Хөрөнгө оруулалтын тухай хууль “түүхий” болжээ
2013/09/19
УИХ-ын ээлжит бус чуулганаар “Хөрөнгө оруулалтын тухай” хууль болон бусад хуулиудыг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэ хуулийн талаар парламентад суудалтай АН-аас бусад нам эвслийн бүлэг хэрхэн дүгнэж байгааг хүргэе.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Дотоодын хөрөнгөтнүүд өөрсдийгөө татвараас чөлөөлөх гэсэн юм
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаарх таны бодол?
-Сайжирсан гэх зүйл одоогийн хуулийн төслөөр харагдахгүй байгаа. Зарим талаараа муудсан зүйл бий. Тухайлбал, өмнө нь батласан хуулиараа стратегийн гэх салбарыг тодорхойлоод үүнд хөрөнгө оруулалт хийхэд заавал УИХ ын чуулганаар оруулж шийдэх ийм хуулийн заалттай байсан. Өөрөөр хэлбэл, банк санхүү, эрдэс баялаг, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах болвол УИХ аар хэлэлцүүлэх байсан. Харамсалтай нь энэ босгыг байхгүй болгож хаялаа. Дээрээс нь 100 сая ам.доллартай хэнийг ч гэсэн хөрөнгө оруулагч гэж үзэх ийм нөхцөл харагдаад байгаа юм. Харин яагаад үүн дээр шүүмжлэлтэй хандаж байна гэвэл нэгдүгээрт, стратегийн салбар заавал байх ёстой. Стратегийн салбараа барьж чадахгүй бол төр ажиллаж чадахгүй. Яваандаа гадны нөлөөнд өртөж, төр эмзэг болох. Үүнээс үүдээд манай эдийн засгийн салбар хямрах ийм хандлагатай. Тиймээс үүн дээр гарцаагүй болгоомжлох ёстой. 100 сая ам.долларын хувьд хэтэрхий бага босго байгаа юм. Гадны хөрөнгө оруулалттай хувийн компаниуд 100 сая ам.доллартай бол бүртгээд хөрөнгө оруулагч гэж нэрлээд явах болоод байна. Гэтэл Монголд 100 сая ам.доллар хөрөнгө оруулалтын хэмжээнд очих уу гэвэл өнөөдрийн өнцгөөс арай өөр харагдана. Хэдэн жилийн өмнө бол бид хөрөнгө оруулалтыг татъя, мөнгөтэй хүн наашаа хүрээд ир гээд хөнгөлөлт, чөлөөлөлтийг хуульдаа хийж байсан. Өнөөдөр бол олон жилийн дараа, алдаа онооны зааг давсан үед, мөн олон хүний амьдрал ахуй, газар нутгаараа хохирч үлдсэн байхад бидний бодол өөрчлөгдөх ёстой. Бид юуг хөрөнгө оруулалт. Аль салбартаа хөрөнгө оруулалт татах вэ. Хөрөнгө оруулалтын дараа монголчуудад, Монгол оронд юу үлдэх вэ гэдэг ийм бодлогыг бид заавал гаргах хэрэгтэй. 100 сая ам.доллар Монголд хангалттай хөрөнгө оруулалт болж чадахгүй. Энэ мөнгөөр гуанз байгуулж болно. Гэхдээ 100 сая Монголын хөгжлийн ирээдүйд хэрэгтэй байгаа суурь асуудал болох дэд бүтцийг бий болгох. Төмөр зам, автозам барих, цахилгаан станцыг шийдэхэд тэр хэмжээний хөрөнгө оруулалт биш. Тиймээс энэ бол алдаатай, хэтэрхий бага босго байна гэж үзэж байгаа.
Хөрөнгө оруулалтын хуулинд 15 тэрбум төгрөг оруулсан бол гадаад, дотоодын гэж ялгахгүйгээр татвараас чөлөөлнө гэж байгаа. 15 тэрбум төгрөг гэдэг өөрөө ямар мөнгө вэ гэдгийг бодох ёстой. Монголчуудад цахилгаан станц, төмөр замаа барихад хангалттай мөнгө байхгүй. Нэг ёсондоо бидний мөнгө хүрэлцэхгүй байна. Энэ салбарууд дээр хөрөнгө оруулалт татъя гэвэл 15 тэрбум дэндүү бага мөнгө. Цаашлаад 15 тэрбум төгрөг дотор эргэдэг монгол бизнесмэнүүд хэд байгаа вэ гэвэл УИХ-д сууж байгаа гарын арван хуруунд багтах цөөхөн хэдэн хүн бий шүү дээ. Гэтэл гадна, дотно гэж ялгалгүйгээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хуулиар далимдуулах зүйл гарна. Өөрөөр хэлбэл, дотоодын хөрөнгөтнүүд, олигархиуд өөр, өөрсдийгөө татвараас чөлөөлөх гэсэн юм шиг ийм хандлага энэ хуулиас шууд харагдаж байгаа. Тэгэхээр үүн дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Миний санал болгож байгаа юм бол стратегиэ тодорхойлж, ямар салбарт хөрөнгө оруултыг илүү татах. Хэрэгцээ шаардлага үүсээд байгаа дэд бүтцээ тодорхойлоод хөрөнгө оруулалтаа татъя, харин яг энэ салбаруудад хуульд зааснаас илүү урт хугацааны хөнгөлөлт, чөлөөлөлтийг амлая. Ингэснээр гарцаагүй хэрэгцээгээ хангана. Тухайлбал, орон сууц барьж, барилгын компаниудыг нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Ингэж чадсанаар орон сууцны үнэ хямдарч, 20 жилийн дараа эргээд харахад Монголын бүх айл байртай болсон байх иймэрхүү 10, 20 жилийн дараах бодлогыг харж, тодорхой салбарт хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлье гэдэг хувийн санал, санаачилга байгаа. Манай бүлэг үүнийг дэмжиж, санал болгож оруулах байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Татварын тогтвортой байдал, урамшуулал алга
Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварын тогтвортой байдал, урамшуулал алга. Хоёр амин сүнснийхээ нэгийг алга болгож, нэг хөл дээрээ яваатай адил. Манайх шиг төмөр замынхаа өргөн, нарийн царигаа шийдэж чадаагүй байхад энэ хууль тогтвортой байна гэдэг ичмээр зүйл.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх нь зөв. Гэхдээ...
-Хөрөнгө оруулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү? Энэ удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлт түүхий байна уу? Эсвэл цаг үеэ олсон байна уу?
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх нь зөв. Яагаад гэхээр өнөөдөр хүмүүсийн амьдрах чадвар, нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ард түмнээс сонгогдсон улс төрчдийн мөнгөтэй холбоото үйл ажиллагаа явуулахыг эдийн засаг гэдэг. Хэрэв эдийн засгийн оролцогчийнхоо хувьд амьдрал “тийхэн” болоод ирлээ гэдгийг хэлээд ирвэл инфляц нэмэгдээд ирлээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл эдийн засаг хүндэрч байна гэсэн үг. Инфляцыг тооцохдоо 290 орчим бүтээгдэхүүнийг сонгон авч, түүнийгээ сагс гэж нэрлээд, групплэн, статистикийн жигнэлт хийгээд гарсан дундаж хөдөлгөөнийг ерөнхийд нь хэрэглээний барааны үнийн өсөлт буюу инфляц гэдэг. 290 бүтээгдэхүүний нэг хэсгийн нь үнэ өсөж байгаа бол зарим нь өсөөгүй байгаа. Таны болон олоннийтийн хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний заримынх нь үнэ нэмэгдэж, худалдан авах чадвар багасаад ирвэл эдийн засаг муудаж байнаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр нэг нь эдийн засаг муудсан, нөгөө нь муудаагүй гэж ярих дэмий асуудал. Зүгээр л сонгогчдоосоо асуучих. Эдийн засгийн энэ байдлыг зүгээр хараад суугаад байж болохгүй. Тиймээс хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Үүний тулд эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй болохоор Хөрөнгө оруулалтын хуулиа сайжруулах хэрэгтэй. Гэхдээ одоогийн хэлэлцэж байгаа Хөрөнө оруулалтын хуулинд зарим нэг зүйлийг дутуу заасан байгаа. Хөрөнгө оруулагчдад хөшүүрэг болон тогтвортой байдал нь чухал байдаг. Тэгтэл тогтвортой байдлыг нь тусгаж өгөөд нөгөө үндсэн тулгуур болох хөшүүрэгийг нь тусгаж өгөөгүй байна.
Хууль санаачлагчдын хувьд Хөрөнгө оруулалтын хуулийг магтаж байгаа ч парламентад суудалтай улс төрийн нам эсвлийн бүлгийн гишүүд харин эсрэгээрээ түргэдсэн, түүхий хууль гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Монголын хэсэг бүлэг нөхдөд чиглэсэн Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэг хийгдэж байгаа энэ цаг үед яаралтай эргэж харах хэрэгтэй болжээ.
А.Баярмаа
Зочин · 2013/09/20
шал түүхий болсон байлээ. нягтлаж, сайжруулах ********длага зүй ёсоор тавигдаж байгаа. хэн нэг хэл амтай сайдын үгээр энэ хуулийг баталвал дэндүү гоомой болох байх. Батбаяр гэж хамар доорхи хагархай гэгчээр энэ хуулийг биеэрээ хамгаалаад байгаа нь ойлгомжгүй. нэгэнт улс оронд бий болсон нөхцөл байдлыг бодитоор нь хүлээн зөвшөөрч, хэрхэн залруулах талаар зөвлөлдмөөр юм. эсвэл үнэхээр буруу зөвийг ялгаж мэдэхээ больсон толгой юм болуу, ойлгохгүй л байна