УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН ялалт байгуулчхаад байгаа билээ. Харин АН-ынхан ялагдах тухай бодоо ч үгүй байсан гэдэг. Ямартай ч ард түмэн тэднээс залхсан гэдгийг батлах мэт үнэмлэхүй ялагдав. Тэгэхээр одоо тэд өөр, өөрсдийн алдаандаа дүгнэлт хийх хэрэгтэй байх. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж үг бий. АН-ынхан эв найрамдалгүй байж, байгаад хүчгүй болж, ялагдсан гэж хэлэхэд болохоор байна. Тиймээс тэд нэн түрүүнд дотоод зөрчлөөсөө салах хэрэгтэй. Ард түмний аманд бэлэн мөнгө хийж, эс бөгөөс дуулиан тарьсан ганц нэг хөтөлбөр танилцуулж санал авч болдоггүй гэдгийг иргэд тэдэнд ойлгуулчихлаа.

Гэхдээ ард түмэн АН-ыг бүр мөсөн сонгочихсон хэрэг биш. Тэднийг ирэх дөрвөн жилд юу хийхийг нь харахаар ганц том боломж олгож байгаа л хэрэг. Ард түмэн тэднийг төрөө тогтвортой удирдаж, АН-ын хийж эхлүүлсэн ажлыг дотооддоо зодолдоод байхгүй хийж чадна, өмнөх алдаанаасаа ухаарсан гэж үзсэн учраас л сонгосон гэдгийг мартахгүй хичээж ажиллах ёстой байна.

МАН аль болох АН-ын алдааг давтахгүй, хөнгөн хуймгай зүйлээр Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жилд илүү ихээр зүтгэж, халамжлах бодлогыг биш бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлийг тууштай хийхийг монголын ард түмэн шаардаж байна. Одоогийн байдлаар бол МАН-ын мөрийн хөтөлбөр ихэвчлэн мөнгө амласан, өгөх гэсэн хялбар амьдрал гэмээр хөтөлбөр байна лээ. Хамгийн гол нь манай улсад хариуцлагатай, чанартай бүтээн байгуулалт, ажлын байрны хэрэгцээ шаардлагатай байгаа шүү дээ.

Дөрвөн жилийн мөчлөгтэй сонгуульд иргэдэд бэлэн мөнгө тараах биш нийслэлийг, улсыг нүдэн дээр цэцэглэн хөгжүүлээсэй гэж ард түмэн хүсч байна. Ард түмэн та бүхэнд итгэл хүлээлгэж, зөвхөн боломж олгосон, энэ боломжийг ашиглаад итгэлийг нь олж авах хугацаа дөрөвхөн жил байгаа шүү гэдгийг дахин дахин сануулья. Хэрэв итгэлийг нь алдах аваас дахиж ялалт байгуулах тухай бодоод ч хэрэггүй байх. Хатуухан хэлэхэд ирэх дөрвөн жилд олигтойхон ажиллаж чадахгүй бол улстөрөөс арчигдах магадлалтай шүү.

Г.Наран