Төрийн эрхийг зургаан жил барих ажлыг улс төрчид эхлүүлээд байна
2013/08/23
Аливаа улсын хараат бус, тусгаар улс гэдгийг Үндсэн хууль буюу эцэг хуулиар батлаад өгчихсөн байдаг. Эцэг хууль гэдэг утгаар нь тэр бүр “гар хүрч” өөрчлөөд байдаггүй. Тэгвэл Монгол улсын үндсэн хуулид өөрчлөлт оруулахаар сүүлийн үед яригдаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар УИХ-д суудалтай, нам эвслийн бүлгүүд ажлын хэсэг байгуулаад аль заалтыг хэрхэн өөрчлөх эсэхээ ярилцаж байна.
Энэ удаагийн өөрчлөлтөд хоёр л гол зүйлийг ярилцаж байна.
Нэг: 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэгийг хүчингүй болгох. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг Үндсэн хуулиараа олгочихсон. Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчилсөн бөгөөд энэ заалт өөрчлөгдсөн цагаасаа эхлэн маргаан дагуулсаар байсан. Одоо харин энэ заалтыг хүчингүй болгох талаар ажлын хэсгүүд ярилцаж байгаа. Энэ заалтыг 2000 оны дордуулсан долоон заалтын нэг хэмээн “ад” үздэг нэгэн байхад төр засгийн тогтвортой болгоход нөлөөлсөн заалт гэж магтах нэгэн байдаг. Учир нь энэ заалтыг өөрчлөхөөс Засгийн газрыг амархан огцоруулдаг байсан бөгөөд засаг амархан өөрчлөгддөг байдлыг зогсоож засаг төрийн тогтвортой байдлыг хангасан гэж магтах улс бий. Харин энэ заалтыг “үзэн ядагчид” өөрөө хуулиа санаачлаад өөрөө хэрэгжүүлээд явахаар ажлын бүтээмж муу мөн өөрөө өөртөө шударгаар хяналт тавина гэдэг бүтэшгүй хэрэг гэж шүүмжилдэг улс бий.
Хоёр. Өнөөдөр УИХ-ын гишүүн болон Төрийн тэргүүн нар дөрвөн жилийн хугацаанд албан үүргээ биелүүлж Монголын ард түмнээр дараагийн дөрвөн жил ажиллах “виза”-г сонгуулиар даруулдаг. Тэгвэл төрийн эрх баригчдад дөрвөн жил нь хангалтгүй санагдсан бололтой тэд өөрсдийн албан үүргийн хугацааг зургаан жил болгон сунгах талаар ярилцаж байна. Ингэснээр сонгуульд зарцуулах төсөв мөнгө хэмнэгдээд зогсохгүй Засгийн эрх барьж байгаа нам нь эхлүүлсэн ажлуудаа амжуулаад байх юм байх.
Харин үүнийг эсэргүүцэх хэд хэдэн үндэслэл гарч ирээд байна. Өнөөдөр УИХ-д сууж байгаа, Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь тодорхой хэмжээгээр мөнгө идэж уудаг нь нэгэнт тодорхой болсон. Өөрөөр хэлбэл тэдгээр мөнгө идэгчдэд одоогийн олж байгаа хэд нь хангалтгүй санагдсан бололтой өөрсдийн төр барих хугацааг сунгах бодолтой байна гэж хардаж, эсэргүүцэж, эгдүүцэх нэгэн байна. Тэгээд ч Үндсэн хуулийг цаг үе, улс төр, нийгмийн шаардлагаар өөрчилдөг болохоос ингэж өөрсдийн зоргоор өөрчилж болохгүй. Ийм заалт оруулах нийгэм, улс төр, цаг үеийн зайлшгүй буюу аминд тулсан асуудал нэрлэ гэвэл өнөөдөр нэрлэх хүн цөөн л байх.
Азаар өнөөдөр энэ “балай” нэмэлт ажлын хэсгүүдэд асуудал төдийхнөөр яригдаж байгаа асуудал. УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд зөөлөн суудалд удаан суух зорилгоо биелүүлэхээр хоорондоо тохиролцоогоо нууцаар хийгээд эхэлсэн гэж байгаа. Удахгүй намрын ээлжит чуулган хуралдаад эхлэхэд энэ асуудлыг намын бүлгүүдэд байгуулагдсан ажлын хэсгүүд ил ярилцах болно.
2011 онд Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудал мөн сөхөгдөж тэр үед байгуулагдсан ажлын хэсэг орон нутаг болон нийслэлийн 38800 гаруй иргэний дунд санал асуулга явуулсан байгаа юм. Судалгаанд оролцогчдын 20455 иргэн буюу 52.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, 18379 иргэн буюу 47.4 хувь нь шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл тэдгээр иргэд Үндсэн хуулийг төгөлдөржүүлэхэд л анхаарах ёстой гэдэгт байр сууриа илэрхийлснээс өөрсдийн эрх ашгийн төлөө өөрчлө гэж саналаа өгөөгүй л байх.
Монгол улсад өмнө нь 1924, 1940, 1960 онуудад Үндсэн хуулиа баталж байсан. Улмаар 1992 оны 1-р сарын 13-нд баталсан 6 бүлэг, 70 зүйлтэй Монгол Улсын Үндсэн Хуулийг дахин баталсан. Ингэхдээ 1988 оноос эхлэн 2-3 жил ард түмнээс авсан саналыг нэгтгэн Б.Чимид багш нэгтгэн хуулийн хэллэгт оруулж, түүнийг нь АИХ-ын 4730 гаруй депатут 70 гаруй хоног хуралдаж хэлэлцэн баталсан.
Энэ утгаараа Үндсэн хуульд хэн дуртай нь хүссэн үедээ гар хүрээд, хүсснээрээ өөрчлөөд байдаггүй олон улсын жишиг байгаа. Тэгэхээр Үндсэн хуулиа сохлох гээд байгаа төр барих хугацааг дөрвөөс зургаан жил болгож байгаа заалтаа дахин нэг бодож үзээрэй.
А.Баярмаа
Зочин · 2013/08/25
Одоо ганцхан бослого л туслана. Өөрөөр энэ хүмүүсийг хэн ч дийлэхгүй дураараа дургиад л идэж уугаад л дуусна даа
Зочин · 2013/08/24
******uud. buu davar.nerteigeer ni ingeed ue damjin ulir huue
Зочин · 2013/08/24
ulam l davraad baih yum daa...