​Монгол Улсаас охид бүсгүйчүүдийг Малайз Улсын Куала Лумпур хотын зочид буудал, массажны газруудад аваачиж, биеийг нь үнэлүүлэн бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлсэн тухайгаа мэдээлээд байгаа билээ.

Тодруулбал Улаанбаатар хотод оршин суух хаягтай Б-нь хариуцан тэднийг бүртгэж, мөн монгол улсын иргэн Н-нь охидыг хүлээн авч, Малайз руу гаргаад, Малайзад очихоор нь тэндэхийн иргэн А эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлдэг зочид буудал, саун массажны газруудад аваачиж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байсан нь тогтоогджээ.

Тэд өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн 12 эмэгтэйг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр Малайз Улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд тэднээс 500,000-2,000,000 орчим төгрөгийн урамшуулал авдаг байж болзошгүй байгаа аж.

Хохирогчид 1983-1996 онд төрсөн эмэгтэйчүүд байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэгчдийг Малайз улс руу буцахаар онгоцны тасалбараа захиалан явах гэж байх үед нь баривчилсан юм байна.

Тэгвэл өнгөрсөн 2013 онд манай улсын иргэн Б.Энхтуяа Малайзад байхдаа бусдын гарт амиа алдсан хэрэг олныг цочролд оруулсан билээ. Түүнийг ч мөн хүний наймааны золиос болсон байх магадлалтай хэмээн уг хэрэгт монгол эмэгтэйчүүдийг тухайн үед сэжиглэж байсан юм. Харин сэжигтэн эмэгтэйчүүдийн нэг нь талийгаач Э-г өөрийг нь хар тамхи хэрэглэдэг байсан бөгөөд хэрэглээнийхээ мөнгийг биеэ үнэлж олдог байсан мөн хятад найз залуутай хэмээн мэдүүлсэн байдаг юм.

Мөн Малайзын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан. Тэрээр өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл бий.

Үүнээс гадна Монгол улсын иргэн Ш.Алтантуяа Малайзад бусдын гарт амиа алдсан боловч хэрэг илрэхгүй байсаар 10 жил боллоо. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлсэн "бэлгийн мөлжлөг" гэх дээрх хэргийн эзэн холбогдогчид өмнө нь Малайз руу охид зөөж байв уу. Тэнд амиа алдсан охидын хэрэгт ч мөн холбоотой юу.

Н.Ганаа