Солонгос улсын иргэн И К С гэгч Монгол улсад гурван салбар бүхий худалдааны төв ажилуулдаг. Тэрбээр өмнө нь хилээр их хэмжээний сөжүг зөвшөөрөлгүй оруулж ирж худалдсан, хугацаа нь дууссан бэлэн гоймонг солонгос хоолны газруудад “шахсан” зэрэг үндэслэлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын газарт шалгагдаж байсан юм.

Тэгвэл Солонгос улсын иргэн И К С гэгч цагдаагийн байгууллагад дахин шалгагдаж магадгүй ажээ.

Түүний ажиллуулдаг “Кориа Белл март” дэлгүүр нь хяналтын камеруудтай. Үүнээс гадна ажилчдаа 00-ын өрөө, хувцас солих өрөөнд хүртэл хяналтын нууц камер байрлуулжээ. Тодруулбал И К С гэгч нууц камерыг 00-ын өрөөнд угаалтуурны доор байрлуулсан байжээ.

 

Хувь хүний нууцад халдаж байгаа энэ үйлдлийг нь мэдсэн ажилтандаа тохирч, мөнгө өгөх санал хүртэл тавьж байсан удаатай ажээ. Улмаар асуудал үүсэхтэй зэрэгцэн гар утсаа салган ажил дээрээ ч ирэхээ больсон байна.

Бид энэ асуудлаар тус сүлжээ дэлгүүрт ажиллаж байсан н.С-тай уулзаж тодруулахад: Манай ажил энд тэндгүй камертай. Хувцас солих өрөөнд хүртэл камер байдаг. Харин 00-д камер байна гэж ёстой санаагүй. Энэ бол нэг удаагийн хэрэг биш. Өмнө нь 2015 оны 11-р сарын сүүлээр 00-д камер уначихлаа гэж ээлжийн охин маань хэлсэн. Очоод харахад жижигхэн хар камер байсан. Авч амжаагүй байтал эзэн Солонгос ирээд авчихсан. Тухайн үед ийм зүйл байж болохгүй, ариун цэврийн өрөөнд хүн бие засах гэж л ордог учраас камер байх шаардлагагүй гэж өөрт нь болоод жолооч, туслахуудад нь хэлж байсан ч шаардлагыг маань үл тоож, дахин камер суурилуулсан байсныг саяхан мэдсэн. Тухайн камерын бичлэг нотлох баримтууд надад бүгд байгаа.

Намайг камерын бичлэг авсныг мэдээд араас утасдаж, “наад бичлэгээ устгачих, мөнгө өгье, тохиролцъё” гэж ярьсан. Түүнээс хойш эзэн дахиж яриагүй, ор сураггүй алга болчихсон. Харин нэг Монгол залуу дүрс бичлэгээ өгчих гэх мэтээр байнга утсаар ярьдаг. Хамт ажиллаж байсан эмэгтэй “наад бичлэгээ тараавал дэмий шүү” гэх зэргээр сүрдүүлсэн маягтай ярьсаар байгаа." гэв

Энэхүү 00-ын өрөөнд угаалтуурын доор камер байрлуулсан.

И К С гэгч зурагт үзүүлсэн 00-ын өрөөнд эртнээс нууц камер суурилуулсан байжээ. Үүнийг нь ажилчид мэдэж нэг биш удаа болихыг хэлж, ажлаасаа халагдахгүйн тулд цагдаа хуулийн байгууллагад хандалгүй өнгөрөөсөн байна. Гэвч И К С гэгч энэхүү үйлдлээ зогсоогоогүй ажээ.

Эмэгтэй ажилчдыг айлгаж ичээсэн И К С гэгч нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхийг завдаж байсан гэдгийг тус сүлжээ дэлгүүрт ажиллаж байсан хүмүүс хэлдэг ажээ. Солонгос улсын иргэний бусдын эрхэнд халдсан байз болзошгүй энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа