Таван толгойг С.Баяр хурааж аваагүйсэн бол ийм хэрүүл болохгүй байх байлаа
2016/05/21
Ерөнхий сайд байсан С.Баярын том гавьяа бол Оюу толгойг хөдөлгөсөн. Энүүгээр нь бид амьдарч байгаа. Том төслийг хөдөлгөсөн гавьяа үнэхээр олон жилдээ ингэж гарч ирдэг юм байна. Гэхдээ бас нэг зүйл байна. Гай ч бий, гавьяа ч бий гэдэгчлэн түүнд бас тарьсан гай гэж байна. Тэр нь өнөөдрийн энэ их талцал хэрүүлийн үрийг тарьсан Таван толгойг зогсоосон явдал. Таван толгой дээр гаргасан түүний шийдвэр буруу байв.
Одоо олон амьтны хэрүүлийн үр болсон Таван толгойн талаар түүх сөхье. Таван толгой нийтдээ 6.5 тэрбум тоннын нөөцтэй, таван толгойгоор нь хуваахад найман зуугаас 900 мянгаар бараг тэгш хуваагддаг.
Улсын төсвөөс их хэмжээний мөнгө гарган 1957 онд анх хайгуулыг нь хийж, 1980-аад оны үед нөөцөө батлуулж, дараа нь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж тэр үеийн социалист блокын орнууд багтдаг зөвлөлд хөрөнгө оруулалт хүсэн санал тавьсан байдаг. Гэтэл хөрөнгө оруулах улс олдоогүй. Тэгж байтал манай улс ардчилал зах зээлд шилжиж, 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гарсны дараа Австралийн BHP компани тусгай зөвшөөрлийг нь эзэмших болж улмаар эдийн засгийн үр ашиггүй байна гэж үзээд 1998 онд лицензийг буцааж өгсөн. Учир нь тэр үед коксжих нүүрсний үнэ тонн нь дөнгөж 40 доллар байсан үе. Мөн дэд бүтэц, ус, цахилгаан огт байхгүй болохоор эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн. Ингээд дөнгөж зургаахан сарын дараа л лицензээ буцаахад нь “Mine info” хэмээх Монголын компани авч, уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг уг компанийн эзэн Батсайхан “Алтай трейдинг” компани буюу бидний мэдэх Сү.Батболдод санал тавьж, ингээд өргөжин нийт арван дөрвөн компани нэгдэн консорциум болохоор ярьсан байдаг. Сү.Батболдыг Монголын томоохон ордыг эзэмшлээ гэж шүүмжлэхэд “Өмнөх эзэмшигч нь гадны компанид лицензээ өгч болох байсан, харин ч монгол хүн Монголдоо авч үлдсэнээрээ улсынхаа өмнө гавьяа байгуулсан гэж тайлбарлах нь ч бий. Өнгөц харахад тийм. За тэр ч яахав. Ямартай ч Таван толгойн түүх ингэж л эхэлсэн. Г.Батхүү, Ц.Цэнгэл, Сү.Батболд, Ж.Оджаргал, Батж.Батбаяр, П.Очирбат, М.Энхсайхан, Д.Идэвхтэн, Ж.Оюунгэрэл нарын арван дөрвөн компани буюу арван дөрвөн айл эзэмших болсон нь ийм учиртай. Энэ хэдэн айл Таван толгойг өөрийн болгоод байж байтал өнөө хэдэн айлын заримыг нь айлгаж, шантаажинд оруулж, төрийн нэрээр сүрдүүлж байгаад дээрэмдээд авчихсан. Яг үнэндээ намаа гоё харагдуулах гэж иргэдээс оноо авах гэсэн л арга гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Мөн өөрсдийн хувиа С.Баярын шахалтаар төрд булаалгасан хүмүүс одоо ч толгойгоо шааж, харамсч суудаг юм билээ. Таван толгойн нэлээд хэсгийг нь төрийн болгож С.Баяр төрд авсан гэдгээ зарласнаар тухайн үед “Монгол ардын нам ард түмэндээ хэдэн баячуудааас баялгийг нь булааж авч өгч байна” гэж ойлгогдохоор, сонгогчдыг татах үнэхээр том сценари болсон. Нэг үгээр ард түмэнд өгнө гээд булаагаад авахаар булаалгасан хүмүүст муухай ч “Биднийх боллоо, хувь хувьцаа эзэмших нь” гэж ард иргэд баярласан. Гэвч өнөөг хүртэл үр шимийг нь хүртээгүй, яагаад Таван толгойгоос болоод хэрүүл тэмцэл тасрахгүй байгааг огт ойлгоогүй нь олон. Ингэж л төр нэг хэсгийг нь булааж авсан үеэс Таван толгойн хэрүүл эхэлсэн. Өнгөц харахад төр ард түмэндээ хувааж өгнө гэдэг нь их гоё сонсогддог. Төр бол гурван сая хүний төлөөлөл. Яг жинхэнэдээ төр бол эзэн биегүй. Төрийн өмч гэдэг тухайн үед төрд байгаа хэдэн хүний л өмч болдог. Төр, хувийн хэвшил хоёрын ялгаа Ухаа худаг, Эрдэнэс Таван толгой хоёрын байгаа байдлаас л шууд харагддаг. Ухаа худаг баяжуулах үйлдвэртэй, хил хүртэл зам тавьчихсан, Эрдэнэс Таван толгой шороо манаруулсан хэвээрээ баяжуулах ч үйлдвэргүй л байж байна.
Ийм их үнэ цэнтэй асар их баялгийг түмэн амьтны дунд ширээн дээр дэлгээд тавиад үз л дээ. Хэн түрүүлж шүүрсэн нь авдаг. Үүн шиг энэ асар их баялгийг авах гэсэн болгон булаалдаж байна. Энэ хэрүүлийн үрийг л С.Баяр тавьчихсан хэрэг. Таван толгойг одоо төр барьж байсан хэдэн хүн л булаалдаж байна. “Би авна, танайх авбал бидэнд дийлдэхгүй, бид авбал та нарт дийлдэхгүй” гэсэн хэрүүлээр үргэлжилж, эцэстээ энэ хэрүүл Монголын нийгмийг хуваах хэмжээнд хүрлээ. Угтаа хэдхэн айлын, хэдхэн том улстөрчийн хэрүүл шүү дээ. Тэр эзэн суучихсан байсан арав гаруй айл өөрсдөө аваад Таван толгойг ажиллуулж байсан бол одоо хагартлаа баяжсан байх ёстой. Өдийд дэлхийн хэмжээний овоо хэдэн тэрбумтантай болчихсон байх байв. Мөнгөтэй болсон хүн эхний хэдэн жил баруун солгойгүй тансаглана л биз. Эцсийн дүндээ тэр их мөнгийг хадгалаад хадгалах газар ч байхгүй. Тиймээс тэнэг л биш бол их мөнгөтэй болохоороо хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг. Юу ч юм барьж бүтээдэг. Өдийд өнөөх хэд маань дэлхийн дайны баячуул болчихсон бол Toyota-ийн салбар үйлдвэрийг Монголд нээчихсэн, тэнд нь зуун мянган хүн ажиллаж байх байлаа. Энэ бол ердөө л жишээ шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Хувхай хоосон хэвээрээ өөрөө ч баяжсан юмгүй, өрөөлийг ч баяжуулсан юмгүй алаагүй баавгайн арьсыг хувааж авах хэрүүлээ хийсээр л өнөөдрийг хүрчихлээ. Өнөөх арван хэдэн айл дээр дахиад арван хэдэн айл нэмэгдэг л дээ. Та хэд хорин хэдүүлээ Таван толгойг аваад баяжицгаа. Хамаа алга. Тэгээд зуун мянга, хоёр зуун мянган монголоо ажиллуул, хоолтой нь залгуул, амьдралаа өөд татах боломжийг нь олго. Тэдний цаана хэдэн ам бүл байгаа билээ. Олон монгол хүн ажилтай, орлоготой болно. Хэрэлдэж талцаад байхаар ийм нэг шийдэл байна. Ширээ тойроод нэг ярилц. Түүнээс биш ард түмэнд энийг ашиглуулаад бид тэрнээс хувь хүртээд бид баяжитлаа өдий байх шиг байна. Энэ итгэл аль хэдийнэ алдарчихлаа.
зочин · 2016/05/22
С.Баярын захиалгаар бичсэн юм байх даа
sokkei · 2016/05/22
yag zob sanaa bna
Зочин · 2016/05/22
Оюу толгойгоос олсон мөнгө нь офшорт таван толгой бол нөөцийг нь улс тогтоосон авсан нөхдүүд хууль зөрчсөн шахалтанд ороодк ичсэндээ төрд өгсөн харин баяр ухаа худаг гэж үлдээх ёсгүй байсан авилга авсан байж магадгүй одоо шалгаад гаргаад ирэх байхаа
Зочин · 2016/05/21
Tanii molgoig buyu medlegiig demjij baina.
Зочин · 2016/05/21
yamar balai yum bichdeg hun be. zahialagtai gekheed arai l teneg bichjee.