Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг хэлэлцжээ. Мөн ЗГ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Сайн хашаа" хөтөлбөр болон "Сайн оюутан" хөтөлбөрүүдийг хэлэлцэж зарим шийдвэрүүдийг гаргасан байна.

 

Тодруулбал, Засгийн газар иргэдийн Эрдэнэс тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэн хүсвэл энэхүү хувиа Засгийн газарт зарж болно гэсэн үг. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлыг хэлэлцжээ. Гэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй юм байна.

 

Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх аж. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох арилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэв.

 

О.Түвшин