-Санхүүгийн бүх ачааллыг “Рио Тинто” үүрч ирсэн бөгөөд тэд дарамтаа бууруулах, өөрийн хамтрагч болох Монголын Засгийн газартай ачаагаа хуваах хүсэл эрмэлзэлтэй. Энэ утгаараа Рио халааснаасаа нэгэнт гаргаад байгаа 7.5 тэрбумын хувь нийлүүлэгчийн зээлдээ 4.4 тэрбум ам.долларыг суутган авах нөхцөлийг манайтай тохирсон юм.

 

монголын Засгийн газартай Оюутолгой төсөлд хамтрагч RioTinTo компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолши цахим захидлаар ажилтнууддаа хандан “Энэ 2016 он өнгөрсөн жилээс илүү хүнд байх болно. Бүтээгдэхүүний үнэ 2005 оныхтой ижил буюу түүнээс бага байх төдийгүй зарим бүтээгдэхүүн оргил үеийнхээс 80 орчим хувиар унаж урт хугацаан дахь түүхэн дундаж үнэнд дөхнө” гээд нөхцөл байдалтай холбогдуулан цалин хөлсийг нэмэхгүй гэж саяхан мэдэгджээ.

 

Тус компанийн Монгол дахь Оюутолгой төсөл ил уурхайн олборлолт явуулж, дэлхийн зах зээлийн ханшаар түүхий эдээ худалдаалж байгаа ч төслийн монгол ажилтнуудын цалин хөлсний хэмжээ Рио Тинтогийн нийт ажилтнуудын дунджаас хоёр дахин багаар тогтож иржээ.

 

Дэлхий дахинд түүхий эдийн үнийн уналт Сэм Уолшийн хэлснээр 2016 онд үргэлжлэх нь үнэн байж болох ч монголчуудын хувьд “Оюутолгойн төсөл гацаанаас гарч, их ажил ундрах нь ээ” гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Учир нь Засгийн газар Рио Тинтотой хамтран эзэмшдэг Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтэд зориулан олон улсын арилжааны 15 банкнаас 4.4 тэрбум ам.долларын зээл авч байгааг Улаанбаатарт яг нэг сарын өмнө Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг зарлаж, эдийн засаг эрс сэргэнэ гэж мэдэгдсэн юм.

 

Одоогийн байдлаар Оюутолгойд далд уурхайн бүтээн байгуулалт хараахан эхлээгүй, хүний нөөцийн төлөвлөлт болон бусад урьдчилсан бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэх бөгөөд эдгээр төлөвлөлт батлагдсаны дараа санхүүжилт нь орж ирэх юм байна. Гэхдээ энэ нь гадны арилжааны банкуудаас зээлсэн 4.4 тэрбум ам.доллар тэр чигтээ Монгол руу орж ирнэ гэсэн үг хараахан биш. Далд уурхайн бүтээн байгуулалт долоон жил үргэлжлэх ба жил бүр тухайн жилд шаардагдах хэмжээгээр нь хуваан зарцуулна.

 

 

 

Ил байгаа мэдээллээр бол жилд 600-800 сая орчим ам.долларын санхүүжилтийг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах тооцоотой аж. Тэгвэл шинэ оны өмнөхөн Ерөнхий сайдын олон нийтэд зарласан мөнөөх зээлийн 4.4 тэрбум ам.долларыг энэ хооронд хаана, хэн хадгалах юм бол гэх асуулт урган гарч ирнэ. Энэ зээлийг авснаар Оюутолгойн төслийн ажил дахин эхэлж, эдийн засагт “цусны эргэлт” түргэснэ гэсэн сайхан мэдэгдэл Монголын жижигхэн эдийн засагт идэвхтэй оролцогч болох арилжааны банкуудад ч бас хүлээлт үүсгэж байсныг нуух юун.

 

Тодруулбал, дээрх зээлийн мөнгөний тодорхой хэсгийг Монголын арилжааны банкуудад урт хугацаагаар байршуулж магадгүй гэсэн горьдлого. Гэвч 4.4 тэрбум ам.долларын зээлийг хэдийгээр Оюутолгой төсөл зээлж авсан ч энэ удаад төслийн хамтрагч Рио Тинто руу энэ нь шууд шилжин орж, захиран зарцуулах эрх тэдэнд шилжсэн юм. Яагаад?

 

Оюутолгой төсөлд одоогийн байдлаар 10 тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа юм. Үүний 7 тэрбум ам.доллар нь бүтээн байгуулалтын зардал бол гурван тэрбум ам.доллар нь үйл ажиллагааны зардал юм. Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшигчийн хувьд уг нь үүндээ таарсан хөрөнгө оруулалтыг гаргах үүрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх 10 тэрбум ам.долларын зардлын өөрт оногдох хувийг хамтрагч Рио Тинтогоос зээлээр аваад байгаа юм.

 

Арван тэрбум ам.долларыг санхүүжилтийн бүтцээр нь задлан харвал 25 хувийг нь буюу 2.5 тэрбумыг нь хувьцаагаар, үүний 34 хувь буюу 800 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар Тио Тинтогоос зээлээр авсан. Үлдэх 75 хувь буюу 7.5 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр буюу мөн л “Рио Тинто”-гоос Оюутолгой компани зээлээр аваад байгаа.

 

Үүнээс харвал одоогийн байдлаар санхүүгийн бүх ачааллыг “Рио Тинто” үүрч ирсэн бөгөөд тэд дарамтаа бууруулах, өөрийн хамтрагч болох Монголын Засгийн газартай ачаагаа хуваах хүсэл эрмэлзэлтэй. Энэ утгаараа Рио халааснаасаа нэгэнт гаргаад байгаа 7.5 тэрбумын хувь нийлүүлэгчийн зээлдээ 4.4 тэрбум ам.долларыг суутган авах нөхцөлийг манайтай тохирсон юм.

 

Ингэснээр Риогоос Оюутолгойд оруулаад байгаа 7.5 тэрбумын зээлийн 4.4 тэрбум нь төлөгдөж, цаана нь 3.1 тэрбумын зээл хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Рио Тинто өмнө оруулсан мөнгөө арилжааны банкуудын мөнгөөр сольж байна гэсэн үг. Үүнийг дахин санхүүжилт гэж хэлдэг.

Дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ хэцүүхэн байгаа энэ үед 4.4 тэрбум ам.долларын зээл олох амаргүй байсан байх. Мөн хамтрагчийнхаа ачааллыг бид бодолцох нь ч зөв байсан байх.Гэхдээ одоо үүссэн нөхцөл байдал юу болохыг тооцоольё.

 

Монголын Засгийн газар өмнө нь ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол одоо нэмээд 15 банкинд зээлтэй болчихлоо.

Цаашид Оюутолгой компани зээлийн асуудлаар Рио Тинтотой төдийгүй 15 банктай ярилцах болно. Тэр зээлийг олж ирснээрээ Рио Тинто л тэр банкуудтайгаа учраа олно биз гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл тэдгээрт Монголын Оюутолгой ордын лицензүүд барьцаалагдсан байгааг сануулах ёстой байх. Үүнээс гадна бас нэг төвөгтэй нөхцөл үүссэнийг дор тайлбарлая.

 

Рио өмнө нь “хувь нийлүүлэгчийн” гэх 7.5 тэрбум ам.долларын зээлийг дан биш давхар дээлтэй гаргаад байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ зээл 6.5% + libor хүүтэйгээр Оюутолгой компанид олгогддог. Хьюго Норт-1 уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал болох 4.4 тэрбумыг энэ удаад бүтнээр нь дансандаа оруулсан Рио дараа дараагийн жилүүдийн зардлыг цувуулан гаргахдаа Оюутолгойд өмнөхийн адил 6.5% + libor хүүтэйгээр зээлдүүлнэ. Гэтэл банкуудаас авсан зээл дунджаар 3.78%+ libor хүүтэйгээр олгогдсон юм.

 

Хэдийгээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюутолгойн санхүүжилтэд шаардагдах 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүтээж, одоогоор цорын ганц гэж болох мега төслөө хөдөлгөөнд оруулснаар эдийн засагт идэвхжүүлэлт бий болгосон гавьяатай. Үүнийгээ улстөрчид л болсон хойно сайн сайхан талаас нь тайлбарлан PR хийх эрхтэй.Гэхдээ үүний цаана дагалдан үүсч буй нөхцөл байдлыг мэдээлэх, тайлбарлах үүрэг нь хэвлэл мэдээлэлд оногдож байгааг хүлээн зөвшөөрнө үү.

 

Эргэн сануулахад, Оюутолгойг ашиглах тухай яриа үүсч байх 2007 онд хөрөнгө оруулалтын зардал 2.7 тэрбум ам.доллараар яригдаж, 2009 онд гэрээ байгуулахад 5.1 тэрбум ам.доллараар батлагдаж, 2013 онд зардал батлагдсанаасаа хоёр тэрбумаар хэтрэн 7.1 тэрбумд хүрснээр хоёр талын хооронд үл ойлголцол үүсч ажил зогссон.

 

Өнөөдөр дахиад л 4.4 тэрбум ам.доллар шаардлагатай болж, үүнийг арилжааны банкуудаас зээлээр авчихаад байгаа нь энэ. Цаашид ордыг бүтнээр нь ашиглана гэвэл зардал улам бүр өснө, магадгүй Н.Алтанхуягийн нэгэнтээ ам алдсанаар 24 тэрбум хүртэл ам.доллар шаардлагатай болбол үүнийг хэрхэн босгох вэ. Юугаа барьцаанд тавьж, хаанаас зээлэх вэ гэх асуудал ч үүсч болзошгүй юм.

 

Эх сурвалж:"Өглөөний сонин"