Шинэ гишүүдэд сануулах нь
2016/07/04
Шинэ засгийн анхдугаар чуулган хуралдахад ганц хоног үлдлээ. Эхний өдрөөсөө эхлэн ярьсан бүхнээ мартах эрхгүй гэдгээ гишүүд мэдэх биз ээ. Учир нь өмнөх Засаг хоёр ерөнхий сайдын нүүрийг үзсэн ч эдийн засгаа босгож чадаагүй. Ерөнхий сайд нар нь ажлаа авсан эхний өдрөө л "Эдийн засаг"-аа аварна гэж хэдэнтээ хэлсэн ч хоосон үг төдийхөн явсаар унасан. Ард түмэн өдгөө ярьдаг биш хийдэг хүмүүсийг сонгохыг хүссэн. Энэ жилийн сонгуулиа "хүн"-ээ харж өгөөрэй хэмээн иргэд нэг нэгэндээ ихэд хичээнгүйлэн захиж байсан юм. Тэгвэл тэд намын бодлогоо ярьж талцаж суудаг нөхдөөс залхжээ. Үр дүнд нь нэг намыг л сонгож. Цаад утга нь талцаж, муудалцаад ажлаа хийхгүй байгаа хүмүүсийг гаргаснаас намыг нь гаргачихвал нэг шугамаар нэг чигт явах гэж найдсан хэрэг.
Энэ их итгэлийг үнэмлэхүй ялалт байгуулсан МАН харлуулах биз ээ. Нэг нам олонхи болох тоолонд төрийн албан хаагчдыг хоморголон халдаг гашуун явдал бүү давтагд. Дарга цэргийн хэнийг нь халах, солих ажлаа нүдээ олж хийх нь чухал гэдгийг шинэ засгийнхан мэдэж буй биз.
Нэн тэргүүнд эдийн засгаа сэхээх. Мэдээж энэ асуудал цаг хугацаа шаардагдана. Өдгөө төсөв алдагдалтай, ирэх оноос бондын өрөө төлж эхэлнэ гээд амрагүй үед төрийг барьж эхэллээ. Гэсэн ч иргэддээ чиглэсэн амлалтаа мартаж үл болно. Тухайлбал, Эдийн засгийн бодлого гэж мөрийн хөтөлбөртөө эдийн засгаа хямралаас гаргана, хяналттай мөнгөний бодлого, 1072 хувьцааг үнэтэй болгоно, шинэ төсөв зэргийг хийхээр амлажээ.
Мөн "Цалинтай ээж" хөтөлбөр. Гэртээ хүүхдээ асрангаа сар бүр цалин авч болох уу. Хоёр жил биш гурван жил хүүхдээ асарч болох уу. Олон хүүхэдтэй ээжүүдээс төр засагт хандаж хүсдэг олон хүсэлтийн нэг нь энэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Түүнчлэн “Хүүхдэд ээлтэй-сурах орчин” бүрдүүлэх гэж МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол цөмөө болгон сонгуульд оролцсон юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 762 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 628, хувийн өмчийн 134 сургууль байна гэх статистик мэдээлэл бий. Харин анги дүүргэлтийн тухайд ярилтгүй хүнд. Нийслэл хотод нэг анги нь 50-60 хүүхэдтэй хичээллэж буй олон сургууль бий. Харин гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль улсын хэмжээнд 22 байна. Үүнээс 21 сургууль нь нийслэл хотынх. Хүүхдүүд сурч боловсрохдоо илүү цагийг сургуульдаа авч чаддаггүй гэдгийг багш нар болоод сурагчид онцолж буй. Анги танхимын хүрэлцээ муу учраас дараагийн ангийн хичээл эхлэхээс өмнөхөн арайхийж ангиа суллаж өгдөг аж.
Нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал энэ байгаа учир шинэ гишүүддээ нэхэн мөрийн хөтөлбөрийг нь нэхэн сануулж байгаа нь энэ. МАН-ын мөрийн хөтөлбөр тэд л хийнэ биз хэмээн нэг бие даагч, АН-ын цөөн гишүүд, МАХН-ын нэг гэдрэгээ хараад суух нь зохисгүй. Дараагийн сонгууль гэж бий шүү.
Бичээч · 2016/07/04
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун ч гэсэн энэ үгийг санаарай. Хэн ч дарга болсон өглөө болгон санаж ажиллавал алзахгүй гэж Ленин багш хэлсэн шүү.