​Ерөнхий сайд асан С.Баяр. Тэрбээр улс төрийн хүрээнд ч, сэтгүүлчдийн дунд ч “тэнгэрийн амьтан” мэт аягладаг. “Би босон суун ярьдаггүй” л гэнэ. Хэдэн үг хэлчихээд “Ам халаад баахан ярьчихлаа” гэхчлэн түүний аль “аальгүйтэх”-ийг хэлж барах вэ. Манайхан ч “С.Баяр ирлээ”, С.Баяр явлаа”, арай л “инээлээ, ханиалаа” гэх нь холгүй бичсээр энгийн түүнийг “эвдээд хаячихсан” хэрэг. Хэдийгээр тэгж аяг­лавч Монгол Улсын иргэн, манай улсын хууль, тогтоомжийн өмнө үүрэг хүлээх үүрэг түүнд бий.

Тийм ч учраас эдүгээ цагдаагийн байгууллагад шалгуулан мэдүүлэг өгч буй аж. Тэрбээр өмнө нь “Долоодугаар сарын 1”-ний хэрэгт мэдүүлэг өгөхөөр прокурорт өөрөө хүсэлт гаргаж байсан.  Үүний дараа буюу 2012 оны гуравдугаар сард тэрбээр уг шүүх хуралд гэрчээр оролцохоор очсон хэдий ч тухайн үед шүүх хурал хойшилсон юм. Энэ үеэр С.Баяр “Намайг шүүх хуралд гэрчээр дуудсан. Би шүүх хуралд оролцох үүрэгтэй” хэмээж байв. Хэдийгээр нөхцөл байдалтай уялдуулан ингэж хэлсэн нь мэдрэгдэж байсан ч тэр үүргээ мэддэг аж.

С.Баяр энэ удаад “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй болон түүнд холбогдох хэрэгт ямар холбоотой болохоо мэдүүлж байцаалт өгч байна. Ш.Батхүү хуу­рамч гарын үсэг, бичиг баримт бүрдүүлэн  “Эрдэнэт” үйлд­вэрт хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байгаа. Харин өнөөд­рийг хүртэл тухайн үеийн “Эр­дэнэт үйлдвэр”-ийн захирал ч, ТӨХ-ны дарга асан ч “Би мэдээгүй” гээд өнгөрч буй бололтой юм. Жирийн иргэн “Эрдэнэт”-ийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол “амжилттай” луйвар хийх боломж хомс. Тэгэхээр С.Баярын оролцоо ямар нэг хэлбэрээр бай­сан болов уу гэх хардлага төрж байна. Тэр үнэхээр л “мужик” мөн бол “Гаалийн” Х.Баатарыг баривчлагдахад “Танихгүй” гэсэн мэдүүлэг өгөөд сууж байсан экс нөхөд шигээ авирлахгүй байлгүй дээ. Тэгээд ч Ш.Батхүү харахад инээж явдаг ч “Экс Ерөнхий сайд, эртний танил юм даа” гээд амархан “улайж” хэрэг үүрэх тэнэг хүн биш.

“Эргүүлж мөлжихөд хүзүү сайхан. Эргэж гөрөхөд Энхбаяр сайхан” гэж улс төрийн хүрээнийхэн жиг жугхийдэг юм билээ. Харин одоо Н.Энхбаяр түр зуур “терминал”-д “амарч” байгаа болохоор С.Баярын ээлж ирсэн бололтой. С.Баярын “фэнүүд” намд нь ч, нам бусчуудын дунд ч олон бий. Тэд “шүтээн”-ийхээ хуулийн өмнө хүлээх хариуцлагыг огоорон хуулийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах, улс­төржүүлэх хандлага ажиглагдаж буйг анхаарууштай. Тэгээд ч С.Баяр өнгөрсөн хавар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Над руу угаадас цацлаа гэхэд тэр нь намайг оноо ч уу, үгүй ч үү. Харин угаадас цацдагт нь угаадасны үнэр нэвт шингээстэй гэж Францын Ерөнхийлөгч Де Голь хэлсэн байдаг” хэмээн эш татсан нь санагдав.

Хэрэв хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэх зарчим хэвээр үйлчилж байгаа бол Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд ч үнэн зөв мэдүүлэг өгөх л болох нь. Харин түүнийг хилээр гаргахыг хориглосон гэх мэдээллийг УЕП-ын газраас няцаажээ. Гэвч усны шувуу шиг ирэн очиж байж, “Hi”, “Bye” гэсээр эрх дураараа өтөлж буй түүний хэрхэн баяжсан түүх, Чилид загасчилж, дэлхийн “топ”-уудтай зугаалсан зардлынхаа эх үүсвэрийг ч тайлбарлах шаардлагатай болж байна. Яг одоо л хууль хэнд үйлчилдэг, хэнийг яаж шалгадгийг харцгаая. Тэр Монголын ард түм­ний өмнө үнэнийг хэлэх, цаг­даагийн байгууллагад мэдүүлэг, тайлбар өгөхдөө “Хэзээд бэлхэн” гэж хэлсэн шүү дээ.

 

У.Оргилмаа