Юнивишний гурвалсан үйлчилгээ ирэх сарын 1-нээс шинэчлэгдэхээр болжээ. Энэ хүрээнд хэрэглэгчдийн дунд интернэт хязгаартай болж буйд бухимдаж байгаа юм. Уг асуудлаар Юнивишний Маркетингийн албанаас тодруулга мэдээлэл авлаа.

Хэрэглэгч сарын суурь хураамж 29900 төгрөг төлдөг бол S багцийн хэрэглэгч болох бөгөөд 100 GB дата эрх, 39900 төгрөг төлөх бол M багц буюу 200 GB, 54900 төгрөг төлөх бол L багц буюу 300 GB, 89900 төгрөг төлөх бол XL багц буюу 500 GB дата эрхийг сарын турш хэрэглэх юм. Интернэтийн үндсэн хурд нь багцаасаа хамааран 3-10 Mbps байдаг.

Юнивишинээс хэрэглэгч нарынхаа сүүлийн хагас жилийн дата хэрэглээг хянаж үзэн 100-500 GB болгохоор болжээ. Энэ тоонд нийт хэрэглэгчдийн 95 хувь нь эмзэглэх асуудал байхгүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн юм. Харин тус компанийн интернэт үйлчилгээ авдаг хэрэглэгч нарын 5 хувь нь хэт өндөр интернэт хэрэглээтэй байдаг гэнэ.

Ер нь бол дэлхий нийтээр нэг хэсэг интернэтийн хэрэглээг хязгааргүй өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд интернэтийг үнэ цэнэтэй үйлчилгээ гэдгийг мэдэх болсноор өндөр хөгжилтэй орнуудын ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд интернэт үйлчилгээгээ хязгаартай болгосон байдаг ажээ.

Юнивишин компанийн зүгээс 200 GB хэрэглэдэг айл дээр 100 GB өгөн илүү 100 GB-гийн мөнгийг заавал нэмж төлөх хэрэгтэй гэсэн зүйл байхгүй. Уг багцийг тухайн хэрэглэгчийн хэрэглээнд нь тулгуурлан гаргасан. Жишээлбэл, хэрэглэгчийн хувьд дунджаар 50 GB хэрэглэдэг байсан бол бид 100 GB хэрэглэх эрх өгч байгаа гэсэн үг. Тухайн хэрэглэгчийн багцад хамаарах GB хэрэглэж дууссан тохиолдолд интернэтийн хурд зөвхөн багасах бөгөөд илүү нэмэлт төлбөр бодогдохгүй гэсэн юм. Түүнчлэн гар утсаараа тогтмол өөрийнхөө хэрэглэгээг мэдэх боломжтой гэнэ. Ирэх сарын 1-нээс хуучин хэрэглэгч нар автоматаар шилжих бөгөөд багцаа өөрчлөн гэрээгээ шинэчлэх боломжтой ажээ.

Т.Буянаа