Загвар өмсөгч О.Амгаланбаатар олонд дэлгэцийн бүтээлийнхээ дүрээр илүүтэй танигдсан залуу. Түүнийг цахим ертөцийнхөн шулуун яриатай нэгэн хэмээн үнэлдэг. Хүмүүсийн загатнасан газар маажиж олон хүнийг байлдан дагуулаад байна.

Тодруулбал, Өчигдөр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн твиттэр, фэйсбүүк хэрэглэгчийн төлөөлөлтэй уулзсан уулзалтандаа Дагваа аваргыг уриагүй тухай түүний өөрийнх нь нэгэн жиргээг олж уншив. Тэгээд Монгол хүний зан, сэтгэхүйн тухай гэнэт ийм нэгэн сонин бодол төрлөө хэмээн өөрийн бодлоо хуваалсан нь олонд хүнд таалагдсан нь энэ.

"Би сумо үзэх дуртай. Дагваа аваргыг үзэх бүр ч дуртай байсан. Түүнийг зодог тайлан эх орондоо эргэн ирсний дараа Монгол гэдэг омогшлыг маань сэрээж, Монгол хүн гэдгээрээ бахархах бодит жишээ болж явсныг нь мартан амьдрал дээрээ ааг омогтой, гэр бүл нь тогтворгүй гэхчлэн алдаа оноог нь хайр найргүй шүүх гэж яарсан. Үндэсний бахархал болсон хүн үлгэр жишээ байх ёстой гэх боловч Долгорсүрэнгийн Дагвадорж хэмээх хувь хүн бус арлын орныг алмайруулсан Асашёрюүг харж Монгол хүмүүс давхар ялж, ялагдаж байсан даваа бүрийн үнэ цэнэ нь илүү ач холбогдолтой байсан учраас иргэн Дагвадоржийг элдэв янзаар хэлэх гэж яарах хэрэг байдаг ч юмуудаа гэж санагдаж билээ. Уг хүний омголон, багтаж ядсан аагтай зан характер байгаагүйсэн бол иртэй, галтай барилдаан гарах байсан нь эргэлзээтэй.

Олдохгүй байсан эв нэгдлийг олимпийн аваргууд Монголчууддаа авчирсан. Монгол даяар хүн бүр чин сэтгэлээсээ баярлаж нэгэн зэрэг хайрласан хүн гэвэл Чингис хаан гэхээсээ түрүүнд би Түвшинбаяр, Бадар-Ууган гэж баттай хэлж чадна. Баян нь байраа, тэрбумаа ард түмэн нь адуугаа, хонио бэлэглээд Монголчууд бултаараа бахархаж чадсан. Гэвч сүүлдээ дуулиан бүдгэрч амлалтаа ч ихэнх нь өгөөгүй мөртлөө аваргуудаас ахиж амжилт нэхэх гээд л, амны үзүүрт муу үг дуулдах гээд байх болсон. Санаа нь бид тэднийгээ анхны мэддэг үе шигээ хөдөө чигээр нь, хөлсний байранд амьдруулсаар байхыг хүсдэг шиг байгаа юм. Жаахан гайгүйг эдэлж хэрэглээд эхлэхээр нь энэ одоо анх ямар юм байснаа санадаг боловуу гэх янзтай. Эр хүн л хойно аар саархан асуудал, алдаа байж л таараа. Дуулддаг л юм. Гэлээ гээд их зан сууж энэ цагийн баячуудын жишгээр эхнэр хүүхдээ сольсонгүй. Ямар ч алдаа гаргасан байсан яллаж, зэмлэхээсээ түрүүнд түүхэнд нэг хүний гүйцэтгэж болох үүргийг Түвшинбаяр, Бадар-Ууган хангалттай биелүүлсэн гэдгийг л мартаж болохгүй.

Бүр цаашилбал хүн амын 6,6 хувь нь хэлмэгдэн цаазлуулж, зөвлөлтийн колони маягтай, түүхий эдийн бааз улс 70 жил байсны бурууг Чойбалсан, Цэдэнбал тэргүүтэй тухайн цаг үеийн хэдэн удирдагчруу үг хэлэх эрх чөлөөт ардчилсан орны өнөө цагийн иргэд бид хомроглон чихэх нь энүүхэнд. Хувь хүн талаасаа Чойбалсан гэдэг хүн бор дарсанд дуртай, энд тэнд элдэв хүүхэнтэй холбоотой байсан байглдээ. Зөв гэж байгаа юм биш. Зөвшөөрөгдөх буруу буюу хийсэн гавъяатай нь харьцуулахад хямдхан санагдах алдаа гэж бас бий. Тартагтаа тулсан ч тал нутагтаа тариа тариад, малаа маллаад амьдрах газар нутаг, эрх чөлөөг энэ хоёр их гүрнээс авч үлдсэн үе үеийн өвөг дээдэстээн бид үүрд талархаж амьдрах ёстой. Юуны чинь өнгөрсөн цаг дахь хүмүүсийн хормойн доогуур шургалах вэ? Өнөөдөр өөрсдөө оршин байгаадаа, тусгаар улс гэдэгтээ талархах гэж түүнээс хэд дахин том юмаа мартчих гээд байна!!!

Та бидний мэдэхээр олон урлагийн хүмүүсийг ид мандаж явахад нь хөөргөж дайлж цайлчихаад хөгшрөх үед нь хүн чинээ тоолгүй, хэрэглээнээс гарсан учраас хэн ч биш юм шиг төр нь ч, иргэд нь ч хөгийн харьцсан тохиолдол бишгүйдээ л бий. Манайхан амжилт гаргасан нэгнээ сэтгэлийн хөөрлөөр магтаж хэт өндөрт өргөчихөөд сэхэл авахаараа газар тосохоо мартан хаяад явчих гэдэг муухай зантай улс.

Тал алддаггүй, дундыг барьдаг, алдаа гаргахгүй гэж хэт хярдаг хүн энэ насандаа муу явдаггүй ч түүхэнд үлдэх гавъяа түүний нэрээр овоглох нь тун ховор. Амжилт ололт нь амин хувьд нь л хамаардаг. Алдаа оноогоо дэнслүүлэн, халгиж цалгиж, цаг үеэсээ түрүүнд харсныхаа төлөө чичлүүлж, хараалгасан ч чигээрээ, үнэнч бас өөрийнхөөрөө байж чадсан хүн л амьд ахуйдаа биш юмаа гэхэд бурхан гэж байдаг бол диваажинд очин булшны чулуун дээрээ ядаж л цэцгээр тасардаггүй. Гэхдээ л би там диваажин, бурхан, чөтгөрт тэгтлээ итгэдэггүй болохоор араас нь уйлж, сайлж, цэцэг өргөснөөс амьд ахуйд нь сэтгэлийн там эдлүүлчихгүйг л илүүд үзнэ. Монгол бахархал өргөжин тэлэх болтугай" гэв.

О.Ариун