Бид удахгүй ээлжит УИХ-ын сонгуулиа хийх гэж байна. Тэгвэл дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ? гэдэг асуудал сонирхол татна. Жирийн иргэд болон судлаачдын.
Жил, жилийн сонгуульд намууд ялалт байгуулахын төлөөх эдийн засгийн бодлогоо гаргаж тавьдаг. Тэр хэрээр ард түмнээс итгэл хүлээдэг. Зөвхөн ялахын төлөөх, түр зуурын шинжтэй амлалтууд улсын эдийн засагт гай болохоос гадна, сонгуулийн дараах дөрвөн жилд ч ихээхэн хүндрэл учруулдаг. Жишээ татвал 2008 оны сонгуульд намууд 1 сая төгрөг, 1.5 сая төгрөг амласан. Үүний үр дүнд 2008-2012 он тэр чигтээ бэлэн мөнгөний амлалт биелүүлэхийн төлөөх намуудын өрсөлдөөн болж дууссаныг та бид мэднэ.

 

Намуудын амлалтын дагуу 2010 онд эх орны хишиг, эрдэнийн хувийг иргэн бүрт нэг удаа 50 мянга, 70 мянган төгрөг тараасан. Ингэснээр махны үнэ гуравхан сарын дотор 7000 төгрөгийг давж, инфляцийг хөөрөгдөж байлаа. Тийм ч учраас 2011 оноос эхлэн бэлэн мөнгөний амлалтын нөлөөллийг бууруулах зорилгоор нэг удаад бөөн мөнгө бус сар бүр 21 мянган төгрөг тарааж эхэлсэн юм. Гэхдээ л 2008-2012 онд Монгол Улс гурван их наяд орчим төгрөгийг зөвхөн бэлэн мөнгөний амлалт хэрэгжүүлэхийн төлөө иргэдэд үнэгүй тараасан байдаг. Хэрэв энэ мөнгийг хуримтлуулж, эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлсэн бол 2012, 2013 оноос эхлэлтэй хямралыг монголчууд ажрахгүй давахаар байсан гэж хэлж болно. Намууд бэлэн мөнгөний амлалт өгөхөөс татгалзсанаар 2012 оны сонгууль харьцангуй ёс журмын дагуу явагдсан гэж хэлж болно. Сонгуулийн үр дүнд тухайн үеийн сөрөг хүчин болох АН парламентад олуулаа болж, “Монгол хүн-2020” хөтөлбөрөө сүүлийн дөрвөн жилд хэрэгжүүлсэн юм.

 

Гэхдээ эрх баригчдыг эдийн засгийн бодлого дээрээ алдаа гаргасан гэж дүгнэх улстөрч, эдийн засагчид цөөнгүй бий. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт 17 хувиас 2.3 хувь болж буурсан, долларын ханш 1300-аас 2000 болж, өссөн гэх зэрэг нь эрх баригч АН-ыг шүүмжлэх үндэслэл болдог билээ.

 

2016 оны сонгууль болох гэж буй энэ үед намууд тус тусдаа эдийн засгийн бодлогоо сонгогчдод санал болгож байна. Тухайлбал, АН-ынхан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж буй бол МАН-ынхан “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Түүнчлэн МАХН-ынхан “Хөгжлийн их хөтөлбөр”, ИЗНН-ынхан “Амьдрал” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж буй билээ

 

Гэхдээ иргэд улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хэр итгэлтэй байна вэ. Сонгуулийн дараа эдийн засаг хэрхэх вэ. Иргэдийн амьдрал дээшлэх үү. Энэ асуудал хэвээр байна.

 

О.Заяа

Эх сурвалж: Шуурхай.мн