Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаар байна
2016/08/30
Нөгөөдрөөс Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулийн шинэчилсэн хэлбэрийг мөрдөж эхлэх байв. Харин энэ хугацааг хойшлуулах саналыг нэр бүхий гишүүд санаачилсан нь байнгын хороогоор дэмжигдээд байна. Ингэснээр шинэчлэгдсэн Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм.
Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.Шинээр баталсан Эрүүгийн хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд уг хууль гэмт хэргийг зөрчлийн шинжээс ялгамжтай байдлаар шинэчлэн томьёолохын зэрэгцээ шинэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж, ялын төрөл, албадлагын арга хэмжээг шинэчлэн хуульчилсан.
Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр асуудлыг УИХ болон байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан нь өчигдөр дууссан. Улмаар Хууль зүйн байнгын хороогоор хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах талаар хэлэлцсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуусан. Тэрбээр, шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг сурталчлах, дүрэм журам боловсруулах талаар ямар ажил хийсэн талаар Хууль зүйн сайд болон Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлагаас асуусан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сард баталсан ч холбогдох хуулиудыг батлан эцсийн найруулга сонсч, ёсчлоогүй. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй. Холбогдох хуулиудыг баталсан бол хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд хийгдэх байсан. Тэдгээр ажлууд нь хийгдээгүй учир хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн хариуллаа.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн Эрүүгийн хууль батлагдсаны дараа гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх ажлууд хийгдэж эхэлж байсан.Гэтэл холбогдох процессын хуулиуд эцэслэн батлагдаагүйгээс тэр ажлууд зогссон гэлээ. Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт Эрүүгийн хуультай холбогдсон процессын хуулиуд батлагдаагүйгээс дүрэм журам боловсруулах, сургалт явуулах ажил зогссон гэсэн бол ШШГЕГ-ын дарга Б.Билэгт, ЦЕГ-ын дарга Р.Чингис нар процессын хуулиудыг баталсан бол хуулийг хэрэгжүүлэх бүх арга хэмжээг авч болох байсан гээд хуулийг хэрэгжүүлэх зардал 93 тэрбум төгрөгийн, нэмэлт хүн хүчний асуудлыг мөн шийдвэрлэх шаардлагатай байсан гэсэн хариултыг өгсөн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
эсэн ч Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Байнгын хороогоор дэмжигдсэн болохоор УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэнэ. Улмаар хуулийн хэрэгжих хугацааг сунгах эсэхийг эцсийн байдлаар тогтоох юм. УИХ-д олонх болсон МАН-ынхан хуулийн төслийг өргөн барьсан болохоороо олонхоороо хуулийн хэрэгжих хугацааг сунгах бололтой. Ингэснээр шинэчилсэн Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль ирэх жилийн 07-р сарын 01-ны өдрөөс хэрэгжих юм.
Зочин · 2016/08/30
nice