Монголын Залуучуудын Холбоо нь үндэсний хэмжээний 95 жилийн түүхтэй, Азийн залуучуудын ууган байгууллага юм.

2015 онд Монголын Залуучуудын Холбооны V их хурал чуулж, төлөөлөгчдийн олонхийн саналаар 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн хар жагсаалт, нэр дэвшиж болох этгээдийн цагаан жагсаалт гаргах журмыг батлаж, “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна.

Тус хөдөлгөөн нь 1992 оноос хойшхи үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бүс нутаг, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэх, улмаар хар жагсаалтад орсон этгээдэд УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй байхыг, харин цагаан жагсаалтад орсон этгээдэд УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгч, дэмжихийг олон нийтэд уриалснаар Монгол төрийн босго өндөрсөж, эрүүл шударга, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд зорилготой.

Гэтэл сүүлийн үед “ХарЖагсаалт” гэсэн нэрийг ашиглан зарим сайтууд болон хэсэг бүлэг хүмүүс санаатайгаар хүний нэр төрд халдах цаашлаад захиалгатай нийтлэл, мэдээлэл, жагсаалт гаргаж иргэд олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байгааг МЗХ эсэргүүцэж байна.

МЗХ улс төрд сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалтыг ул суурьтай нотолгоо баримттай, судалгаатай, олон нийтийн саналд тулгуурлан “Хар цагаан жагсаалт гаргах журам”-ын дагуу эцэслэн гаргахыг албан ёсоор мэдэгдье.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО