Улс орны нөхцөл байдал хүндхэн, иргэдийн дийлэнх олонхын амьдрал сайнгүй байгаа нь тодорхой үнэн. Нэг ёсондоо ард түмний сонголтоор засаг барих эрх мэдлийг хуулийн хүрээнд хүлээж авсан МАН-ынхны өмнө хийх ажил арвин бий.

Тиймээс ч тэд сонгуульд ялалт байгуулсан гэдэг нь тодорхой болсон цаг мөчөөсөө эхлээд ажлаа хийе, улстөржихгүй байя гэдэг зарчим барьж байгаа нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлуудаар батлагдаж байгаа гэхэд болно. Хэдийгээр АН-ынхан шинэ засаг төрийг эмхлэх үйл явцыг цаг хугацааны хувьд хойш нь чулуудах гэж хэлж ярьж үзсэн ч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд аль нэг нам хүчний эрх ашиг бус улс орны эрх ашиг эхэнд эрэмбэлэгдэх ёстой учраас МАН-ынхнаар ажлыг нь хийлгэе гэсэн байр суурьтайгаар асуудалд хандаж, өчигдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж, ярилцсан билээ.

Тэрчлэн МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллах гэж байгаа нь ард түмнээс ихээхэн дэмжлэг авсан гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэлж байсан. Харин Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартаа дадлага туршлагатай, тэндээ ажиллаж туршлага хуримтлуулсан, салбараа мэддэг хүнийг ажиллуулахыг хэлнэ. Тухайн салбарт ажиллаж байгаагүй буюу өөр мэргэжлийн хүн бол мэргэжлийн бус гэж үзэж байгаа. Засгийн газрынхаа бүтцийг хийхдээ аль болох цомхон, цөөхөн, чадварлаг бүтцээр ажиллая. Давхар дээлийн зарчмыг та ч гэсэн шүүмжилж байсан. Бид ч шүүмжилж байсан. Тийм учраас үүнийг өнөөгийн байгаа түвшингээс харьцангуй бууруулна. Үндсэн чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэж үзсэн… Үндсэн чиг үүргийн 4 яам байгаа. Байгаль орчин, Хууль зүй, Гадаад харилцаа, Сангийн яам байна.” хэмээн хэлж байсан юм. За харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “ Үндсэн чиглэлийн яамд, дээр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг оруулж байгаа. Бусад нь УИХ-ын гишүүнтэй давхардахгүй гэж ойлгож байгаа гэж байсан юм. Ер нь бол МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ж.Эрдэнэбатыг хариуцлагатай ажиллана гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч хэлж байсан.

Нэгэнтээ Ерөнхийлөгчтэй ойлголцож, гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах зам нь шулуудаад байгаа Ж.Эрдэнэбатын тухайд мэргэжлийн Засгийн газрыг удирдаж, кабинетаараа хамтдаа зүтгэж, улс орноо хүндрэлээс гаргах үүрэг хүлээгээд байна. Тэгвэл түүнтэй хамтдаа гар нийлэн зүтгэх хүмүүсийн нэрс ерөнхийдөө тодорхой болоод байгаа мэдээлэл байна. Тиймээс эхлээд Үндсэн чиг үүргийн 4 яамны сайдад яригдаж байгаа хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.

Хууль зүйн сайдад Ц.Мөнх-Оргил яригдаж байна

Хууль зүйн салбарыг удирдаж байсан туршлагатай, хуульчийн хувьд Монголд толгой цохих хэмжээнд мэргэшсэн гэгддэг хүн бол Ц.Мөнх-Оргил юм. Өнгөрсөн дөрвөн жилд улстөрөөс жаахан хөндий байсан түүний мэдлэг чадварыг Монголын төр ашиглах хэрэгтэй гэдэг дээр санал нийлэх эрхмүүд олон байна.

 

Гадаад харилцааг Н.Энхболдод найдаж болно

Гадаад харилцааны сайдад Н.Энхболдын нэр дуулдаж байна. Улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр УИХ-ын дэд дарга, Засгийн Газрын гишүүн, Гадаад Хэргийн Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд хариуцлагатай албыг чадварлагаар хашиж байсан төрийн ажлын туршлага өндөртэй. Тэрчлэн Н.Энхболд эрхмийг өөрийн байр сууриндаа бат зогсдог, эргэж холбироод байдаггүй, зарчимч хүн гэх үнэлгээ дагадаг юм билээ.

Сангийн яамыг Ц.Даваасүрэн удирдах уу?

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, гадаад өрийн хэмжээ талийсан, иргэдийн бодит орлого буурсан ийм хүнд үед Сангийн яамыг Ц.Даваасүрэн эрхэм удирдана гэх мэдээлэл байна. Түрүүн өгүүлсэнчлэн, Сангийн яам бол Үндсэн чиг үүргийн яам. Тэгэхээр УИХ-ын гишүүн хийгээд мэргэжлийн эдийн засагч хүнийхээ хувьд Ц.Даваасүрэн эрхмийг тус яаманд тохирох хүн гэдэгтэй маргах нэгэн байхгүй болов уу. УИХ-ын сонгуулиар Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг авсан тэрбээр УИХ-д гурвантаа сонгогдон ажиллаж байгаа, Төсвийн байнгын хороог удирдаж байсан, Сангийн яаманд олон жил ажилласан, бодлого боловсруулах туршлага арвинтай, хүнийхээ хувьд ч ноён нуруутай, зөв хүн гэдгийг нь мэдэх хүмүүс нь бүгд хэлдэг юм билээ.

Байгаль орчны сайдад Ц.Цогзолмааг нэр дэвшүүлнэ

Байгаль орчны яам бол хариуцлагатай, үндсэн чиг үүргийн яам. Тэгвэл тус яамны сайдад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нэрийг дэвшүүлнэ гэх мэдээлэл байна. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар нийгэм рүү чиглэсэн олон асуудлуудаар байр сууриа илэрхийлж ирсэн түүнд төрийн ажлын туршлага бий.

За харин одоо бусад яамдын сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрсийг хүргэе.

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга: Ж. Мөнхбат

Аж үйлдвэрийн сайд: С.Бямбацогт

Боловсролын сайд: Ё.Отгонбаяр

Эрүүл мэндийн сайд: Очирбат

Барилга, хот байгуулалтын сайд: Ц.Дашдорж

Зам тээврийн сайд: Р.Буд

Эрчим хүчний сайд: А.Телейхан

Нийгэм хамгааллын сайд: С.Чинзориг

Хөдөө аж ахуйн сайд: Т.Гантулга

Уул уурхайн сайд Х.Бадамсүрэн

Батлан хамгаалахын сайд: Ц.Батбаяр нарын нэрс яригдаж байна.

За бусад анхаарал татсан албан тушаалуудад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн нэрсийг хүргэж байна.

АТГ-ын даргад Б.Цогтгэрэлийн нэрийг дэвшүүлнэ гэх мэдээлэл явж байсан ч Х.Энхжаргалыг томилсон.

Иргэн хүн хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, хяналтаа тогтоож болдог, эрх баригчдаас хариуцлага нэхэж болдог гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан тэрбээр олон нийтийн дунд Шилэн Цогоо хэмээн танигдсан билээ. Ер нь түүнд түмний төлөө зүтгэх, эрүүл нийгмийн төлөө хөдөлмөрлөх зүтгэл бий гэдэгт эргэлзэх хэрэггүй болов уу. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “-Бид нар одоо 30 эргэм насны залуучууд, 40 эргэм насан дээрээ очно. 50 эргэм насан дээрээ очно. 20 жилийн дараа нөгөө л 35 насаа яриад л хэмлэлдээд байх уу. Хаашаа ч харсан өнөөдрийн аль нэгэн дарга байхгүй тийм үед бид нар очъё гэж бодъё л доо. Хаашаа ч харсан хэн ч байхгүй 50 насан дээрээ бид нар очъё л доо. Яг энэ багаараа очъё. Энэ 100 залуу, 200 залуу, 60 мянган залуу очъё. За, бид нар улс эх орноо үүрч явах өдөр ирлээ. Одоо ингээд 50-тай 60 хүртлээ энэ эх орныг үүрээд яв гэдэг үе ирнэ шүү дээ, бид нарт. 20 жилийн дараа ирнэ. Магадгүй 40 настай 10 жилийн дараа ирнэ. Ингэхэд бид нар 35 насаа яриад суугаад байх уу. Ингэж хэзээ ч ярихгүй. Тухайн үеийн үзэл бодлын зөрчилдөөн, тухайн үеийн үл ойлголцол тэндээ л үлдэнэ. Тэр цаг хугацаандаа л үлдэнэ. Түүх болоод үлдэнэ. Бид нар дараагийнхаа үе дээр, дараагийнхаа тэмүүлэл, өөр эрх ашгийн төлөө явна. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө ярс хийтэл босоод нэгэн зэрэг, нэгэн зүгт хараад, эх орныхоо сайн сайхны төлөө л явна шүү дээ. Би үүнээс илүү хариулт өгч чадахгүй. Хаашаа ч харсан бид нарт хэн ч авралын гараа сунгахгүй, тэр үед бид нар хоорондоо тохиролцож, бие биенээ дэмжиж, ойлголцож сурсан, нэг нэгнээ таньсан очно гэж бодож байна.” хэмээн ярьсан байдаг. Тэр бол шулуухан хэлдэг, хэлснээ хийдэг, хэлсэндээ хүрэх эрч хүчтэй залуу хүн юм.

За харин ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад Б.Энхбаярын нэр яригдаж байна. Өнгөрсөн жилүүдэд чадварлаг хуульчийн хувиар төрийн албатай холбоотой асуудлуудыг байнга хөндөж гаргаж тавьж байсан гэдгээр нь уншигчид таньж байгаа болов уу.

Тэгвэл НХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаярыг томилно гэх мэдээлэл байна. МАН-ын чадварлаг боловсон хүчний нэг түүнд намынхан нь их итгэл хүлээлгэдэг юм билээ.

Харин ШӨХТГ-ын даргад Т.Сайнжаргалын нэр яригдаж байгаа бол Хөгжлийн Банкны захирлаар Ч.Хашчулуун, Монгол Банкны захирлаар Б.Лхагважав, МХЕГ-ын даргад Б.Бат-Эрдэнэ нарыг тус тус томилно гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: Б.Тамир

Шуурхай.мн