ҮҮНИЙГ БИЧИХИЙН УЧИР

Намайг бөхөд дуртай болгосон хүмүүс бол миний аав, ах хоёр. Тэр дундаа хотоос ирэх бүртээ ховор сайхан зураг, ном сонин авчирч өгч, бас бөхийн тухай, бөхчүүдийн тухай соргог содон яриа дэлгэдэг ах маань юм. “Тэр барилдаан дээр улсын начин тэр аймгийн арслан тэрийг тийм мэхээр хаясан. Ойрд гараагүй сонин мэх байсан шүү” гээд ярихад нь хорхой асч, бушуухан хот орж бөх үзэхсэн гэж адгадаг байлаа. Эхэндээ ахынхаа аманд орчих шахдаг байсан би сүүлдээ бас ч зурагтаар бөхөө үзчихдэг, “Бөх” сониныг тогтмол захиалаад уншчихдаг болсон болоод тэр үү ахтайгаа цэц булаалддаг болов.

“Өндөр Баянмөнх нэг л өдөр улсад түрүүлнэ дээ” гэхэд нь яагаад ч юм уран мэхтэй, удаж төддөггүй хүн л сайн барилдах ёстой мэт санадаг байсан тул “Ээ мэдэхгүй, Говь-Алтайн Гантулга, Завханы Нямсүрэн нар л сайн барилдах байх” гэж зүтгэнэ. Гэсэн ч ах маань “Миний дүү харж л байгаарай. Байгалаас заяасан энэ сайхан бие бялдар байхад аяндаа жин нэмээд сайхан болно доо. Бэлтгэлээ сайн хийхэд хэн ч хазайлгахгүй өдөр ирнэ. Яг л Өсөхбаяр аварга шиг” гэдэг байлаа. Ахын минь хэлсэн үг, хүлээсэн итгэл биелэх цаг тун удахгүй хэмээн санаж “Өндөр” Баянмөнх начны тухай бэсрэг бичвэрээ эхэлье.

 

БӨХИЙН ЗАМД ОРСОН НЬ

Аймгийн начин Чотонгийн хүү Баянмөнх арван настайдаа сумынхаа өсвөрийн барилдаанд түрүүлж амжилтын гараагаа эхэлсэн байна. Улмаар хорь шүргэх насандаа сумынхаа наадамд хоёр ч удаа үзүүрлэжээ. Тэр цагаас нийслэлийг зорьж, бэлтгэл сургууль хийж бөх болохоор зориг шулууджээ.

АЙМГИЙН НААДАМД ТҮРҮҮЛСЭНХИЙГЭЭД АХИЖ ДЭВШИН УЛСАД ЗОДОГЛОСОН НЬ

2004 оноос танхимын барилдаанд зодоглож эхэлсэн тэрээр түүнийхээ дараа жил бөхийн төрлөөр анхны медалиа хүртэж байсан өлзийт дэвжээ, Дархан-Уул аймгийн баяр наадамд зодоглосон байна. 128 бөх барилдахад Увс аймгийн уугуул, Дархан хотын суугуул, урд жилийнх нь улсын наадамд гурав давсан, аймгийн заан Г.Дамдинхүүтэй шалгаран үлдэж, түрүүлснээр “Аймгийн арслан” цолд хүрэв. Тэр жилийнхээ улсын баяр наадамд залуу бөхөөр бүртгүүлэн барилдаж, хоёрын даваанд улсын арслан Б.Ганбаатарт шороодсон юм. Намрын барилдаануудад шинэхэн арслан зодоглож, давж унаж явсаар ирэх жилийн наадамтай золгов. Гурвын нугалаанд үе тэнгийн найз Б.Золбаяртай тунаж барилдан даваад дөрвийн оноолтод тун хариуцлагагүй барилдаж, улсын харцага Ч.Чулуунбаатарт өвдөг шороодсон юм. 86 жилийн ойгоор улсын начин До.Ганбатаар гурав даваад үзүүр бөхөд шороодсон бол 2008 онд улсын начин Л.Нямсүрэнгээр гурав, улсын заан Д.Бумбаяраар дөрөв давж у.з Б.Ганбатад, 2009 онд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдан гурав давж у.з Б.Соронзонболдод тус тус өвдөг шороодсон юм.

 

ХҮССЭН ЦОЛДОО ХҮЧЭЭРЭЭ ХҮРЭХ САЙХАН

Таван наадамд зодоглож, тавын даваа хүртэл барилдсан тэрээр зургаа дахь наадамдаа зургаагийн даваанд хүрэхийг зорьжээ. Гурвын даваанд улсын начин Р.Ганхуягт амлуулан барилдаж орхисон бол дөрвийн нугалаанд улсын харцага Г.Батбаяртай таарч давсан байна. Начны даваанд өөрийнх нь нэг ч удаа давж үзээгүй, улсын харцага Л.Пүрэвжав амалжээ. Гэсэн ч, начны даваанд барилдаж үзсэн хүн шиг тайван байж, санасан мэхээ даалгаж хийн давснаар улсын цолтны их гэр бүлд багтжээ. Ийнхүү бяртай, барилдаанч харцагыг анх давсан нь улсын цолны даваа байсан юм.

 

ТОМ БАРИЛДААНД ТҮРҮҮЛСЭН ТҮҮХ

Шинэ үндсэн хуулийн 19 жилийн барилдаанд “өндөр” начин өнгөтэй сайхан барилдсан түүхтэй. Уг барилдааны гурвын даваанд улсын начин Э.Энхбат аймгийн хурц арслан Р.Пүрэвдагвыг амалж улсын начин Ч.Баянмөнх, аймгийн арслан Б.Сангисүрэн нар тунав. Тунасан хоёрын барилдаан тун удсангүй, начин давав. Улмаар дөрвийн даваанд 2009 оны баяр наадмаар мөн дөрвийн оноолтод таарч, маргаантай шороодож байсан улсын заан Б.Соронзонболдтой барилдан орхив. Тавын даваанд өөрийн багш, улсын начин Т.Өсөх-Ирээдүйг, зургаагийн даваанд улсын заан Д.Рагчаа, долоогийн даваанд уг барилдаанд арслан гардиудыг “нураан” шуугиулсан, аймгийн арслан С.Батсуурийг тус тус орхин, хэрийн аавын хүү түрүүлдэггүй “Шинэ үндсэн хуулийн барилдаан”-д босоо үлдсэн юм.

 

САЙЧУУЛЫГ ХАЯДАГ САЙН БӨХ

Ч.Баянмөнх начин 2012 оны зэвсэгт хүчний ойн барилдаанд улсын начин Ду.Батбаяр, улсын начин Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр нарыг шороодуулан их шөвөгт, мөн онд болсон “Об капитал” компаний нэрэмжит барилдаанд у.х А.Бямбажав, у.х Ц.Содномдорж, у.з Ч.Санжаадамба нарыг дараалан орхиж их шөвөгт шалгарав. Мөн 2013 оны зэвсэгт хүчний барилдаанд улсын өсөх идэр начин Б.Гончигдамба, улсын начин С.Батсуурь нарыг орхин дунд шөвөгт шалгарсан юм. Дээр дурдсан бөхчүүдийг нэг барилдаанд дараалан орхих бөх олон биш гэдгийг уншигчид юу эс андах билээ. Мөн улсын залуу арслан Э.Оюунболдыг харцага болсны хойтон жил, арслан болохын урд жил дөрвийн даваанд тун ч төвөггүй өвдөг шороодуулсныг уншигчид маань мартаагүй болов уу.

 

УДААХ НААДМУУДЫН УЧРААНУУД

Начин цолд хүрснийхээ хойтон жил Завхан аймгийн харьяат, гар барилдаанаар монгол улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулсан, аймгийн арслан Э.Зоригтбаатарыг амлан орхив. Энэ бөхтэй аймгийн арслан болохдоо мөн их шөвөгт барилдаж байсан түүхтэй. Харин дөрвийн оноолтод мөн л Завхан аймгийн арслан Ш.Жаргалсайхантай таарч өвдөг шороодсон юм. Түүний хойтон жил Завхан аймгийн арслан Л.Лха-Очирыг гурвын даваанд орхисон ч оноолтын даваанд улсын харцага Ө.Бат-Оршиход өвдөг шороодов. 2013 оны улсын баяр наадамд Баянхонгор аймгийн арслан Д.Энхбат, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр нарыг орхин начны даваанд гурав дахиа гарсан ч улсын заан Ч.Санжаадамбад өвдөг шороодов. 2014 оны баяр наадмаар Дорнод аймгийн арслан П.Мөнхбат, улсын залуу харцага Э.Оюунболд нарыг дараалан орхисон ч тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөглөсөн билээ. 2015 оны наадмаар хоёр давж гурвын даваанд улсын начин Л.Гантулгад амлуулан ард нь гарсан ч айхавтар ачуулан унаж наадмаа өндөрлүүлсэн юм.

 

ШИЛДГҮҮД ЦУГЛАСАН БАРИЛДААНД ШӨВӨГТ ШАЛГАРАВ

Саяхан болсон Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд улсын алдар цолтой олон бөх зодоглон барилдсан юм. Энэхүү барилдаанд Баянмөнх начин улсын начин Ц.Одбаяр, улсын заан Б.Соронзонболд, улсын арслан П.Бүрэнтөгс нарын хүчтэнүүдийг дараалан сөхрүүлж их шөвөгт шалгарав. Харин долоогийн даваанд тун идэвхгүй, хүч гарган барилдахгүй байсаар өвдөг шороодсон юм. Ер нь бөхийн мэргэжилтнүүд, бөх сонирхогчид “өндөр” начныг өөртөө итгэлгүй, сул барилдаж байна хэмээн дүгнэдэг. Энэ дутагдлаа залруулаад, эрмэг, зоримог, дайчин барилдахад хазайлгах аавын хүү ховор доо, ховор.

 

ТЭГШ ОЙН ЖИЛ БОЛОМЖ ДҮҮРЭН БИЙ

Баянмөнх начин өнөө жил 31 настай. Улсынхаа их баяр наадамд 11 жил зодоглож нэг удаа тав, гурван удаа дөрөв, таван удаа гурав, нэг удаа хоёр, нэг удаа нэг давсан амжилттай. Өнөө жил тэгш ой тохиож буй тул 1024 бөх барилдах учиртай. Тиймээс хэн бүхэнд боломж бий. Тэр дундаа “өндөр” начинд бүр их боломж бий. Сайчуудыг хаяж дөрөв даваад цолны даваанд барилдаж үзсэн, хайнга барилдаад маргаантай унаж байсан, гэмтэл бэртэлтэйгээ хүнд мэдэгдээд гэнэ сэнэгүй ойчиж үзсэн хүнд алдах алдаа үгүй болов уу? Тэгээд ч хэнтэй ч тулах бие бялдар, хэнээс дутахгүй бяр хүч начинд бий. Чухам сэтгэлзүйн бэлтгэл, биеийн бэлтгэлээ хэр тааруулахаас бүх зүйл шалтгаална. Эв нь таарвал түрүүлж ч мэднэ дээ.

 

Эх сурвалж: МҮБХ Т.Түмэндэмбэрэл