Ардчилсан намд жигүүр байгуулагдсан талаарх мэдээлэл цацагдаж байсан ч нэг хэсэг чимээгүй болсон. Тэгвэл АН-ын жигүүрийнхэн зохион байгуулалтын ажилдаа орж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлжээ.

Жигүүр байгуулагдсан шалтгаан нь АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газарт бодлогын алдаа гарч, олон нийтийн дунд АН-ын нэр хүнд унаж байгаагаас үүдэлтэй гэнэ. УИХ-ын гишүүн асан А.Мурат тэргүүтэй АН-ын гишүүд жигүүр байгуулсан гэх боловч уг жигүүрт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Д.Ганбат, М.Батчимэг нар нэгджээ. Тэд жигүүрийн Удирдах зөвлөлийнхөнтэй уулзаж хариуцлага алдсан сайд нарт огцрох шаардлага тавин Ардчилсан намын нэр хүндийг өргөх тал дээр санаачлагатай ажиллахаар болсон гэнэ.

Тэгэхээр Н.Алтанхуягийн эсрэг ямар хүмүүс нэгдсэн бэ гэдэг нь анхаарал татаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд АН дахь МҮДН фракцийн гишүүн бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа ялалтын бялуунаас хүртэж чадаагүй нэгэн. Тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсаны дараа нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар бүрдэж байх үед 15 асуулт тавьж байв. Түүгээр ч үл барам Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаа, бодлого ерөөсөө болохгүй байгааг үргэлж шахам сануулдаг. Хамгийн сүүлд л гэхэд хэд хоногийн өмнө телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ Засгийн газар өнөө маргаашаа аргалсан, шоу тавих маягтай, тууз хайчлах л ажил хийж байна. Угтаа ирээдүйгээ харж ажиллах ёстой” хэмээн ярьж байсан.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд мөн л Н.Алтанхуягийн Засгийн газарт анхнаасаа хяналт тавьж ажилласан нэгэн. Тэдний болохгүй бүтэхгүй байгааг шууд л хэлчихдэг. Тэр бүү хэл “Шинэчлэлийн Засгийн газар дүлгэнэсэн байдалтай ажиллаж байна” хэмээн шүүмжилж байсан. Засгийн газрыг ажлаа сайн хийхийг үргэлж шахам хэлдэг байсан тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Хаврын чуулган, намын бүлэг, байнгын хорооны хурлууд дээр ирж буй хямрал, таны явуулж буй эдийн засгийн алдаатай бодлогуудын талаар бид багагүй ярьж, cануулж байлаа. Харамсалтай нь биеэ тооcoн, нүд нь сохорсон, эрх мэдэлдээ эрдсэн танай ЗГ одоо ч бодит үнэнийг ойлгохгvй байна. 

Хямрал гуай ирдгээрээ ирлээ. Хэнээс ч асуухгүйгээр бидний хаалгыг тогшлоо. Хямрал нь эрх баригчдыг бус олон мянган эгэл хүмүүсийг ажилгvй болгож, олон бизнесийг дампууруулж, олон зуун хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөн гаргаж байна” гэх зэрэг хатуухан үгтэй захидал бичиж байв. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт ч мөн хэвлэлийн хурал хийж, АН-ын гишүүний хувьд намын даргадаа үг хэлэх эрхтэй хэмээсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Батчимэг ч мөн намын даргадаа хатуурхаж чаддаг нэгэн. Түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэдгийг бүгд мэднэ. Харин тэрбээр өнгөрсөн хавар хэвлэлд "АН-д хуучин МАХН-ын Улс төрийн товчоо бий болсон байна" гэсэн ярилцлага өгч багагүй шуугиан тариад амжсан. Түүнийг ийм үг хэлснийх нь төлөө УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай ч яригдаж байв.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд МоАХ-ын тэргүүн “Женко” Х.Баттулгын хүн гэх бөгөөд Баянхонгороос “Женко”-той цуг УИХ-д сонгогдсон. Тэрбээр Ерөнхий сайдыг унагах ажилд эрхтнээс гар бие оролцохоор шийдсэн байсан бололтой. Тиймдээ ч өнгөрсөн мягмар гарагт Ерөнхий сайдад асуулга тавьсан биз.

АН-ын жигүүрт нам доторхи бүх фракциудын төлөөлөл орсон хэмээж байгаа нь энэ намд Н.Алтанхуягийг унагах бүлэглэл бий болж байгааг харуулж байгаа юм. Үнэндээ А.Мурат гэдэг хүн ганцаараа жигүүр байгуулчихдаг юм биш. Тэгэхээр А.Муратын цаана хэн байна вэ. А.Мурат бол МоАХ-ны төлөөлөл. МоАХ-г хэн удирддаг билээ. “Женко” Х.Баттулга. Тэр хүнд Н.Алтанхуягийг унагах сонирхол бий юу гэвэл бий. Мань хүн өмнө нь З.Энхболдтой хүч хавсарч Ардчилсан хүчний холбоог байгуулж, “Алтангадас”-аас бусад бүх фракциудыг нэгтгэж байсан. Гэсэн ч тэр үед Н.Алтанхуягийг унагаагүй. Үүний шалтгаан нь намын эрх ашгаа урдаа тавьсан хэрэг. Ц.Элбэгдорж ч гэсэн Н.Алтанхуягийг унагах опирациа зогсоо гэх даалгаварыг З.Энхболд, “Женко” Х.Баттулга хоёрт өгсөн нь ойлгомжтой. Харин Н.Алтанхуяг фракцийн сайн толгойлогч хэдий ч хувь хүнийхээ хувьд их зальжин удирдагч гэгддэг учраас З.Энхболдод УИХ-ын дарга, “Женко” Х.Баттулгад үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудлыг өгч тэдний амыг нэг хэсэгтээ үдсэн. Гэхдээ энэ гинж удахгүй тасарч мэдэхээр байна. Н.Алтанхуягийн зүгээс АХХ-ныхны амыг барьсан энэ гинжийг МоАХ-ныхон таслах ажиллагаагаа УИХ дахь Н.Алтанхуягийн эсрэг фракцийнхантай хамтарч хийх гэж байна. Дээр дурьдагдсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн Ерөнхий сайд руу чиглүүлсэн үг хэл, үйлдлээс харахад тэд дайралтаа аль хэдийн хийгээд эхэлчихсэн гэж хэлж болохоор байна.

Түүнчлэн АН-ын жирийн гишүүдийн дунд “2016 оны сонгуульд Н.Алтанхуягтай оролцохгүй юм шүү” гэдэг яриа бараг уриа лоозон шиг болтлоо хүчтэй тархаад байна. Учир нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албыг дүүргийн Засаг даргын хэмжээнд л авч явж байна гэсэн шүүмжлэл байгаа юм. Тэгэхээр “Женко” Х.Баттулга Н.Алтанхуяг руу онилсон сумаа хэзээ тавих вэ. Энэ нь олны сонирхлыг татаж байна. Энэ намар уу, эсвэл өвөл үү гэдэг цаг хугацааны л асуудал.


Н.БУДСҮРЭН