2012 онд ардчилагчид засаг аваад өнөөдрийн энэ их зээлийн анхных болох "Чингис” бондыг гаргасан. Эрх баригчид дэлхий нийтээс "Хоёр дахь мянганы суут хүн” буюу үйл хэрэг нь 1000 жилд дуурсагдах, өөрийн амьдарч байсан мянганыхаа хамгийн аугаа хүнээр тодруулсан Чингис хааныхаа нэрийг олон улсад барьцаалж байгаад 1.5 тэрбум ам.доллар буюу 3 их наяд төгрөгийн зээл авсан.

Өдгөө энэхүү өрийн бичигтээ жил бүр 100 тэрбум гаруй төгрөгийн хүү төлж байна. 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын авсан энэ ззэлэнд Монгол Улс 2013, 2014, 2015 он гээд аль хэдийнэ 300 тэрбум төгрөг төлчихөөд байна. Түүнчлэн 2016 болон 2017 онд тус бүр 100 тэрбум төгрөгийн хүү төлнө.

Харин "Чингис” бондын үндсэн төлбөрийг 2018 оноос төлж эхлэх юм. Энэ хүрээнд эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын 500 сая ам.долларыг нь 5 жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэйгээр төлөх болох үлдсэн 1 тэрбум ам.долларыг нь 10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэйгээр төлөх аж. Энэ бол Монгол Улсын 2012 оноос хойш авсан энэ их зээлийн зөвхөн нэгхэн хэсэг нь бөгөөд жилд 100 тэрбум төгрөг төлсөн ч хохиролгүйгээр Монгол Улсад ашигтай, үр өгөөжөө өгөх зүйлд зарцуулагдсан хэмээн найднам. Аливаа ажлыг төлөвлөж байж, ашгаа өгөхийг нь урьдаас тогтоож байж өндөр хүүтэй зээл авч, эрсдэл өндөртэй үйлдэл хийдэг. Үүний адилаар Н.Алтанхуягийн Засгийн газар тооцоо судалгаатай ажилд зориулж зээл авсан байх. Түүнээс биш ажлаа төлөвлөөгүй байж зээл авчихаад цаг, минутаар урсч буй хэдэн сая төгрөгийн хүүг нь гэнэт ухаарахдаа ийм зүйлд зарцуулья хэмээн баахан ажил төлөвлөж, үр ашиггүй зарцуулсан юм биш байгаа даа гэх хардлага төрж байна.

Тиймээс энэ их зээлийг авсан хүмүүс тайлангаа тодорхой тавьж, үйл ажиллагааныхаа зарцуулалтыг тайлагнах биз. Учир нь, эндээс олон нийт энэ их мөнгийг Монгол Улсад ашгаа өгөх зүйлд зарцуулагдсан эсэхийг мэдэх боломжтой. Ямартай ч, яг энд зарцуулагдаж, үр ашгаа ингэж өгч байна хэмээн бариад авчих зүйлгүй, бас мэдэхгүй байгаа бидэнд АН-ын дарга боинг онгоц байна гэж хэлсэн юм. Гэхдээ ганцхан боинг онгоцонд зарцуулагдаад өнгөрсөн юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Тиймээс 1.5 тэрбум ам.доллар буюу 3 их наяд төгрөгөөр ганц боинг онгоц аваагүй гэдгээ тайлбарлаж, "Чингис” бондын өрийг хариуцах эзэнтэй байлгах нь зөв болов уу.

 

Төгс