Одоогоос хэдэн жилийн өмнө Хятадын Сычуань мужид газар хөдлөлтөд 30 мянган жирийн иргэн өртөж амь эрсэдсэн гамшиг дэлхий дахиныг цочроож байлаа.

Нэгэн судлаач Монголд золгүй тохиолдлоор амиа алдагсдыг Хятадад газар хөдлөлтөд өртөж хорвоог орхисон хүмүүсийн тоотой /хүн амынх нь тоонд/ харьцуулахад монголчууд хоёр дахин их хохирол амсчээ гэсэн судалгааг гаргаж байв.

Өөрөөр хэлбэл, Монголд золгүй тохиолдлоор өдөр бүр олон арван хүн эрсдэж байгаа нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад дайны бүсэд амьдарч байгаагаас ялгаагүй гэж дүгнэхэд хүргэжээ. Хэдийгээр тэд цаг бусаар хорвоог орхисон ч заримынх нь ард нэхэхээс аргагүй хариуцлага дагадаг. Өнгөрсөн жил гэхэд л хөдөлмөр хамгаалалтын аюулгүй байдал, хүний хариуцлагагүйн улмаас үүдсэн гэх мэтээр тоочвол 1584 халуун амь хохирсон. Энэ бол дээр өгүүлсэнчлэн хүн амынх нь тоотой харьцуулж үзвэл манай орны хувьд асар их тоо. Асар их амь.

 

Шинэ долоо хоног эхэлмэгц бас л нэг золгүй тохиолдол. Энэ удаагийнх бол яах аргагүй албан тушаалтнуудын ашиг хонжооны золионд явсан амь байлаа. Хэнтий аймгийн нэгдүгээр багт оршин суудаг 14-хэн настай Н охин энэ сарын 17-ны өдөр аймгийнхаа усан оргилуур дотор тогонд цохиулан гэр бүл, найз нөхдийнхөө сэтгэлийг сэглээд үүрд явж одов. Хариуцлагагүй үйлдлээс үүдсэн хагацал бүхний араас нэхэн сурвалжлах цаг зав сэтгүүлч бидэнд төдийлөн гардаггүй ч энэ удаад дуугаралгүй өнгөрч чадсангүй.

 

Бүтээн байгуулалт, хөгжил дэвшил гэх сайхан нэрийн дор хэдэн тэрбумаар хэтэвчээ зузаатгасан цагаан гартнуудын балгаар жирийн нэгэн гэр бүл хагацлын сүүдэрт дайруулав. Цэл залуухнаараа дэндүү гомдолтойгоор хорвоогоос буцсан охины халуун амийг нэхэхээр манай сурвалжлах баг Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг зорин очлоо.

 

Бид юуны өмнө охиноо алдсан хохирогчийн гэрт очсон юм. Сэлүүхэн хашаан дотор хаяа дэрлэн буусан хоёр бор гэрийн арынх нь айл талийгаач охиных. Тэр айлын хоймрын шар авдар дээр үсээ хоёр салаа сүлжсэн мантгар цагаан охины зургийг хадгаар ороон байрлуулж зул өргөжээ. Гэрт хэд хэдэн хүн байх агаад нүд нь хавагнасан өндөр нуруутай 50 орчим насны эмэгтэй бол талийгаач Н охины ээж Ц.

Шар авдар дээр байрлуулсан жижигхэн хар хөгжмөөс бурхны тарни эгшиглэж,  хажууханд нь зэрэгцээ байрласан зураг дээрх охины харц ээжийнхээ зүг гомдолтой нь аргагүй харж буй мэт сэтгэгдэл төрж сэтгэл жиндэв. Өмөг түшиг болсон хөөрхөн дүүгээ эцсийн замд нь үдсэн эгч нь толгойгоо даах сөхөөгүй гэрийнхээ баруун талын орон дээр бэтгэрэн хэвтэж буй дүр зураг өр зүсэж  орхилоо.

 

Охин минь нэг л мэдэхэд газар уначихсан хэвтэж байсан

Гайт тэр өдөр Н охин ээжийгээ ажлаас нь тосохоор гэрээсээ 18.00  цагийн үед гарчээ. Ээжийнх нь ажил ч дуусч охин ээжийгээ хөтлөн аймгийн төвд байрлах усан оргилуурын дэргэд амсхийхээр очсон байна. Н охины ээж Ц очсон газартаа дүүтэйгээ таван үг хуучилж суух зуур талийгаач найзуудынхаа хамт усан дотор тоглож “Ээжээ ус бүлээн байна. Та хөлөө дүрээд суугаач. Амарна шүү дээ” гэж хэлээд цааш гүйж оджээ. Хэдхэн хормын дараа хүмүүс хашгиралдан охин ч усан оргилуурын цементэн шалан дээр тэрий хадан унасан байна. Ц бүсгүй ч охин дээрээ гүйн очиход талийгаач огт хөдөлгөөнгүй хэвтэж байв. Төд удалгүй ойр орчны хүмүүс түргэн тусламж дуудсан ч харамсалтай нь эмнэлгийн анхны тусламж авч чадалгүй нас баржээ.

Талийгаач дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн гурав дахь охин. Сэргэлэн цовоо охин өдөр бүр ээжийгээ ажлаас нь тосохоор очдог уламжлалтай. Талийгаач тэр өдөр ээждээ очоод буцах замдаа ийн осолдсон юм. Гэрийн эзэгтэй Ц-ийнх  Сүхбаатар аймгаас айлын мал маллахаар Хэнтий нутгийг зорин ирсэн боловч малаа маллуулсан айл нь хэдэн сарын ажлын хөлсийг нь өгөөгүй тул ийн аймгийн төвийг зорин ирж, хүүхдүүдийнхээ сургуулийн бэлтгэл базаахаар түр ажилд ороод байсан нь энэ юм. Тэрбээр “Яасан их гай дайрав даа. Хөөрхий охин минь өдөр бүр намайг тосохоор очдог байсан юм. Тэр өдөр дэлгүүрээс мөхөөлдөс худалдан авчихаад ахтайгаа хувааж идэх зуураа хөөцөлдөж тоглож яваад л тогонд цохиулчихсан. Эвий дээ охин минь их л богино настай байж” гэж хэлүүтээ Ц бүсгүй асгартал уйлав.

 

Үрээсээ хагацсан эхийн зовлон нимгэрээгүй байхад нь бид олон зүйлийг асууж төвдсөнгүй. Талийгаачийн ээжээс “Усан оргилуурын насос шаардлага хангаагүй гэсэн мэргэжлийн  байгууллагын дүгнэлт гарсан байна. Та гомдол гаргах уу” гэхэд “Охин минь босоод ирэх биш дээ. Бас нэг хүнийг сэтгэлийн зовлонд унагаж яах ч билээ дээ. Дараа дараагийн хүмүүс нь хийж буй ажилдаа хариуцлагатай хандах байлгүй. Охин минь их буянтай хүүхэд байж. Монгол хүний ёс жаяг байна шүү дээ. Эгч нь гурав хоног ч өнгөрөөгүй байхад юу ч ярих билээ” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.

 

Хэдийгээр талийгаач охины ар гэрийнхэн гомдол гаргаж олон хүнийг хөлдөө чирэхгүй гэсэн бодолтой ч хэдэн зуун сая төгрөгийн өртгөөр босгосон жилийн настай усан оргилуур хэн гэгч этгээдийн оролцоотой бүтсэн хийгээд мэргэжлийн байгууллагаас гарсан ослын дүгнэлтийн талаар мэдээлэл цуглууллаа.

 

Усан оргилуурт гэмтэл гарсан нь тогтоогдов

Хэнтий аймгийн хуучин удирдлагууд өнгөрсөн жилүүдэд аймагтаа өнгө засч гавьтай бүтээж босгосон зүйл ховор ч нүдэнд харагдахаас 160 сая төгрөгийн өртгөөр боссон гэх усан оргилуур. Үүнийг 2012 онд ашиглалтад оруулсан  бөгөөд жилийн дараагаар л хүний амь авч буй нь энэ. Өдгөө хувийн бизнесээ цэцэглүүлж яваа өмнөх засаг ноён Ч.Эрдэнэбаатарын бүтээсэн цорын ганц гавьяа гэж хэлж болно. Хуучин засаг Ч.Эрдэнэбаатарын өнгөнд энэхүү усан оргилуурыг Улаанбаатар хотоос “Бодь буян” гэх компани гүйцэтгэсэн байгаа юм. Эрхмүүд тухайн жилдээ 160 сая төгрөгийн өртөг зарцуулсан гэж тайлан балансдаа тусгасан ч зарим эх сурвалжийн мэдээллээр Хөх хотын хятад түшмэлүүдийн хандиваар сохор зоос ч төлөөгүй оруулж ирсэн гэж гэрчлэх хүн ч гарав.

Харин энэхүү усан оргилуурыг хандивласныхаа хариуд хятадууд Хэнтий аймагт Хөх хотын нэрэмжит гудамжтай болох санал ирүүлсэн ч нутгийн олны эсэргүүцэлтэй тулж талаар болсон гэдэг. Усан оргилуурыг өнгөрсөн засгийн үед Улсын комисс хүлээж авсан гэх авч яг хүлээлгэн өгсөн бичиг сэлт огт байхгүй. Хэдийгээр Хот тохижилтынхан арчилгааг нь хариуцах үүрэгтэй боловч эзэн сахиулгүй тул төдийлөн хайхарч ирээгүй юм. Өөрөөр хэлбэл Улсын комиссоос шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргасан гэх боловч яг аймгийнхаа Хот тохижуулахад хүлээлгэж өгөөгүй аж.

 

Өдгөө эзэн сахиул нь тодорхойгүй усан оргилуурт хүний амь эрсэдсэн хэргийг аймгийн Цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд ажлыг гүйцэтгэсэн компани болон тухайн үед уг ажлыг хариуцаж хийсэн хүмүүсийг хариуцагчаар татан шалгахаар болсон байна. Ингэхдээ усан оргилуурын гэмтлийн дүгнэлтийг тогтоолгохоор Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан байна.

 

Тус газрын Эрчим хүчний улсын байцаагч Ч.Батгэрэл хэлэхдээ “Усан оргилуур дээр хүүхэд нас барсан хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагаас манай Мэргэжлийн хяналтын газарт хандан хөндлөнгийн шинжээчээр миний биеийг томилсон. Уг хэргийн мөрөөр холбогдох албан тушаалтнуудыг байлгаж гэмтэл юунаас үүдэлтэйг шалгаж үзсэн. Ажиллах явцад усан оргилуурын усан дотор хүчдэл байсан нь хэмжилтээр батлагдсан. Ингээд хүчдэл хаанаас нэвчиж усанд орсныг тогтоох зорилгоор үргэлжлүүлэн шалгахад усан оргилуурын гурван насосны голынх нь ус нэвчиж битүүмжлэл нь алдагдсан юм билээ. Тэгэхээр тухайн насосны битүүмж алдагдсанаас үүдэн хүчдэл усанд нэвчсэн гэсэн дүгнэлт гарсан” гэж тайлбарлав.

 

Нутгийн иргэдийн өгч буй мэдээллээр усан оргилуурын үндсэн ажлыг гүйцэтгэсэн “Бодь буян” нь Хэнтий нутгийн хуучин дарга нарын үй зайгүй найзуудын нэгний компани.

 

Тэд  2012 оны долоодугаар сарын 5-ны өдөр ашиглалтад хүлээлгэж өгсөн боловч жил ч хүрэхгүй хугацаанд насос нь гэмтэж хүүхдийн аминд хүрч орхив. Хэдийгээр ашиглагч байгууллага нь Хот тохижилтынхон гэх боловч бодит байдалд хариуцлагыг өнгөрсөн засгийн үеийн түшмэлүүд үүрэх ёстой гэсэн байр сууринаас хандах хүн цөөнгүй байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу