Манай улстөрчид, УИХ-ын гишүүд Монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө, мөнгөний төлөө гэсэн хоёр хэсэг болон хуваагдсан гэгддэг. Гэхдээ олонх нь мөнгөний төлөө хүмүүс байдаг гэх юм билээ. Угаас тэд намдаа мөнгө босгож өгөөд ордог, өгсөн мөнгөө буцаан олох гэж парламентад ороод зан нь хувирдаг аж. Өөрөөр хэлбэл тэд ард түмний төлөөлөл биш, аль нэг намын төлөөлөл байдагт гол учир байгаа юм. Сүүлийн үед улстөр сонирхох залуусын тоо олширчээ. Тэднийг мөн л хоёр хэсэгт хувааж болох биз.

Нэг ёсондоо улстөрд орохын тулд бараг юугаа ч хайрлахгүй улайран зүтгэцгээгээд байдагийн учир шалтгаанууд тайлагдсаар л байна. Монголын Залуучуудын холбооноос өнгөрсөн даваа гарагт УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдээс “Хар жагсаалт”-д багтсан хүмүүсийг зарлаад байгаа билээ. Хамгийн хачирхалтай нь энэхүү “Хар жагсаалт”-д дуучин Г.Эрдэнэтунгалаг, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нараас эхлээд улс төр байтугай амьдралдаа төрийн албанд ажиллаж үзээгүй хүмүүс багтсан байв.

Тэгвэл үүнийхээ араас А.Мөнхбат “Цагаан жагсаалт” гаргах гэж буй аж. Уг жагсаалтанд нь хэн хэн багтах вэ гэдэг хүлээлт үүсээд байна. Гэтэл өчигдөр Оюуны ундраа группийн ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан сошиалд нэгэн нууц дэлгэлээ. Тодруулбал тэрбээр “А.Мөнхбат 50 саяыг өгвөл цагаан жагсаалтанд оруулна гэж ирсэн. Өгөхгүй гэсэн. Хариу нь хар жагсаалт гэнэ” хэмээн жиргэжээ. Өөрөөр хэлбэл түүний хэлж буйгаар бол 50 сая төлсөн нь цагаан жагсаалтад, төлөөгүй нь хар жагсаалтад орсон болж таарлаа.

Иймээс тэр 50 сая төгрөг өгөхийг хүсээгүй УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй АН-ын 65, МАН-ын 69 хүнийг “хар жагсаалт”-д оруулсан байх магадлалтай юм байна. Мөн 50 сая төгрөг төлсөн хүмүүс ирэх бямба гарагт тодрох аж. Улстөр бол хамгийн ашигтай бизнес гэдгийг эндээс харж болох нь байна. Ийм болохоор өөрийн мэргэжлийн салбарт амжилт гаргахаа больсон, бизнес нь явцгүй болсон хүмүүс улстөрд орж, ихээхэн мөнгө олохын төлөө нэр төрөө ч үл хайрлан зүтгэж буй юм. Ардчилсан нам нэг нэр дэвшигчээс 50-100 сая төгрөг авч байгаа хэмээн Ж.Батзандан ярьсан байдаг. Гэхдээ парламентад орвол уг мөнгөө хэд дахин нугалж авдаг байх. Ж.Батзандан, С.Амарсайхан нарын яриа үнэн бол ихээхэн мөнгө босгохын төлөө ажиллаж буй бүлэглэл гэдэг чинь нам эвсэл, залуучуудын байгууллага байж таарх нь ээ.

Н.Чимэг