"Онцлох үйл явдлын тойм"
2016/06/18
Сонгууль өгөх өдөр айсуй. Энэ долоо хоногт улс оронд тайван байлаа. Харин төрд хууль санаачилсан хүн нь өөрөө хуулиа зөрчиж дуулиан дэгдээв. Мөн АН нэр бүхий зургаан гишүүнээ намаасаа хассан юм. Ингээд өнгөрч буй долоо хоногийнхоо тоймыг хүргэе.
Улс төр АН-ын дарга зургаан гишүүнээ хөөв
АН-ын дарга З.Энхболд сонгуулийн өмнөхөн нэгэн сонирхолтой шийдвэр гаргасан нь олны анхаарлыг багагүй татав. Учир юу вэ? гэвэл Төмөрбаатарын Хасбаатар, Лхагваагийн Цандэлэг, Чангаагийн Бямбаа тэргүүтэй нэр бүхий зургаан гишүүнээ намаасаа хасчээ.
Намаасаа хасах болсон шалтгаан нь “Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, Үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг дагаж мөрдөх үүргийг биелүүлээгүй, төрийн сонгуульд бусад намаас болон бие даан нэр дэвшиж байгаа тул дээрх гишүүдийг Ардчилсан намын гишүүнчлэлээс хассугай" гэжээ.
Ийнхүү сонгуулийн өмнө АН-ын зургаан гишүүн шулуухан хэлэхэд намаасаа хөөгдлөө. Сонгууль дөхөхөөр л бие биендээ хөлөө жийлцдэг жаягаар АН-ын дарга намынхаа гишүүдээ жийх нь энэ.
Тамхины хууль санаачилсан Л.Эрдэнэчимэг гишүүн төрийн ордонд ажлын өрөөндөө тамхи татаж, архидан согтуурсан бичлэг олон нийтэд цацагдав
“Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татаж, архидан согтуурч байгаа 25 секундын бичлэгийг олон нийтэд тарааж дуулиан дэгдээв.
Уг бичлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Архи, тамхи, секс гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм” гэж хэлсэн байдаг. Энэхүү бичлэгийг тараасан сэтгүүлч Т.Алтаншагай “Уг бичлэг надад зургадугаар сарын 5-нд “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгтээ оруулаарай, амжилт хүсье гэсэн дугтуйтай ирсэн. Дугтуйнд улаан өнгийн флаш байсан бөгөөд уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн халамцуугаар ёс бус үг хэлж байгаа бичлэг байсан. Шууд гаргах боломжгүй учир хуульч Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн” гэсэн юм. Уг бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хийсэн бөгөөд тэрбээр бичлэгтэй гар утсаа алдсан гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт мэдүүлжээ.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногоос эхэлж Х.Бат-Ялалт надаас 200 сая төгрөг нэхсэн. Над дээр ирж бичлэгээ үзүүлсэн юм. Тэрхүү бичлэгийг нь үзээд би Г.Уянга гишүүний утсанд хийсэн бичлэг байгааг би хэлээд цагдаагийн байгууллагад хандана гэдгээ хэлээд 07-ны өдөр гомдол гаргасан. Би ажлын байран дээр вино ууж ёсзүйн алдаа гаргасан даа үйлдэлдээ ард түмнээсээ уучлалт гуйж байна. Хууль зөрчсөн үйлдлийнхээ торгуулийг төллөө" хэмээн онцлов.
Нийгэм Эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлээс болж "иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэх вий"
Сонгуулийн жил болгон л Монголынхоо баялагийг хувааж иргэддээ өгөх талаар шуугиж эхэлдэг жамтай бололтой. Өмнөх сонгуулиар Оюутолгойн ордын ашгийг хүртээж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлнэ л гээд уран үгийг урсгасан.
Мөн 2012 оны сонгууиар Эрдэнэс-Тавантолгойн хувьцаа гэгчийг иргэддээ ашиг хэмээн таарчихсан. Үүнийхээ ашгийг иргэд хүртэх гэж дөрвөн жил хүлээсэн ч хөрөнгийн зах зээл дээр эргэлтэнд ороогүй. Цагаан сарын дараагаар "Хятадууд хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авч байгаа" гэсэн яриа тархаж олон хүн урт цагааны урд хонон, өнжиж оочерлосон ч тусыг эс олсон.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна. Худалдан авах эрх нь Засгийн газарт нээлттэй гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгө хэлбэрт оруулан авчээ. Эдгээрээс бусад 1 сая 650 мянган иргэний хувьцаагаа худалдаагүй байгаа юм.
Ингээд дээрх шийдвэрийг сонссон иргэд өөртөө байгаа хувьцааныхаа 30 хувийг худалдах гэж даваа гаригаас өнөөдрийг хүртэл банкуудад оочерлож эхэлсэн билээ. Тэгвэл эрх баригчдын уг шийдвэр нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос мэдэгдэв.
"Арилжааны банкнуудаар дамжуулан, үнэт цаасыг худалдаж авч байгаа нь банкуудын тухай хууль, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Мөн "Эдийн засгийн эргэлтэд оруулна" гэдгийг иргэд маань буруу ойлгож байна. Энэ нь хувьцааг иргэд хууль ёсны дагуу Хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд, иргэд чөлөөтэй хувьцаагаа арилжаалдаг болохыг хэлж байгаа юм.
Хөрөнгийн зах зээл өөрөө Санхүүгийн зах зээл болохоос биш Улс төртэй хамааралтай зах зээл биш шүү. Засгийн Газар худалдаж авна гэдэг чинь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал юм. Өнөөдөр хувьцааны наймааг арилжааны банкуудаар дамжуулан худалдаалах боломжтой болчихсон юм бол Хөрөнгийн бирж, Үнэт цаасны компаниуд, Брокерууд байх хэрэггүй шүү дээ" хэмээн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр хэлэв.
Түүнчлэн байхгүй мөнгийг бий болгож авч байгаа нь сонгуулийн өмнөх асуудал, улс төржилт болгож байна. 2011 оноос хойш таван жил өнгөрлөө. Яагаад "Эрдэнэс-Таван толгой" ХК нь хувьцаагаа арилжаалах, бүртгэх ажлыг хийхгүй байгаад гайхаж байна. Тэгэхээр арилжаалах боломжтой гэх эрхээ нээгээгүй үед худалдан авах гэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Мөн компанийн дүрэм дээрээ нээлттэй, ил тодоор энэхүү хувьцааны талаар тусгаагүй байгаа гэсэн юм.
Иргэд хувьцааны талаар ямар ч ойлголтгүй байгаа бөгөөд "зарах нь зөв үү, буруу юу" гэдгээ ч сайн мэдэхгүй явна. Эдийн засгийн хямралтай энэ үед улс төрийн зорилготой шийдвэр гаргаж их хэмжээний мөнгөний эрэлтийг бий болгож байгаа нь эргээд иргэдийн нуруун дээр ачаа нэмэх вий дээ. Учир нь манай улсад тэтгэвэр, халамж, цалин нэмэгдэх гэнэ гэсэн сургаар хамаг бараа, бүтээгдээхүүнийх нь үнэ дагаад өсчихдөг жамтай. Гадаад валютын ханш ч чангарч мэднэ. Ингээд нэмэгдчихсэн бүтээгдэхүүний үнэ буурна гэж гонжий жоо. Дараа нь иргэд 300 мянган төгрөг авсанаасаа илүүтэйгээр их хямралд өртөх болно.
Холбоотой мэдээ: Иргэдээ цөхрүүлсэн Засаг "амь тариа хийж эхлэв"
Эдийн засаг: Монголчууд мах, ногооноос гарсан нь
Хөөрхий эдийн засаг. Хөл дээрээ тогтож чадахгүй элгээрээ мөлхсөөр өдийг хүртлээ. 2017 онд Монгол улсыг дампуурлаа зарлана гэж нэлээдгүй улстөрч, эдийн засагч нар хэлж маргаан үүсгээд авсан удаатай. Тэгвэл “дампуурлаа” зарлах улсын тоонд эхний аравт ороод хэдийнээ амжсан.
Эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд нь хавтгайрсан халамж, бэлэн мөнгө тараалт нь ихээхэн нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид дүгнэсэн билээ. Ниргэсэн хойно нь хашгирна гэгч нь болсон энэ үйл явдал өдгөө давтагдах гээд буй. Тодруулбал, Засгийн газар иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэр гаргасан. Үүнийг сонссон иргэд арилжааны банкуудад оочерлож хувьцаагаа худалдах гэрээгээ хийж эхэлсэн билээ. Эх, үрсийн баярын өдрөөр ахмад настангуудын тэтгэвэрийг нэмж бэлэг барьсан эрх баригчид. Тэгвэл тэд үүнийгээ эдийн засгийг аварч байна, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд тусалж, дэмжиж байна гэж бодож байгаа биз. Харин ч эсрэгээрээ ард түмний худалдан авах чадварыг улам бууруулахад дэндүү сайн оролцож байгаа гэдгийг энд онцлоё. Тэтгэвэр нэмэгдсэний дараа мах, ногооны үнэ өссөн.
Одоо харин хүнсний ногооны үнэ хаданд гарлаа. Өнгөрөгч долоо хоногт монгол лууван нэг килограмм нь 2200 төгрөгтэй байсан бол 3000 төгрөг болтлоо нэмэгджээ. Монгол Улс төмсөө 100 хувь, хүнсний ногооныхоо 44 хувийг дотоодоосоо хангадаг. Харин Монгол төмс (1,091₮), Монгол лууван (2,032₮), Байцаа (1,818₮), Манжин (2,265₮), Сонгино (1,312₮) байна хэмээн долоо хоногийн үнийн судалгааг Статистикийн хорооноос гаргажээ.
Ийнхүү дэлгүүрийн лангуун дээрх үнэ огцом өсөхөд төмс, зарим хүнсний ногооны импортын татвар өссөн нь нөлөөлсөн аж. Тодруулбал, шар лууван, манжин, бөөрөнхий байцай, сонгинын гаалийн албан татвар 5-10 хувиар өсөж, 15-20 хувьд хүрсэн байна.
Спорт: Б.Бат-Эрдэнэ дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ
Малайз улсын Пенанг хотноо Ой тогтоолтын нээлттэй тэмцээн зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Тус тэмцээнээс манай улсын "Монголын Оюун ухааны академи"-ийн тамирчид оролцож, 22 медаль хүртсэн билээ.
Бага насны ангилалд Б.Бат-Эрдэнэ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүний хувьд анх удаа олон улсын тэмцээнд оролцож, өндөр амжилтыг үзүүлсэн юм.
Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн юм.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа