Шинэ он гарахтай зэрэгцэн нэлээдгүй хэдэн хуульд өөрчлөлт оруулж, хавтгайрсан халамжаа танах бодлого барьж буйгаа дуулгасан.

Хүүхдийн мөнгө хэмээн нэрийдэж одоогоос хэдэн жилийн өмнө сар бүр 20 мянган төгрөг өгч эхэлсэн. Уг мөнгийг танаж 1-17-р бүлэгт хамаарах айл, өрхийн хүүүхдүүдэд өгнө гэсэн шийдвэрийг энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болж, иргэдийг нэлээдгүй бухимдуулав. Засгийн газрын эл шийдвэрийг олон хүн эсэргүүцэн айлын хүүхдийг алаг үзлээ гэж ширүүхэн шүүмжлэлд өртөөд авсан. Сонгуулийн жил болохоор ч тэр үү аливаа асуудлыг улс төржүүлэхдээ гаргуут байгаа гэхэд буруутахгүй.

Хүүхдийн мөнгөний талаар холбогдох хүмүүс нь буруу, зөрүү мэдээлэл өгч ард түмэн дунд нь эргэлзэж, төөрч будилсаар өнөөдрийг хүрлээ.

Ерөнхийлөгч нь бүх айлын хүүхдэд өмнөх шигээ өгөх хэрэгтэй гэчихсэн. Гэтэл нөгөөдүүл нь судалгаанд хамрагдсан хүүхдэд өгнө гэх нь тэр. Үүнийг нь сонссон эцэг, эхчүүд харьяа хороо нь дээрээ гүйгээд очтол судалгааны хуудас дууссан байна. Бид та бүгдийн гэрээр чинь очиж судалгааг нь авах болно гэж буцаасан .

Тэгвэл хүүхдийн мөнгө авах гэж буй бүх хүмүүст хандаж хэлэхэд,

Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөө авахын тулд тэр өрх заавал амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан байх ёстой юм байна.

Хоёрдугаарт, 2013 оноос хойш төрсөн хүүхэдтэй бол тухайн сум, хорооныхоо халамжийн ажилтан дээр хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч очоод бүртгэл дээр тулгалт хийнэ. Өөрөөр хэлбэл, танайх 2013 оноос хойш төрсөн хүүхэдтэй байлаа гэхэд эцэг, эхийн аль нэг нь бичиг баримтаа авч очоод регистрийн дугаараараа шүүлгэж үзэхэд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан бол ямар ч асуудал байхгүй хүүхдийг регистрийн дугаараар нь программд шивж оруулах аж. Судалгаанд хамрагдаагүй байвал хүүхдийг бүртгэж авна. Гэхдээ заавал судалгаанд хамрагдана. Хүүхдээ бүртгүүлбэл мөнгө нь бүрэн бүтэн орох юм.

Гуравдугаарт, 2013 оноос хойш хүүхдийнхээ төрсний гэрчилгээг аваад банкинд очиж бүртгүүлээд хүүхдийн мөнгөө авдаг байсан иргэд цөөнгүй. Харин энэ хүмүүс нь өрхийн бүртгэлдээ бүртгүүлэхгүй байдаг аж.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй өрх энэ сар дуусахаас өмнө уг судалгаандаа хамрагдах өргөдлөө өгвөл ирэх хоёрдугаар сард нөхөж хүүхдийн мөнгөө авах боломжтой юм байна. Харин хоёрдугаар сард хүсэлт гаргавал нэгдүгээр сарын мөнгийг нөхөж олгохгүй ажээ. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 28-нд өргөдөл гаргавал гуравдугаар сард хоёрдугаар сарын мөнгийг нөхөж олгоно, нэгдүгээр сарын мөнгийг өгөхгүй гэдгийг анхаарч, ойлгоорой.