--Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлан хориглосон хууль маань “мэргэжлийн” гэдэг тодорхойлолттой аливаа томилгоог хазаарлах гол шалтгаан нь болоод байгаа юм биш үү?!



Сайдын суудлыг “улс төрийн албан тушаал” гэдгийг нь мэдсээр байж “мэргэжлийн” гэдэг шалгуур тавих гэж мэрийж байгаа МАН-ын Засгийн газар тун хүндхэн нөхцөлд танхимаа бүрдүүлж байна. Одоогоор танхимын 16 сайдаас 11 нь томилогдоод байгаа бол дөрвөн нэр дэвшигчийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй хэмээн хаалт тавиад буй. Нарийн анзаарвал томилогдоод байгаа сайдууд нь тухайн салбартаа “мэргэжлийн бус” гэж хэлж болохоор буюу цэвэр улс төрийн шийдвэрээр сонгогдсон хүмүүс бол сонирхлын зөрчилтэй гэгдсэн нэр дэвшигчдийн зарим нь харин ч “мэргэжлийн” гэх тодорхойлолтод нэлээд дөхөж очихоор хүмүүс байгаа юм. Эндээс дүгнэхэд албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлан хориглосон хууль маань “мэргэжлийн” гэдэг тодорхойлолттой аливаа томилгоог хазаарлах гол шалтгаан нь болоод байгаа юм биш үү?!
Зөвхөн энэ Засгийн газрын томилгоо ч биш сүүлийн жилүүдэд дээд, дунд шатны олон томилгоон дээр тухайн салбараа сайн мэддэг мэргэжлийн хэн боловч “ашиг сонирхлын зөрчил” гэдэг агуулга дээр бүдэрч, тэр тоолонд түүнээс илүүгүй этгээд тухайн албанд томилогдож байгаа жишээг бид бишгүй харлаа.
Салбараа мэдэхгүй хүн сайд, даргаар томилогдож ирээд “самраад хаялаа” гэдэг гомдол хаана ч очсон ховын үгстэй хамт сонсогддог нь нууц биш. Ямарваа салбарыг сайн мэдэж, мэргэшихийн тулд тухайн хүн тэр орчинд олон жил ажиллаж, зориулагдаж байж тэрхүү тодорхойлолтод нийцэхүйц болдог нь ч бас үнэн. Тэгж баймааж тэрхүү салбарынхаа асуудал, эрх ашгийг илүүтэй ойлгож, мэддэг. Харин ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар бол яг тэр давуу тал нь сул тал болон хувирч, удирдах, шийдвэр гаргах албан тушаалын томилгооноос хойш татах үзүүлэлт болж байгаа нь олон тохиолдлоор ажиглагдаж эхэллээ. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хуулиар зааглах, өндөр албан тушаалтан болоод түүний гаргаж буй шийдвэр дээр тийм шалгуур шүүлтүүр тавих нь уг зөв зарчим. Гэхдээ энэ нь зарим талаар “мэргэжлийн” гэх давуу байдлыг дарж хаах шалтгаан болоод байгааг ч анзаарах ёстой болов уу.
Ж.Эрдэнэбатын танхимд нэр дэвшсэн ч АТГ-ын дүгнэлтээр ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэж буй горилогчдоос л гэхэд Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон нар яах аргагүй “мэргэжлийн” гэх тодорхойлолтод багтах мэргэжилтнүүд. Мэргэжлийн сургуулийн дипломтой төдийгүй тухайн салбартаа төрийн өмчит үйлдвэрийн газрын слесарь, сувилагчаас нь эхлээд ажиллаж, ахиж дэвшсэн хүмүүс. Нэг “но” байгаа нь тухайн салбартаа хувийн өмчийн хөрөнгө оруулалттай, бизнестэй. Энэ нь нэг талаар мэргэжлийн туршлага мөн боловч нөгөө талаар яах аргагүй ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдал мөн байх. Хэрэв яг ийм хэмжүүрээр томилгоог шийднэ гэвэл манайд “мэргэжлийн “ Засгийн газар байтугай зүйл бүтэшгүй мөрөөдөл болох биз ээ.



Төрийн эрх мэдлийг авсан тухайн намын шийдвэрийг хүчингүй, цаашлаад Төрийн албаны зөвлөлийг ажилгүй болгох асар том бололцоо өнөөдөр АТГ-т төвлөрч байна. Тус газарт олгогдсон тэрхүү “зэвсэг” нь тухайн албан тушаалд нэр дэвшигч ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянах эрх мэдэл юм. Холбогдох хууль нь хүчин төгөлдөр байгаа цагт тус байгууллагыг буруутгах бололцоо хэнд ч байхгүй.
Харин цаашид тухайн албан тушаалтан хэзээ, яаж, ямар тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй вэ гэдгийг процессын хувьд тодорхой зааглан тогтоож өгөхгүй бол төрийн эрх авсан улс төрийн нам ч томилгоогоо хийж чадахгүйд хүрэх бололтой. Хамгийн гол нь “мэргэжлийн” гэх тодорхойлолттой аливаа томилгоо бүрийг үгүйсгэх нөхцөл рүү хууль эрхзүйн орчин нь түлхээд байх юм бол сүүлдээ мэргэжлийн Засгийн газар байтугай, мэргэшсэн төрийн аппарат ч үгүйболох вий.