УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байгаа. Төсвийн тодотголын талаарх таны бодол?

- УИХ-ын ээлжит бус чуулган зарлан Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголын материалуудыг сонирхож үзлээ. Төсвийн тодотголыг дагаад хэд хэдэн хуулийн төсөл орж ирж байгаа. Эндээс харахад их сонирхолтой дүр төрх харагдаад байна.

Нэгд, Засаг барьж байгаа болон УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа нам ямар онолын үзэл баримтлалтай нам бэ гэдгийг бид ойлгох ёстой. Өөрсдийнх нь зарласнаар МАН бол социнтерний гишүүн гэж үзэж байгаа бол зүүний чиглэлийн нам. Зүүний чиглэлийн намын дэвшүүлдэг мөрийн хөтөлбөрийг сонгуулийн үеэр боловсруулж ард олонд дэвшүүлсэн гэж би хардаг. Харин оруулж ирж байгаа төсвийн тодотголоос харахад зүүний чиглэлийн нам биш, барууны чиглэлийн тэр дундаа хатуу, нэлээн хатуу бодлого барих консерватив чиглэлийн үзэл санааг агуулсан байна. Үүнээс үзэхэд МАН эх толгойгоо олохоо больсон байна. Улс орныг удирдах нь битгий хэл өөрсдийнхөө үзэл бодлыг ялгахаа больсон нь тод харагдаж байна.

Хоёрт, Эдийн засгийн нөхцөлийг сайжруулах зорилгоор төсвийн тодотголыг оруулж ирсэн гэж тайлбарлаж байгаа. Тайлбар нь өөрөө их авцалдаагүй зүйлс яригдаж байгаа. Бид өмнө нь мэдээлэл тоо баримт муу байсан, бидэнд энэ тоо баримт олддоггүй байсан гэж олон гишүүний амнаас гарч байгаа. Үүнийг хараад би гайхаж байгаа. Шинэ гишүүд бол ойлгомжтой, юугаа ч мэдэхгүй улсууд явж байна. Туршлагатай гишүүд, тухайлбал өөрийгөө 3-4 жил Монголын парламентад суусан архаг гишүүдийн нэг гэж өөрийгөө үеийн үед зарлаж явдаг Ж.Энхбаяр гишүүний ярилцлагыг би үзсэн л дээ. Инээд хүрмээр зүйл ярьж байна. Шалтгааныг тайлбарлая. Өнгөрсөн дөрвөн жилд АН УИХ-д олон х болж, Засгийн газрыг толгойлж ажиллаж байх үед хэн хэн Сангийн сайд байж, хэн хэн Төсвийн байнгын хорооны дарга байсныг би сануулъя. 2013 оноос эхлээд одоогийн МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон Ч.Улаан бол хоёр жил Сангийн сайд байлаа. Ч.Улааны дараагаар одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэг жил Сангийн сайдаар ажиллаа. Дараа нь Б.Болор Сангийн сайдаар ажилласан. Төсвийн байнгын хорооны даргаар одоогийн УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Даваасүрэн хоёр жил ажилласан. Дараа нь би андуураагүй бол Ч.Хүрэлбаатар нэг жил ажилласан. Сүүлд нь Ч.Улаан ажилласан. Ингээд харах юм бол АН дөрвөн жил засаг барьсан ч эдийн засаг, санхүүжилтийг Сангийн яам хариуцаж байсан. Сангийн яамны бүх удирдлагыг МАН-ынхан удирдаж байсан нь харагдаж байна. Тэгэхээр тийм хүмүүс өөрийнхөө намын гишүүдэд, намын бүлэгт мэдээлэл өгдөггүй байсан гэвэл ямар ч амьдралгүй, үнэмшилгүй харагдаж байна. Тэгэхээр мэдээллийг авахын дээдээр авч байсан нь нотлогдож байна.

Сангийн яам бол мэргэшсэн аппарат ажилладагыг бүгд мэдэх байх. Ямар ч нам Засгийн эрхийг аваад олонх болсон бай хамаагүй, 1-2 хүн л өөрчлөгддөг болохоос Сангийн яамны аппарат яг л тэрүүгээрээ байдаг. Энэ аппарат нэг ч мэдээллийг МАН-ынхан өгөхгүй байна гэвэл хэзээ ч үнэн байж чадахгүй. Яагаад үнэн байж чадахгүй гэж байна вэ гэвэл Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан бүгд Сангийн яамны боловсон хүчин. Энэ улс тэр улсуудтай холбогдож мэдээлэл авахгүй байна гэж байхгүй. Тэгэхээр мэдээлэл авахын дээдээр авч байсан. Тэр мэдээлэл дээрээ тулгуурлаж АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх, АН-ыг муухай харагдуулах тоглоомыг тэд хийж байсан. Одоо эргүүлээд өөр зүйл ярьж байгаа нь соёлгүй зан.

- Нотлогдож байгааг нь Өрийн удирдлагын тухай хуулинд орж байгаа өөрчлөлтөөс харж болохоор байна...

- Монгол улс Өрийн удирдлагын тухай хуулийг 213 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс өмнө хууль байгаагүй. Энэ хуулийг гаргахын тулд Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын маш их дарамт шахалт байсан. Шаардсаны дагуу бид

2012 онд баталж, 2013 оноос хэрэгжсэн. Тухайн үед АН УИХ-д олон болж, Засгийн эрхийг авахдаа Өрийн удирдлагын тухай хуулийн тодорхой зүйл заалтууд дээр өөрчлөлт хийе гэхэд цөөнх байсан МАН-ынхан хүчтэй эсэргүүцэж байсан. Эсэргүүцэх нь битгий хэл одоо энэ хуулийг дагаж мөрдөх ёстой гэж тулгаж байсан. Н.Алтанхуягийн засгийн газар хүссэн, хүсээгүй тэр тулгалтад орж бид тэр хуулийг хэрэгжүүлж явсан. Сүүлд хамтарсан замгийн газар байгуулахад одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа өрийн таазыг 58.3 болгох асуудлыг оруулж ирсэн. МАН үүн дээр маш их эсэргүүцэл үзүүлж, одоогийн Ерөнхий сайд руу “Яагаад чи ингэх гээд байгаа юм гэсэн асуултыг тавьж дайрч байсан. Тухайн үеийн Сангийн сайд Ж.Эрдэнэбат учир байдлыг бодитоор харж “Ийм байна” гэдгийг тайлбарлаж байж бид өрийн таазыг 58.3 хувьд оруулж ирсэн.

Гэтэл энэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад төсвийн тодотголыг оруулж ирэхдээ энэ хуулийг бүрэн өөрчлөх гэж оруулж ирж байгаа. Үүгээр өрийн таазыг 58.3 битгий хэл энэ тоог 2-3 нугалж нэмэхээр бэлдэж оруулж ирсэн байна. Үүнийг УИХ-ын гишүүд анхаарч байгаа байх гэж бодож байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр АН-ыг ажил хийлгэхгүй байх бүх нөхцөлийг өөрсдөө бий болгохын тулд өнгөрсөн дөрвөн жилд ажиллаж, одоо бид хийхдээ яаж л яаж өөрийнхөө дураар хийнэ гэдгийг нотолж байна гэсэн үг.

Энэ бол аман дээрээ ард түмнийг боддог, улс орныг эдийн засгийг боддог гэдэг боловч ачир дээрээ дандаа өөрсдийнхөө болон намынхаа эрх ашгийн төлөө явдаг юм байна гэдгийг нотолж байгаа хэлбэр юм.

- Төсвийн тодотголыг бүхэлд нь харахад?

-Одооны оруулж ирсэн төвсийн тодотголыг ерөнхийд нь харахад өнгөрсөн дөрвөн жилд АН-ын хийх гэж зүтгэж, өөрчилөх гэж хичээж байсан бүх ажлыг гацааж байсан улсууд яг эргүүлээд тэрийг оруулж ирж байна.

Бас нэг юмыг нэмж хэлэхэд бид өнгөрсөн дөрвөн жилд нам харгалзахгүйгээр ажиллаж байж Монгол улс анх удаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсон. Энэ хууль гарсны дараа урт хугацааны бодлогын баримт бичгийг 2030 он хүртэл дөрвөн жил ноцолдож байж гаргасан. Тэгэхээр өнөөдөр МАН-ын урд 2030 он хүртэл эдийн засаг ямар хэмжээнд хэрхэн өсөх, хэрхэн өсгөх, нэг хүнд оногдох орлогын хэмжээ яаж өсөх, энэ нь хэрхэн үргэлжлэх гэх зэргээр маш тодорхой заагаад өгсөн бодлогын баримт бичиг бүх юм нь зүйл заалттайгаа байгаа. Өнөөдөр энэ зүйл заалтуудыг огт ярихгүй байгаа. Одоо оруулж ирж байгаа төсвийн тодотголоор эдийн засгийг маш хүнд гэж ярьж байгаа. Гэтэл МАН-ын ууган гишүүд хүртэл “Төсвийн тогтвортой байдлын хуулийн заалтууд дээр анхаар. Үндсэн хуулинд өөрчлөлт хийж байж энэ дэвшлийг хийж, эдийн засгийг сайжруулах юм байна, урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг харж, үйлдвэржилтийг хөгжүүл” зөвлөмж өгч, анхааралдаа аваарай гэж эрдэмтэд, ахмадууд нь зөвлөсөн. Гэтэл энэ зөвлөмжийг огт анхаарахгүй байж төвсийн тодотголыг оруулж ирээд хүч түрж байна. Энэ нь бол хүмүүст ямар сэтгэгдэл төрж байгаа хэлж мэдэхгүй. Миний харж байгаагаар МАН өөрийнхөө үзэл бодол, үнэмшил, намын үндсэн зорилго байхгүй байна гэж харж байна. Үүнийг АН-ын гишүүд, АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон улс үеийн үед МАН-аас шаардах ёстой. Яагаад гэвэл нам өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл бодолтой, түүндээ хүрэх зорилго тавьсан мөрийн хөтөлбөртэй байх ёстой. МАН-ын мөрийн хөтөлбөр байхгүй болж байна гэдэг нь энэ нас улс орныг удирдах нь битгий хэл өөрсдийнхөө дотор, намынхаа үзэл санаанаас ухралт хийж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр АН-ынхан дөрвөн жил үүнийг нэхэх ёстой.

Ялгаа байгаа бидэнд, маш олон ялгаа байгаа. Ялгаагүйгээр намууд сонгуульд өрсөлддөг. Намууд сонгуульд орохдоо улс орныг удирдахын тулд өөрсдийн гэсэн үзэл бодол, түүндээ хүрэх арга замуудаа боловсруулж, мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулж ард олондоо хүргэдэг. МАН ард түмнээс авсан итгэл, саналыг ингэж хөсөрдүүлж болохгүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Ингэх юм бол өргөн барьсан төсвийн тодотгол өөр болох ёстой. Тэгэхээр МАН өөрсдийнхөө дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрийг хаяад, АН-ын хэрэгжүүлэх гэж байсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд явж байгаа нь АН өөрийн гэсэн үзэл бодолтой, үнэт зүйлтэй, хатуу чиг шугамтай, барууны хэлбэрийн нам гэдгийг нотолж байна. Тэгэхээр МАН ямар ч үнэт зүйлгүй, мөрийн хөтөлбөргүй, өөрийн гэсэн үзэл, оно бодол байхгүй, 100 хувь АН-ын үзэл бодол руу дагаар орж байна.

Одоогийн төсвийн тодотгол тэр чигээрээ АН-ын мөрийн хөтөлбөр, зорьж байсан ажлууд. Үүнийг л МАН одоо хийх гээд байгаа нь үзэл бодолгүй нам гэдгийг харуулж байна.

- Stand by хөтөлбөрт орно, орохгүй гэсэн яриа байгаа. Энэ талаар?

- Stand by хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэж ярьж байгаа. Үнэн чанартаа далд санаа байна гэж харж байгаа. Оруулж ирсэн төсвийн тодотгол бол барууны намын мөрийн хөтөлбөрийн төсвийн тодотгол. Үүнийг нь шүүмжлээд эхлэхээр бид тэгвэл үүнийг авъя гээд Stand by хөтөлбөрийг оруулж ирэх гээд байгаа зүгээр нэг тоглоомын маневер. Тэрнээс үүнийг үнэхээр хэрэгжүүлэх гээд байгаа зүйл МАН-д байхгүй.

-Төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдвал МАН-ын мөрийн хөтөлбөр 180градус өөрчлөгдөх нь...

- МАН-ын мөрийн хөтөлбөрт нэг ч татвар нэмэхгүй гэсэн ч төсвийн тодотголоор нэмэхээр болчихлоо. Тэр битгий хэл олон хүүхэдтэй эхчүүдийг орон байраар хангана гэсэн. Үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Ард түмэндээ амлаж саналыг нь авсан бол түүнийгээ л хийх хэрэгтэй. Одоо хүнд байгаа болохоор хэрэгжүүлж чадахаа болилоо гэж байгаа нь инээдтэй. Дээрээс нь 12-18 сарын хугацаанд ийм ажил хийгээд, гарсан үр дүнгээс нь хамаарч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ сонин юм ярьж байна. Энэ бол байж болохгүй асуудал. Яагаад гэхээр 18 сар барууны чиг хандлагатай, хатуу бодлого хэрэгжүүлэх юм байна. Сайжрах нь ойлгомжтой ш дээ. Тэгээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэхээр бий болгосноо буцаагаад байхгүй болгочих гээд байна. Хүмүүсийг ойлгохгүй юм шиг ийм сонин тайлбар хэлээд байгаа нь утгагүй асуудал.

-Төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдах юм бол олон сөрөг тал гарч болзошгүй байна. Ялангуяа залууст их хүнд тусахаар байна...

- Яг энэ бодлогыг хэрэгжүүлэх юм бол ажлын байр хоргодно. Ажлын байр баталгаатай биш болно. Олон бүтээн байгуулалтын ажил зогсоно. Худалдаа наймаа явах гэж байхад том сүлжээ орж ирж байгаа нь хэдхэн хүний гарт орно. ТЗ-8 шатлал бол яамны ахлах мэргэжилтний цалин хасагдах нь байна. Орон сууцны м2-аар нь тооцож татвар авна гэхээр маш хүнд байдалд орохын зэрэгцээ тав тухтай амьдрах боломжгүй болж, жижиг орон сууцанд ор гэж тулгаж байгаагаас ялгаа алга. Орлогоос хамаарч янз бүрийн татвар авч байгаа нь ямар ч бодлогогүй намын хар ухаанаар хийж байгаа ажил. Яагаад гэвэл Засгийн газрын гишүүдийг дандаа хар ухаандах хүмүүсээр томилж байгаа ш дээ. Мэргэжлийн Засгийн газар гэж байгаа боловч мэргэжлийн улс мөн үү гэвэл үгүй. Хар ухаантнуудын хийж байгаа ажил.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

А.Баярмаа