Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан талаар сошал ертөнцөөр тархаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ талаар задарсан байна гэсэн математикийн багш Х.Сайнбилэг гэж үзэж буй бол нөгөө талаас Боловсролын үнэлгээний төв /БҮТ/ задраагүй гэсэн хариултыг өглөө.

"Шинэ зуун билиг" сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг “ЭЕШ-ын тестийн хариу задарсан гэх яриа өмнөх жилүүдэд гардаг байсан. Гэхдээ би багш хүнийхээ хувьд энэхүү мэдээлэлд итгэдэггүй, шалгалтын маш өндөр нууцлалтайгаар зохион байгуулдаг учраас худал гэж боддог байсан. Зургадугаар сарын 15-ны өдөр тестийн хариу задарсан гэх яриа гадуур гарч эхлэхэд ч мөн итгээгүй.

Гэтэл математикийн шалгалт болсны дараа манай нэг шавь над руу “Гадуур тараад байсан бар кодтой тестийн хариу яг таарч байна. Миний хөлс хөдөлмөр зарцуулсан нь талаар боллоо” гэсээр уйлаад утсаар ярьсан. Харин би тухайн үед би итгэхгүй байтал надад B хувилбарын хариуг өнөөх бар кодтой хамт явуулсан. Гэтэл би бодож үзтэл хариунууд яг таарсан. Нөгөө тестийн хувилбарууд ч гэсэн 1-2 хариу зөрүүтэй л болохоос яг таарсан.

БҮТ монгол улсын хэмжээнд хамгийн том шалгалтыг зохион байгуулдаг. Гэтэл бүтэн жилийн турш энэ шалгалтаа авах гэж асар их хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл дунд нь байгаа хүн хэдэн төгрөгийн хойноос олон хүний хөдөлмөрийг үгүй хийчихлээ. Үүний цаана нь багш, сурагчдын, эцэг эхийн маш их хөдөлмөр, цаг байгаа. Тэгэхээр ямар нэг аргаар задарчихсан байгаа юм. Миний фэйсбүүктээ оруулсан мэдээллийн дараа маш олон эцэг, эхчүүд надруу чатаар зураг, мэдээллийг явуулж байгаа. Үүний хамгийн ноцтой нь математикийн багш холбогдсон. Тэр багш нэрээ болон сургуулиа нууцлаж өгөхийг хүссэн байгаа. БҮТ энэ бар код яаж задарсан болохыг хэлээд өгөөч ээ, хүүхдийн ирээдүйгээр тоглож болохгүй. Энэ бар кодоор шалгалтаа өгсөн хүүхдүүд 800 оноотой хэдэн сурагч гарч ирэхийг мэдэхгүй байна. Улсын хэмжээнд 800 оноо авдаг хүүхэд маш цөөхөн байгаа" гэсэн юм.

Харин БСШУЯ -ны Үнэлгээний төвийн програм хангамжийн хэлтэсийн дарга н.Сүхболд "Шалгалтын хариу задрах ямар ч боломжгүй зүйл. Харин шалгалтын явцад буруу хариуг хүүхдүүдэд худалдаж, залилан мэхлэж байсан явдлыг илрүүлж цагдаагийн байгууллага, ТЕГ шалгаж байгаа. Тэрхүү задарсан гээд байгаа хариу нь математикийн шалгалт дууссаны дараагаар фэйсбүүкээр тархсан. Бар кодтой хариуг хэн, ямар зорилготойгоор иргэдийг төөрөгдүүлж олон нийтэд тарааж байгааг шалгуулахаар ТЕГ, ЦЕГ, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар бид албан ёсны хүсэлтээ өгсөн байгаа. Энэхүү шалгалтын дараагаар шалгалтын хариу задарсан, задраагүй болох нь тогтоогтоно.

Одоогоор бидний баттай хэлж чадах зүйл гэвэл шалгалтын хариу задраагүй гэдэгт итгэлтэй байна. Учир нь бид элсэлтийн ерөнхий шалгалтаа авч дууссаны дараа хамгийн ихээр хариу задарсан гэж гомдол ирүүлсэн сургуулиудын математикийн шалгалтын материалыг уншуулж, дүн шинжилгээ хийсэн. Ингэхэд өндөр оноо олноороо авсан нь гарсангүй. Задарсан гээд байгаа хариугаар бөглөсөн шалгалтын материал хүртэл байсан. Тэр нь алдаатай буруу л хариутай байна. Дүн шинжилгээний хийхдээ 80-90 хувь хийсэн хүүхдүүдийн улсын шалгалтын хариуг харахад мэдлэгийн түвшин таарсан. Олноороо дээд оноог аваагүй ээ. Өмнөх жилийн сургуулиудын элсэлтийн шалгалтын чансаа манай баазад бий. Түүнтэйгээ ч мөн сургуулиудын харьцуулахад хэвийн гарсан" хэмээв.

Ямартай ч шалгалтын хариу задарсан уу, задраагүй юу гэдгийг холбогдох байгууллага нь үнэн зөвөөр ажиллах биз ээ.

Х.Даваа

 

 

Холбоотой мэдээлэл:

ЭЕШ-ын материал гэж хууран мэхэлж байжээ

ЭЕШ-ын хариу задарч олон сурагчдыг хохироож буйг яах вэ, сайд аа!!!

"ЭЕШ-ын хариу бар кодоор тайлагдсан баримтыг дэлгэлээ"