УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- УИХ-ын ээжлит бус чуулганаар улс орны өмнө тулгараад байгаа асуудлыг шийдэж чадах болов уу?

- Өнөөдөр Монгол улсын  нийгэм, эдийн засагт онц ноцтой хямралын шинж тэмдэгүүд илэрч байна. Энэ хямрал юунаас үүсэн бэ? гэдэг оношийг зөв тогтоох нь чухал болоод байна. Оношийг нь зөв тогтоохгүй бол өвчин ужиграад  яваад байдаг ш дээ. Тэрэн шиг өнөөгийн нийгэм, эдийн засгийн зогсонги байдалд зөв онош тавих нь хамгийн чухал. Ялангуяа эрх баригчид өнөөгийн нийгэм, эдийн засгийн хямралд зөв онош тавьж чадаж байна уу? Үгүй юу? гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй.  Оношоо хэрвээ зөв тавьж чадсан бол өнөөдрийн авч хэрэгжүүлж байгаа ажлуудын үр дүн ирэх оны эхний хагас гэхэд гарах ёстой.  

2008 онд дэлхийн эдийн засаг санхүүгийн том хямрал эхэлсэн.  Дэлхийн энэ хямралын давалгаа Монгол улсад орж ирэхэд С.Баярын засгийн газраас эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөг УИХ-аар батлуулж, зөв онош тавьсныхаа хүчинд -1.6 хувьтай байсан эдийн засгийг нэг жилийн дотор хоёр оронтой тоо буюу 10 гаруй хувийн өсөлттэй болгож өөрчилсөн. Тэгэхээр энэ бол нийгэм эдийн засгийн үүсээд байгаа нөхцөл байлдалдаа  зөв онош тавих асуудал байгаа юм. 

Зөв онош тавьсан байхад ямар эмчилгээ хийх, жор бичих нь тодорхой болоод ирнэ шүү дээ.  

- Өнөөдөр бид зөв оношоо тавьж чадаж байна уу?

 -  Оношийг буруу тавиад байгаа юм болов уу гэж харж байгаа. Ялангуяа Засгийн газраас мэдээлж байгаа мэдээллийг  үзэхэд, одоогийн нийгэм, эдийн засгийн үүсээд байгаа нөхцөл байдлыг  нэг бол гадаад хүчин зүйл рүү эсвэл өмнөх Засгийн газар руу нялзааж, өөрсдийгөө энхийн цагаан тагтаа мэтээр тайлбарлахыг оролдож байна.  Ийм сурталчилгааг сүүлийн үед эрчимжүүлж байгаа.  

Бодит байдал дээрээ 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын гадаад талдаа  нааштай үзүүлэлт гаргаад эхэлчихлээ.  АНУ, БНХАУ, Европын улсуудын эдийн засаг  өсөлттэй буюу тогтовортой байдалд шилжих хандлагатай болж ирж байна.  Өнгөрсөн хавар Хятад улс таван жилийн төлөвлөгөө,  шинэ зорилтынхоо хүрээнд эдийн засгаа тооны хойноос биш чанарт анхаарах болсноо мэдээлж байсан. Энэ нь тоон үзүүлэлтийн хувьд удаашралтай мэт харагдаж байгаа ч  манай улсын эдийн засагт нөлөөлөхөөргүй байгаа.

Яг өнөөдөр үүсээд байгаа нийгэм эдийн засгийн энэ нөхцөл байдал юунаас үүссэн бэ гэхээр нэгт, төрийн бодлогын залгамж халаа алдагдсан.  Хоёрт, гадаад бодлогын хувьд том алдаа гарсан. Ялангуяа хоёр хөрштэйгээ харилцах харьцаанд нилээн том алдаа гарчихлаа.  Үүнээс шалтгаалаад хоёр хөрштэй хийж байгаа эдийн засгийн хамтын ажиллагаа зогсонги байдалд орчихоод байна. Үүнийг дагаад нийгэм эдийн засгийн хамтын ажиллагаа зогсонги байдалд орчихсон.  Гуравт, Ардчилсан нам гарч ирснээсээ хойш эдийн засгийг хөшүүргэдэж, авч явах томоохон бодлого зарлаагүй.  Энэ нь өөрөө гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгээд байна. Ардчилсан нам олонх болоод Монгол төрийг барих дөрвөн жилийн хугацаандаа эдийн засгийн аль салбарыг хэрхэн дэмжих,  хөрөнгө оруулалтын ямар орчин үүсгэх гэж байгаа буюу томоохон төсөл хөтөлбөр байгаа эсэхийг бизнес эрхлэгчид харсаар байна.  

Өмнөх Засгийн газрууд бол  тодорхой арга хэмжээ зохион байгуулж, төсөл хөтөлбөр зарлаж байсан.  Тухайлбал эрчим хүчний салбарт, Монгол улсад эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулна, автозамын сүлжээнд мянганы зам төслийг хэрэгжүүлнэ, атар аян буюу хөдөө аж ахуйн салбарыг босгоно, 100 000 айлын орон сууцны хөтөлбрийг хэрэгжүүлж эхэлсэн.  Өөрөөр хэлбэл эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тухайн салбар руу худалдаа, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын бизнесийн орчин бий болдог. Тэгтэл ийм төсөл, хөтөлбөр ерөөсөө зарлаагүй. МАН-ын үед хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийг дуусгаж, тууз хайчилсаар энэ Засгийн газар нэг жилийг үдлээ.  Н.Алтанхуягын Засгийн газар  гарч ирээд шинэ хөтөлбөр зарлаагүй. Харин өмнөх Засгийн газрын хөтөлбөрт засвар хийсэн. Тухайлбал  орон сууцны хүүнд засвар хийснээс эдийн засагт хөшүүрэг хийх төсөл, хөтөлбөр зарлаагүй нь бизнесийн орчинд хүлээлт үүсгэчихэж байгаа юм.  

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид би аль салбар руу хөрөнгө оруулбал  хөрөнгө өсгөх вэ гэсэн хүлээлтийг үүсгэчихээд байна.  

- Алдааг гадаад хүчин зүйл, МАН-ын тэргүүлж байсан Засгийн газар руу битгий чих, өөрсдөөсөө хай гэж хэлээд байна уу?

- Засгийн эрх барьж байгаа нам өөрсддөө дүгнэлт хийх цаг болсон.   Н.Алтанхуягын Засгийн газар байгуулагдаад нэг жил болчихсон.  Энэ нэг жилийн хугацаанд юун дээр алдчихав,  яагаад эдийн засгийн өсөлтийг  бууруулчихав, олон тэрбумаар яригдаж байсан гадаадын хөрөнгө оруулалтын урсгал яагаад татарчихав, бизнесийн орчин яагаад зогсолтод орчихов гэдэг дээр дүгнэлт хийгээч ээ.  

- Төрийн албаны данхар бүтэц эдийн засгийн хямралд нөлөөлж байна гэж яриад байгаа?

- Төрийн албаны их том, данхар бүтэц нийгэм, эдийн засгийн өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд нөлөөлж байгаа.  Эдийн засгийн энэ хямралаас гарахын тулд хий ёстой нэг зүйл бол, Монголчууд бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр Монголын хөрсөнд буусан цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох хэрэгтэй.  Өмнө нь бид олсныхоо хэрээр  хэрэглээд байсан.  Олсныхоо хэрээр яам, сайд, төрийн албан хаагчдынхаа тоог нэмээд,  унадаг машинаа томруулаад байсан. Харин яг ийм хямралын үед төрийн албаа цомхон болгож,  үргүй зардлыг багасгах нь одоогийн их хямралаас гарах чухал арга хэмжээний нэг.  

- УИХ-ын ээлжит бус чуулганаар яагаад эдийн засгийн хямралыг хэлэлцэхгүйгээр  хөрөнгө оруулалт, урт нэртэй хуулийг хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг УИХ-ын ээлжит чуулганаар хийх төлөвлөгөөтэй байгаа юм уу?

- Нийгэм, эдийн засгийн хямрал үүссэн. Үүнийг даван туулахын  тулд бүгдээрээ ярилцаад, зөв гарцаа хайя. Ингэхдээ танай, манай нам гэхгүйгээр ярилцъя гэсэн санааг МАН гаргаж, ээлжит бус чуулганыг 8-р сард хуралдуулъя гэж байсан нь  ийм учиртай байсан юм.  МАН-ын тавьсан шаардлагын дагуу ээлжит бус чуулган хуралдаж байгаа ч сарын дараа хуралдаж байна.  Тэгэхээр таны асуусан шиг ээлжит чуулганаар ирэх оныхоо төсвийг хэлэлцэх үеэр  энэ оны төсвийн тодотгол хийх хэмжээнд орчихлоо. Тиймээс үүнийг дагасан хүндрэл гарах нь тодорхой болчихлоо.

 Ээлжит бус чуулганы үеэр хэлэлцэх асуудлууд нь өнөөгийн нийгэм, эдийн засгийн хямралаас шууд утгаараа гарах хуулиуд биш.  Өөрөөр хэлбэл бид яаралтай төсвийн тодотголоо хийж, төрийн албаны үргүй зардлаа багасгах, үр ашиггүй  хөрөнгө оруулалтаа танахын зэрэгцээ, цалин тэтгэвэрээ нэмж байж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулахгүй байхад бид нар илүү анхаарах ёстой.  

Хоёрт, хямралаас гарахад голлох үүрэг гүйцэтгэх Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанктай хамтран Засгийн газар нь  гадаад дотоодын  хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хамтран хэрхэн хямралаас гарах эсэхийг  ярилцах ёстой байсан. Гарцаа тодорхойлсон баримт бичиг орж ирсэнгүй.

Монголчууд бид нар нэг “савалдаг” юм. Үүнийг л болимоор юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх ёстой гээд 1990-д онд гадаадын хөрөнгө оруулагч л байвал 10-20 жилээр татварын хөнгөлөлт өгч, энгэрээ сул тавьчихдаг. Эсвэл гадны хөрөнгө оруулагчид бол хадны мангаа гэгчээр бүх юмаа хумиад л дайраад байсан.  Одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэрээр дахиад бүх юмаа дэлгэчих гээд байгаа. Тэгэхээр яг алтан дундажийг нь олсон харилцан ашигтай байх хувилбраар хөрөнгө оруулалтынхаа бодлогыг урт хугацаанд  тодорхойлох бодлогыг тавих ёстой гэж бодож байгаа.  

Би харин нэг зүйд талархалтай хандаж байгаа. Ардчилсан намын лидер улс төрчид сүүлийн найман жил   уул уурхайг их хийлээ.  Хэн нь эх оронч байх вэ? Хэн нь уул усаа хамгаалагч байх вэ? Гэсэн уралдаанд тэргүүн байр эзлэх гэж  урт хугацааны аян явлаа ш дээ.  Тэрийгээ ухаарч эхэлж байгаад баяртай байна.  Өөрөөр хэлбэл 68 хувийн татварын буруу байсан гэдгийг уг хуулийг санаачлагчид өнөөдөр  хүлээн зөвшөөрөөд алтны хуулийг оруулж ирж байна. Монголын алтны салбар жилдээ 22 тонн олборлодог байсан бол  нэг жилийн дотор 50 хувиар буурсан.  Би тэр үед сайд байхдаа энэ асуудлыг хэлээд УИХ-ын чуулганы танхимаас хөөгдөж байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр хэн нь эх оронч вэ гэдэг цээжээ дэлдэх уралдааны тэргүүн эгнээнд байсан хүмүүс ухаарч, энэ тэмцээнд цэг тавигдаж байгаад баярлаж байна.  

- Урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх таны бодол?

- Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд үе үеийн Засгийн газар томоохон ажил хийсэн.  Ур нэртэй хуулийн ерөнхий үзэл санаа бол байгаль дэлхийгээ аврах, Монголын уламжлалт нүүдлийн соёл аж ахуйг авч үлдэх. Монгол бол  Төв Азийн усны хагалбарт оршдогын хувьд  Монгол улс байгалиа аварч үлэдх томоохон алхам байсан. Гэхдээ энэ хуулинд засаж сайжруулан, амьдралд  нийцүүлэх  хэрэгтэй, амьдрал дээр хэрэгжүүлж болохооргүй заалтууд үнэхээр бий.   Тэр заалтуудыг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засах ёстой. Харин одоо орж ирж байгаа нэмэлт өөрчлөлт цөөн хэдэн компанийг онилсон  юм биш байгаа гэсэн болгоомжлол бий.  Нэг ёсондоо намын харъяалал, хүнийх нь өндөр намыг харгалзсан юм биш байгаа гэсэн хардлага байгаа.  

- Хөрөнгө оруулалтын хуулийн тухайд?

- Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар 1990 оны үед гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж байсан  томоохон хөнгөлөлтүүдийг болиулсан юм.  Ер нь “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” нь гадаадын хөрөнгө оруулалтын бүртгэлийн тухай хууль болоод үлдчихсэн байсан юм.  Тийм учраас 2006 оны гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт, одоо оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн хуулийн үзэл баримтлалын ялгаа юу байгааг би сайн олж харахгүй байгаа.  Гадаадын хөрөнгө оруулагчдад урт хугацаанд тогтовортой байх орчинг амалж байгаа нь зөв байх.  Үүнийг л тогтворжуулах гэж байгаа бол энэ хуулийг дэмжих хэрэгтэй. Гэтэл энэ хуулинд  дахиад ямар зүйл орж ирч байна вэ гэхээр бас л тодрхой хүн, байгууллагад чиглэсэн заалтууд орж ирээд байгаа юм. Үүнийг хэлэлцүүлгийн явцийн хүрээнд эдийн засгийн бүлэглэлүүдийн сонирхолыг тасдаасай гэж хүсэж байна.

- Энэ бүхэн геологи, уул уурхайн салбарын нэгдсэн хууль байхгүйгээс  үүдэлтэй юм шиг санагддаг. Таны бодол?

- Тийм. Нэг ойлгомжгүй зүйл байна. Уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд ашигт малтмалын шинэ хууль гарна гэсэн хүлээлт байсан.  Ашигт малтмалын шинэ хууль гарахгүй яагаад хүлээгдээд байна вэ гэхээр эрдэс баялагын салбарт барих төрийн бодлогыг тодорхойлно гэсэн.  Төрөөс баримтлах бодлогыг нь хүлээж байтал энэ хавар ороод ирсэн. Эрдэс баялагийн салбарт баримтлах төрийн бодлогын баримт бичиг УИХ-аар батлагдаагүй байгаа.  Гэтэл ашигт малтмалын эрх зүйн орчинг салбар салбараар  салгаад хуульчлаад байна.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль,  алтны тухай хууль,  уран цацраг идэвхитийн хууль, зэсийн тухай хууль, нүүрсний хууль гээд ашигт малтмал, эрдэс баялагийн нэгдмэл бодлого, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны олон ажлууд энэ хүрээнд замхарч байна л даа.  Тэгэхээр энэ салбарын нэгдмэл бодлого алдагдах гээд байна.  

Тиймээс эрдэс баялагтай холбоотой хуулинд судлаачид, ард иргэд дуу хоолойгоо нийлүүлээсэй гэж хүсэж байгаа. Яагаад гэхээр  түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу лицензийг орон нутагт олгодог болгох гэж байгаа.  Наанаа харахад гоё л доо.  Цаана нь орон нутагт  ашигт малтмалын нөөц судалж, ТЭЗҮ баталдаг болохоор Монгол улсын газрын нэгдмэл сангийн  асуудал  юу болох уу?  Нөгөө орон нутагт олгогдож байгаа тусгай зөвгөөрлийн давхцал жишээ нь юу болох уу? Гэх мэтээр олон асуудал байгаа. Тэдгээрийг одоо эргэж харах шаардлагатай байна.  

- Самурай бондыг энэ оны сүүлээр гаргах гэж байна. Харамсалтай нь энэ бондыг уул уурхайн салбарт бус төсвийн алдагдалд “нөхөөс” хэлбэрээр оруулна гэсэн зүйл яригдаад байгаа?  

-УИХ дахь МАН-ын бүлэг Монголбанк болон бусад төрийн байгууллагаас санхүү эдийн засгийн асуудлын талаар мэдээлэл сонсох талаар бүлгийн хуралдаан  дээр яригдсан. Самурай бонд гэнэ үү, ямар бонд гарна гэнэ үү? тэр янз бүрийн бонд нь төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гарахгүй.  Хуулиндаа хориглочихсон.

- Хууль гууль болоод байгаа цаг ш дээ...

-  Сүүлийн үед хуульгүй болчихсон. Гэхдээ яг энэ асуудалд Засгийн газар арай парламентаа давж ажиллахгүй байх гэж бодож байна.

- Бонд нэртэй өрийг авч эдийн засагтаа хөрөнгө оруулах нь зөв үү?

-   Бонд  гаргаж эдийн засагтаа мөнгө хийх нь зөв үү? Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар дамжуулан баялаг бүтээн эдийн засагтаа хөрөнгө оруулах нь  зөв үү? гэдэг дээр бид нар анхаарах ёстой.  Өмнөх Засгийн газрын үед  худалдааны, бизнесийн  яг өөрийнх нь зарчмаар хөрөнгийг нь босгодог, тэр хөрөнгө нь өр биш ААН, төрийн байгууллагын ажлын уялдаагаар зохицуулагддаг байсан. Өөрөөр хэлбэл аль болох өр тавихгүй байх зарчмаар ажиллаж байсан.

Тэгтэл  өнөөдөр Монгол улсын нийт гадаад өрын хэмжээ 15 ам.долларт хүрээд байна.  10 жилийн өмнө бид нар их өрийг дарлаа гэж баярлаж байсан ш дээ. Тэгтэл өнөөдрийн энэ өр “их өр”-өөс их хэмжээтэй болчихоод байна.  Бондын зарцуулалтад хяналт тавих хэрэгтэй болчихоод байна.  Өр тавьж, бонд гаргаж болноо болно.  Гэхдээ өмнө нь их хааныхаа нэрээр авсан  бондын зарцуулалтад дүгнэлт хийж байж дараагийнхаа зээлийг аваасай.  Дэлхийд хамгийн  баян хүн бол Чингис хаан байсан. Өнөөдөр бол хамгийн ядуу буюу  1.5 тэрбум ам.долларын өртэй хүн бол Чингис хаан болчихоод байна. Тийм учраас их хааныхаа нэрийг ийм том өрийн бичигт гаргах нь буруу.  Бондын талаар МАН-ын бүлэг хаврын чуулганаар маш олон удаа ярьсан.  Тэр үед Эдийн засгийн хөгжлийн сайд “9-р сараас та нарыг хэлэх үггүй сайхан болгоноо ” гэж байсан.  Одоо 9-р сар болж байна.  

- Засгийн газрыг огцоруулна, эсвэл салбарын сайд нарт хариуцлага тооцуулна гэсэн “бор шувуу” нисэж байгаа.

- Нөхцөл байдал хүндэрх нь ээ. Бодлогын алдаа, хариуцлагын алдаа гарч байна. Монгол улсын гүйцэтгэх засаглалд хариуцлагагүйн зуд нүүрлэж байна гэдгийг бид 5 сарын өмнөөс ярьсан. Парламентийн олонхи нь харин үгүй ээ, бүх зүйл сайхан болж байна, энэ хүмүүстээ итгэл хүлээлгэе гэж кноп дарсан.  Тэгэхээр хариуцлага тооцох боломж, эрх нь олонход байгаа.  Хэрвээ хариуцлага тооцохгүй бол өнөөдрийн үүсээд байгаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн нуруун дээр ирээд байгаа ачаалал хүндэрч байгаа нь зөв юм байна гэж эрх бодогчид бодож байгаагын илэрэл.  Тиймээс олонх энэ ажлыг хийх ёстой.  

А.Баярмаа