14 тэрбумын төслийн шалгаруулалт шударга болсон уу?
2016/06/20
Б.ЗАЯА
Тусгай зөвшөөрөлгүй компани олон улсын төсөлд тууж явна гэвэл та итгэх үү. Тусгай зөвшөөрөл гэдэг эмчээр бодвол эмчлэх эрхтэй хүнийг хэлнэ. Эмчлэх эрхгүй бол тэр хүн хэчнээн чадвартай, мэргэжлийн байсан ч энгийн хүнээс ялгарахгүй. Тиймээс би ч, та ч биеэ үзүүлэхийг хүсэхгүй. Тэгвэл барилгын хувьд ч ялгаагүй. Мэргэжлийн бус компани барилга барьж байна гээд олон хүний амь насаар тогловол яах вэ.
Ийм хачин жигтэй явдал Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын хажуугаар өрнөж байна, цаана чинь. Нисэх онгоцны буудлын захиргаа, катеринг, карго үйлчилгээний барилгын 14 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий тендер одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны есдүгээр сард зарлагджээ. Зам тээврийн яам захиалж Худалдан авах ажиллагааны газрынхан тендер зарлаж шалгаруулсан байна. Тендерт “Арц суварга”, “Асар өргөө”, “Харбин Да Дун” компани болон “Баярконстракшн-Юү Ти Пи”, “Ви Эйч Энд Би”-“Есүй ордон”, “Эс Си Си Эйл Монголия-Татах хүч”, “Эрдэнэт лайт-Баганат өргөө” компанийн түншлэл саналаа ирүүлжээ. Гэвч эдгээрээс нэг нь ч тендерийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Энэ тухай ХААГ-аас тендерт оролцогчдод илгээсэн албан бичигт “...Тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн ганц ч тендер ирээгүй бөгөөд захиалагчаа үл хамаарах шалтгааны улмаас тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсоныг мэдэгдье” гэжээ.
Санал ирүүлсэн дээрх долоон компани тусгай зөвшөөрөлгүй, татвар болон нийгмийн даатгалын өртэй, ажилтан хангалтгүй, тендерийн баталгааг дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар хасагджээ. Нэгэнт тендерийн хүчинтэй хугацаа дууссан бол дахиж тендер зарлах ёстой. Гэтэл саяхнаас тендерийн шаардлага хангаагүй гэж хасагдсан долоон компанийн нэг “Ви Эйч Энд Би”-“Есүй ордон” түншлэл Хөшигийн хөндий дэх тендерийн ажлыг гүйцэтгэх болжээ.
Учрыг нь тодруулбал, шаардлага хангаагүй хэрнээ төрийн байгууллагуудыг шүүхэд өгч, хүчээр тендер авсан тухай баримт, мэдээллийг эх сурвалжууд хэлэв.
“Ви Эйч Энд Би” компани 2014 онд тендерт оролцохдоо тусгай зөвшөөрөл аваагүй, инженер техникийн ажилтан хангалтгүй, туршлагагүй, хөрөнгө төсвийн хувьд ч биеэ дааж чадахааргүй байсан гэх. Гэтэл ХААГ-аас тэнцээгүй гэсэн хариу авсан тус компанийн захирал Г.Ванчинхүү Сангийн яаманд гомдол гаргажээ. Гомдлын дагуу Сангийн яам компанийн материалыг дахин хянахыг ХААГ-т даалгасан байна. ХААГ-аас тендрийн үнэлгээг дахин хийж “Уг тендер шалгаруулалтад оролцогч “Ви Эйч Энд Би”-“Есүй ордон” компанийн түншлэл 2.1.5 “Газар доорхи гарц тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтээцтэй, барилга байгууламжийн ажил” эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд уг тусгай зөвшөөрлөөр хийгдэх ажлыг туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан “Комптрейд” компаниар гүйцэтгүүлэх санал ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй учир татгалзаж байна” гэжээ. Газар доорх гарц тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтээцтэй, барилга байгууламжийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь барилга угсралтын ажил гүйцэтгэхэд хамгийн чухал шаардлага юм. Үүнийг баталж Барилга хот байгуулалтын яамнаас ч албан бичиг ХААГ-т ирүүлсэн албан тоот энэ байна.
Тендер шалгаруулагч байгууллагаас удаа дараа ийм хариу өгөөд байхад “Ви Эйч Энд Би” компани Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Хар ухаанаар бол Доржийн боловсрол, мэдлэгийн төвшин, туршлага тухайн ажлын байранд тэнцэхгүй байхад заавал орно гээд шүүхдээд байгаатай адил.
“Ви Эйч Энд Би” компани яг ийм нэхэмжлэлийг шүүхэд гаргачихаж. “...“Ви Эйч Энд Би” компани тендерийн шаардлага хангасан байхад тендер шалгаруулалтаар үнэлгээ хийж, шалгаруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, зохих шийдвэр гаргаж гэрээ байгуулахыг даалгах” гэж. Шүүх хурлыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж ХААГ-ын шийдвэрийг хууль бус хэмээн “Ви Эйч Энд Би” компанитай гэрээ байгуулахыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард даалгажээ.
Үүний дагуу ХААГ-аас “Ви Эйч Энд Би” компанитай гэрээ байгуулах саналыг захиалагч Зам тээврийн яаманд хүргүүлжээ. ЗТЯ тус компанийн амнөх хууль зөрчсөн, шаардлага хангаагүй түүхийг сөхөж гэрээ байгуулахаас татгалзсан болохыг эх сурвалж хэлж байна. Гэтэл тус компани Зам тээврийн яамыг шүүхэд дууджээ. Мөн л ХААГ-ыг хариуцагчаар татсантай адил гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн нэгдүгээр сард болсон уг шүүх хурлыг Д.Зоригтбаатар шүүгч дахин даргалж, яг л өмнөх шийдвэрээ гаргажээ.
Үүний дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард ЗТЯ “Ви Эйч Энд Би” компанийн хооронд гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулагдсанаас хойш гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэл хангалтгүй, газраа ухаад орхисон төдий, хөрөнгө мөнгөгүйгээс ажил нь урагшлахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Төрийн өндөр статустай хоёр байгууллагыг үндэслэлгүйгээр шүүхэд дуудаж, түүнийг нь хууль ёсных хэмээн нэг л шүүгч шийдсэн, долоон компаниас зөвхөн нэгийг нь онцолж дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчээр шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна хэмээн тендерийн бусад оролцогч компаниуд бухимдалтай байгаа аж. Тэд энэ асуудлаар АТГ-т хандсан удаатай гэнэ.
Тэдний ийн бухимдах нь ч аргагүй. Тендерт ялж чадаагүй олон мянган компани манайд бий. Тэд тэнцээгүй ч тэнцэх ёстой хэмээн шүүхэдсээр байвал юу болох вэ. Хууль ёс тогтоохын тулд хууль, журам гардаг бус уу. Хууль, журам зөрчсөн байна, тэнцээгүй гээд мэргэжлийн байгууллагууд дүгнээд байхад тэнцэх ёстой хэмээн улайрч, түүнийг нь шүүх байгууллага нь дэмждэг ямар учиртай вэ. Энэ асуудалд АТГ-ынхан цаг алдалгүй анхаарал хандуулж хууль ёс сахиулах шаардлага яалт ч үгүй байна.
Зочин · 2016/06/20
cool
Зочин · 2016/06/20
Ардчилсан намынханы бас нэг л луйвар байна шдээ. Одоо л иргэд бид сонгохгүй байхад л болно шүү