэд ААН-ээр цахилгааны төлбөрөө төлөхгүй гэхээр тухайн компани нь цахилгааныг нь тасалдаг, тасална хэмээн дарамталдаг байна. Иймээс иргэд аргагүй байдалд орж, АНН-ийн тарифаар төлсөөр ийм хэмжээний хохирол учирсан гэж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдэгдлээ.