Сүүлийн үед сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд дарамталсан өнгө аястай нэгэн мессеж гар утаснаас минь салахаа байлаа.

Тодруулбал, Скайтел компаниас давтамжтайгаар "Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдамжийн дагуу та 06/25-аас өмнө үйлчилгээний салбарууд дээр ирж дугаар эзэмшигчийн бүртгэлээ хийлгэнэ үү. 06/25-аас өмнө эзэмшигчийн бүртгэл хийгдээгүй дугаарын үйлчилгээ хязгаарлагдахыг анхаарна уу” гэсэн мессежийг илгээх боллоо. Надаас өөр хүнд ирж байгаа эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ганцхан надад ингэтлээ анхаарлаа хандуулаагүй байлгүй гэж бодож байна.

 

 

 

Ингээд Скайтелийн 1515 дугаарт залгаж учрыг нь тодруултал "Таны бүртгэл тодорхойгүй байна. Ирж бүртгэлээ баталгаажуулахгүй бол үйлчилгээг тань хязгаарлахыг анхаарна уу” гэж байна.

 

Би ч нэг их ойлгосонгүй "Уг нь анх дугаар авахдаа иргэний үнэмлэхээ үзүүлээд л авсан санагдах юм. Яагаад дахиж бүртгэх гээд байгаа юм бол” гээд тодрууллаа. Тэгсэн "Таны оршин суугаа хаяг тодорхойгүй байна. Нэн яаралтай үйлчилгээний төвүүдэд очихгүй бол дугаараа ашиглах боломжгүй болно” гэлээ.

 

Миний хувьд Скайтелийн энэ дугаараа авахдаа иргэний үнэмлэхээ авч очоод л бүртгүүлсэн. Түүнээс хойш мэдээлэлд маань онцын өөрчлөлт гараагүй. Гэтэл Скайтел компаниас "өөрчлөгдсөн байна” гээд л, намайг өөрөөс минь илүү мэдэгдээд байгаа ч юм шиг, эвгүй санагдаж байна. Айдас ч хүрэх шиг. Үүний дараа хэсэг бодсоны эцэст сонгуультай холбоотой үйл ажиллагаа явагдаад байгаа юм байна гэх хардлага төрсөн юм.

 

Шалтгаан нь дээр заасан хугацаатай холбоотой. Яагаад заавал 25-аас өмнө гэж хугацаа заагаад байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-нд байж болох байсан. Эсвэл 3 дугаар сарын 18-ны дотор бүртгэлээ хийлгэнэ үү гээд мессеж ирэхэд би нэг их гайхахгүй. Харин сонгуулийн өмнө, "6 дугаар сарын 25-аас өмнө...” гэж заагаад байгааг сонгуультай холбож ойлгохоос аргагүй хүрлээ. Магадгүй миний оршин суугаа хаягийг тодорхойлж байгаад манай тойрогт нэр дэвшигч миний утас руу сурталчилгааны мессежээр бөмбөгдөхийг үгүйсгэхгүй шүү дээ.

 

 

Үүрэн холбооныхон нэр дэвшигчийн мэдээлэл, сурталчилгааг хэрэглэгч рүү явуулж, төлбөр тооцоо авахыг үгүйсгэхгүй шүү дээ. Нэг ёсондоо урлагийнхан шиг халтуур хийдэг ч юм билүү.

 

Үүн шиг нийтийг хамарсан мессеж дон гээд л ороод ирвэл яах уу?

 

Жишээ нь хэд хоногийн өмнө манай эхнэрийн утас руу танихгүй дугаараас "танай тойрогт нэр дэвшиж байгаа тэр байна аа. Судалгаа авах гэсэн юм” гээд л залгаад байсан. Ийм зүйл болж амарч байх үед минь хэн нэгэн залгаад "хивс цэвэрлэгээний нөхдүүд шиг” залхтал ярих ч юм билүү яаж мэдэх вэ. Тиймээс би 25-аас өмнө бүртгүүлэхийг хүсэхгүй байна. Сонгуулийн сурталчилгаа хаагдсан 27-ны өдөр, эсвэл шинэ сарын эхлэл болгож 7 дугаар сарын 1-нд бүртгэлээ баталгаажуулахыг хүслээ. Харин миний хүслийг үл ойшоож, миний зөвшөөрөлгүйгээр дугаарыг минь хааж, эрхэд минь халдахгүй байхыг Скайтел компаниас хүсч байна. Сонгуультай холбоогүй л юм бол "25-аас өмнө гэдэг” дарамталсан мессежээ дахин явуулахгүй байхыг та бүгдээс хичээнгүйлэн хүсье. Бүртгэлээ баталгаажуулах өдрөө би өөрөө сонгоё.

Амар