Энэ удаагийн дугаартаа Монголын Үндэсний кино урлагийн академийн ерөнхийлөгч Б.Цогтбаярыг урьж ярилцлаа.

-Нэг сонирхолтой зар уншлаа. Түүн дээр таны дугаар байхыг хараад уулзахаар шийдсэн юм. ОХУ-ын ардын жүжигчин Александр Калягины зуны сургалтад монгол жүжигчид оролцохоор болжээ?

-Тийм ээ. Бид энэ сарын 29-ныг хүртэл уран бүтээлчдийнхээ хүсэлтийг хүлээн авч байна. Нэрт жүжигчин маань энэхүү сургалтаа арав гаруй жил зохион байгуулж байгаа. 35 хүртэлх настай, теартын жүжигчин мэргэжлээр төгссөн хүмүүс хамрагдах боломжтой. Ирэх очих зардлаа уран бүтээлчид өөрсдөө даана. Харин сургалт болон орон байрны мөнгийг ОХУ-ын тал хариуцна.

-Дэлхийд багагүй нэр хүндтэй сургалт гэж сонссон. Монголоос анх удаа оролцож байна уу?

-Бид энэ жил оролцох боломжтой болж байна. Александр Калягин чинь Махатын алдартай жүжигчин шүү дээ. Одоогоор 10 гаруй хүн бүртгүүлсэн. Хүсэлт ирүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулах учиртай. Яагаад гэхээр тухайн сургалтад дэлхийн олон орноос нэр хүндтэй уран бүтээлчид ирдэг. Эндээс явж байгаа хүмүүс Монголын урлагийн нүүр царай болох учраас хүн болгоныг явуулахад бас тиймхэн байна. Миний яваасай даа гэж хүсэж байгаа хүмүүс явж чадахгүй байна. Зарим нь ирэхгүй юм.

-Тийм үү. Та хэнийг сургалтад оролцоосой гэж хүсэж байсан юм?

-Би Б.Батсумьяа, Ч.Ундрал, Б.Амарааг явж илүү их зүйл сураад ирээсэй гэж бодож байна. Гэхдээ нас заасан учраас зарим уран бүтээлчмаань явж чадахгүй юм. Амараа маань “Үргээлгэ” киноныхоо хоёрдугаар ангийг хийх гээд завгүй байгаа гэсэн.

-Танай академиар өөр сонин сайхан юу байна вэ. Монголын кино урлаг маань 80 жилийн босгыг давлаа. Хийх ажил их байна уу?

- Удахгүй кино урлагийн талаарх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Ер нь жил бүр болдог. Тухайн хурлаар энэ жил түүхэн ой нь тохиож байгаа кинонуудаа жагсааж байгаад хийх ажлаа төлөвлөх учиртай. Мөн Асемийн албан ёсны хөтөлбөрт оролцохоор болсон. Бид үндэсний хувцасны парад хийе гэж ярьсан. Монголчууд гэхээрээ л дээлтэй нусаа гойжуулсан хүмүүс байдаг гэж ойлгоод байх шиг байдаг. Энэ ойлголтын халсан, парадыг АСЕМ-ийн үеэр үзүүлнэ.

-Киноны тухай хууль гарахаар яригдаж байна. Та хуулийн төслийг уншиж үзэв үү?

-Өчигдөр татаж аваад үзлээ. Хэрэг алга. Үнэхээр сэтгэл дундуур байна. Энэ хуулийг боловсруулах ажлын хэсэгт мэргэжлийн уран бүтээлчид бараг ороогүй. Хаанахын хууль хуулсан юм бүү мэд.

-Яг ямар агуулга нь таны дургүйг хүргэв ээ?

-Уран бүтээлчдээ хянасан, хахсан, хаасан заалт олон байна. Ер нь кинотой холбоотой уран бүтээлчид ам муутай байгаа. Би киноны төрлөөр дагнасан урлаг судлалын ганц доктор шүү дээ. Намайг энэ зөвлөлдөө оруулаагүй. Бичгээр саналаа өгч болно гэсэн. Би өгсөн. Том том уран бүтээлч, хөгжмийн зохиолчдоос саналыг нь авч болдоггүй юм байх даа. Жинхэнэ жаргал зовлонг нь үзсэн хүмүүс арай л өөр юм хэлнэ дээ.

-Та хэдэн оноос хойш кино урлагт зүтгэсэн бэ. Энэ салбар таны амьдралын салшгүй нэг юм аа?

-Тийм ээ. Би кино урлагтай амьдралаа холбоод 36 жил болж байна. 1980 онд кино үйлдвэрт туслах оператороор орж байлаа. Тэр цагаас хойш бараг л кинон дотор амьдарч ирлээ дээ. Хамгийн анх “Гэрлэж амжаагүй явна”, “Хуучин сүмийн нууц” кинонд туслахаар ажилласан байдаг. Тэгээд хойшоо Бүх холбоотны кино урлагийн дээд сургуульд явсан. Тэнд байхдаа “Дээд хэмжээ” гээд анхны уран бүтээлээ хийсэн байдаг. Хамгийн сүүлд гэвэл “Богд хаан” киногоо үзэгчдэдээ хүргээд байна.

-Сүүлийн үеийн кинонуудыг муулах ч хүн байна. Бас хөгжиж байна гэх нь ч бий. Та юу гэж бодож байна?

-Монголд кино урлаг маш эрчимтэй хөгжиж байна. Үүнийг би баттай хэлнэ. Ямар ч зүйл сайнтай муутай байдаг. Кино хийж чадахгүй хүмүүс ч байна. Тэднийг боль гэж хэлэх эрх нь бидэнд байхгүй. Даацтай уран бүтээл гарахгүй байгаа нь зохиол дээр нь санхүүгийн хөшүүргэ муутайд байгаа байх.

-Та хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

- Нуулгүй хэлэхэд би Академийн авардст ирсэн кинонуудаа л үздэг. Түүнээс биш кино театр хэсээд кино үзээд янз бүрийн юм яриад явдаггүй. Залуу уран бүтээлчид маань ч биднийг нэг их уриад байхгүй юм байна. Уг нь манай академи дээр ахмад уран бүтээлчид олон байна. Киногоо нээхийнхээ өмнө үзүүлээд санал бодлыг нь сонсоод ганц хоёр үг сонсвол өөрсдөд нь л хэрэгтэй байх. Хамгийн сүүлд “ДОЗ “-ынхон Тайландад хийсэн киногоо бидэнд үзүүлж байсан. Мөн миний нэг хэлчихмээр байдаг зүйл нь хэзээ монголд 5-6 хүн буудалцаад л бие биенээ алаад байсан юм. Нийгмийг ямар нэгэн зүйл рүү уриалан дуудаад байгаа юм шиг ийм байдлаар уран бүтээл хийх нь буруу байх шүү. Тийм жанрын кинонд жаахан шүүмжлэлтэй хандах гээд байдаг.

- Сүүлийн үеийн уран бүтээлүүдээс хамгийн их тоож үзсэн кино тань юу вэ?

-“Аав”, “Хүдэн” хоёр сайхан уран бүтээл болсон байна лээ.

-Киноныхон маань уран бүтээлээ хийгээд л байдаг. Гэтэл театр нь бизнес болчихоод байх юм. Үүнийг яах ёстой юм бол. Тухайлбал танай байгууллага гэхэд нэг кино театртай байх боломж байхгүй юу?

-Яг энэ талаар ярьж байгаа. Бид саналаа Хотын захиргаанд хүргүүлсэн. Монголын кинонууд нээлтээ хийдэг, алдаа оноогоо ярилцдаг, техник хэрэгслээ бөөгнүүлчихдэг ордонтой л болмоор байна. Хувийн театрууд ашиг орлогоо бодох нь зөв байх л даа. Гэхдээ л арай дэндүү байгаа юм. Би уран бүтээлчиддээ энэ театруудад киногоо нээхээ больчих гэж хэлсэн. Тэгэхээр бас нэгэн зовлонтой асуудал нь киног ивээн тэтгэсэн хүмүүстээ ойлгуулж болохгүй байгаа юм.

-Одоо театрууд хэдэн хувийг нь авдаг юм?

-Олсон орлогын 50 хувийг авчихаад байна. Тэгэхээр арай л дэндүү байгаа биз. Тэд үйлдвэрлэгчид биш зүгээр л дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс ш дээ.

- Сүүлийн үед телевизүүд олон ангит кинонууд их хийж байна. Тэдгээрийн зарим нь солонгос сериал шиг байх юм. Та ямар бодолтой байдаг вэ?

-Их зүгээр л дээ. Монголын томоохон телевизүүд өөрийн гэсэн кино хийж байгаа нь авууштай юм. Би солонгос киног нэг их муулмааргүй байна. Тэдний уран бүтээлүүдэд аллага буудалцаан гэж бараг гардаггүй. Харин ч түүнээс авах сурах зүйл их байгаа. Аав ээжээ хүндлэх, биенээ хайрлах соёл, жүжигчдийн тоглолт нь ч хичнээн сайхан үнэмшилтэй байна. Манайд бол үгээ гацахгүй цээжлээд хэлсэн нь л жүжигчин болчихоод байна шүү дээ.

-Та тэгвэл солонгос кино үздэг байх нь ээ?

-Үгүй. Миний жанр биш шүү дээ. Гэхдээ гэрийнхнийгээ үзэж байхад би харж л байдаг. Тайз, гэрэл тавилт, итгэл үнэмшил гээд авмаар зүйл их байна. Мөн түүхээ дэлхий дахинаа сурталчилж байна. Тэр хааны ордны шивэгчингүүд гэхэд ямар ёс жудагтай, хувцасны соёл нь ч өндөр. Яг үүнтэй адил би “Богд хаан” кино дээрээ баатруудаа бүгдийг нь гоё хувцасласан. Монгол хүн гэхээр л заавал нус нь гойжоод хөлс нь урссан байх албагүй. Бид ард түмэн биш.

Түүний аав нь МУ-ын гавьяат эдийн засагч Д.Бямбаа. Тэрээр аавынхаа хөргийг 2007 онд зуруулсан байна. Түүнийгээ ажлынхаа өрөөний хойморт залжээ.

Нэрт хөгжмийн зохиол Л.Мөрдоржийн хэрэглэж байсан төгөлдөр хуур түүний өрөөнд байна.

 

Эх сурвалж:www.polit.mn