Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд ШШГЕГ-ын харьяа хорих 415 дугаар ангид хяналт шалгалт хийлээ.

Тус хорих ангид ял эдэлж буй ялтны Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт хүний эрхийн зарчимд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахин хамгаалах зорилгоор ээлжит хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.

Энэ удаагийн хяналт шалгалтаар хорих байрны ахуй нөхцөл нь стандарт шаардлагыг хангаж байгаа эсэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмжөөр хангагдсан эсэх, ялтнууд эрүү шүүлтээс ангид байх эрхээ эдэлж чадаж буй эсэх, ялтныг нийгэмшүүлэх ажлыг хангалттай зохион байгуулж буй эсэхийг шалгасан байна.