2015 оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусан дахин шүүхэд шилжсэн байна. Энэ хэрэгт зөвхөн Б.Ханбаатарыг буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн байна. Түүнийг энэ сарын 30-ны өдрийн 09:30 цагт шүүх юм_. Тодруулбал Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Б.Ханбаатарыг яллах хуулийн заалтууд:

96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах

96.2.1.танхайн сэдэлтээр;

96.2.6.онц харгис хэрцгий аргаар;

96.2.8.тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

96.2.9.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнд гэмтэл учруулсан бол бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

126 дугаар зүйл. Хүчиндэх

126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;

 

181 дүгээр зүйл.Танхайрах

181.2.1. догшин авирлаж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

 

Хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ханбаатарын гэм буруутай эсэхийг шийднэ. Түүнийг өнөөдөр шүүх юм. Харин энэ хэрэгт хамааралтай байж болзошгүй н.Ариунболд "уснаас хуурай" гарах юм байна. Тодруулбал, түүнийг гэмт хэргийг нуун дарагдуулсан хэмээн зүйл ангиар буруутгаад байсан ч хуулийн "цоорхойгоор" хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралд н.Ариунболд оролцох юм байна.

Шүүх хурлаас өмнө хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас тодруулахад: Хохирогчийн өмгөөлөгч нарын хувьд Б.Ханбаатарын үйлдэл холбогдол дээр нь эрүүгийн хуулийн өөр зүйл ангиудыг нэмүүлэх санал гаргасан. Үүнийг прокурор үндэслэлтэй байна гэж үзэн буруутгасан зүйл ангиуд дээр нэмж 181.2.1, 96.2.2, 96.2.6, 96.2.8, 96.2.9 зэрэг зүйчлэлээр ял төлөвлөсөн байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогч эмэгтэй сэтгэл санаа, алдар хүнд, эрүүл мэнд, ажил байдлын хувьд хохирсон. Хохирогчийн эрх ашгийн хамгаалахын төлөө ажиллах болно гэв

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа